Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбараас 2020-2023 онд хэрэгжүүлсэн “Путины засаглалын үеийн Оросын Холбооны Улсын гадаад бодлого ба түүний Монгол Улс дахь тусгал” сэдэвт суурь судалгааны төслийн үр дүнд “ОХУ-ын гадаад бодлогын хувьсал, өөрчлөлт, түүний Монгол Улс дахь тусгал (1991-2020)” сэдэвт хамтын бүтээл хэвлэгдэн, уншигч та бүхний гарт хүрч байна. Уг бүтээлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 1999 онд сонгогдсоноос хойших 20 гаруй жилийн хугацаанд тус улсаас Азид чиглэсэн бодлого хийгээд түүний тусгал Монгол Улсад хэрхэн илэрсэн талаар авч үзжээ.
Энэхүү бүтээл дэх холбогдох бүлгүүдийг Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын судлаачид болох доктор (Ph.D) К.Дэмбэрэл, доктор (Ph.D) А.Нямдолжин, докторант Х.Мандухай, магистр Д.Туул, магистр Б.Хишигжаргал нар бичсэн ба Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайхан хянан тохиолдуулсан байна.
В.В.Путины засаглалын үеийн гадаад бодлогын онцлогийг тодруулахын тулд 1991-2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан Б.Н.Ельцины үеийн онцлог байдлыг тус бүтээлийн эхний бүлэгт авч үзсэн ба бүтээлийн агуулгад ОХУ-ын гадаад бодлогын үечлэлийг хуваахдаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг баримталсан байна. Үүний зэрэгцээ Монгол Улс, ОХУ-ын харилцаанд холбогдох гэрэл зургууд болон эрх зүйн зарим баримт бичгүүдийг уг бүтээлд хавсаргажээ.
Энэхүү судалгааны бүтээлийн шинжлэх ухааны ач холбогдол нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасны дагуу хөрш ОХУ, БНХАУ хоёр оронтой найрсаг харилцаатай байх зорилтын хүрээнд умард хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 20 гаруй жилийн хугацаанд баримталсан гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааг анхааран судалж, түүний нөлөө тусгалыг авч үзсэн нь бидний өнөөгийн зайлшгүй хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байна. Шинэ зууны эхэнд В.В.Путин өөрийн өмнөх ерөнхийлөгч Б.Н.Ельцины засаглалын үеийн ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал дахь тэргүүлэх чиглэлүүдийг илүү нарийвчлан тодорхойлсон болохыг энэхүү бүтээлд дурдсан байна.