Монгол-Хятадын харилцаанд холбогдох баримт бичгийн эмхэтгэл гаргах явдал бол ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын чухал ажлын нэг юм. Энэ хүрээнд тус салбараас урьд өмнө Монгол-Хятадын харилцаанд холбогдох баримт бичгийн эмхэтгэлийг хэдэнтээ хэвлэн нийтэлсэн билээ.
Энэ удаад Монгол Улсын Гадаад харилцааны төв архивд хадгалагдаж буй баримтуудад голлон тулгуурлаж, БНХАУ-ын төрийн зөвлөлийн албан мэдээнүүд болон хоёр улсын холбогдох албан сайтад нээлттэйгээр тавигдсан баримт мэдээллээр нөхвөрлөн Монгол, Хятадын дээд, өндөр харилцан айлчлалын үеэр хамтран гаргасан 16 улс төрийн баримт бичгийг агуулгын хувьд Төрийн тэргүүний, Засгийн газрын тэргүүний, Гадаад харилцааны сайдын харилцан айлчлалын үеэр гаргасан улс төрийн баримт бичиг хэмээн ангилж, он цагийн дарааллаар байршуулж, монгол, хятад хэлээр зэрэгцүүлэн эмхэтгэн хэвлүүллээ.
Улс төрийн баримт бичгүүд бол тухайн цаг үеийнхээ харилцааны онцлог, үе шат, хөгжил дэвшлийг тод томруунаар тусган харуулдаг түүхэн баримт бичиг байдаг тул энэхүү шинж чанарыг нь чухалчлан үзэж, Монгол, Хятадын харилцааг судлагч нарт мөн монгол, хятад хэлний орчуулгын чиглэлээр суралцагч оюутан залууст зориулан гарын авлага, хэрэглэгдэхүүн болгохын үүднээс энэхүү эмхэтгэлийг эрхлэн гаргасан болно.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний ажилтан Ш.Догмийчойдон