ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судалгааны үндсэн чиглэлд Монгол Улсын хил залгаа бүс нутгууд, тэр дундаа хилийн чанад дахь монгол угсаатны түүх, соёлын асуудлууд чухал байр суурь эзэлдэг бөгөөд эл сэдвээр цөөнгүй бүтээлийг хэвлүүлэн уншигч олонд хүргэсэн билээ.
Энэ удаад тус хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Наранжаргалын “Сибирьт цөлөгдсөн халимагууд” хэмээх судалгааны бүтээл хэвлэгдэн та бүхний гарт хүрч байна. ОУСХ-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо энэхүү бүтээлийг хянан нягталжээ.
Халимагийн ард түмэн дөрвөн зуу гаруй жил Хаант Орос улсын бүрэлдэхүүнд оршин тогтнохдоо тус улсын түүхэнд багагүй хувь нэмэр оруулсан юм. Гэвч Зөвлөлт Оросын Засгийн газраас дэлхийн II дайны үед халимагуудын нийт хүн амын 2.2 хувь нь Германы талд элсэн орсныг шалтаглан халимаг үндэстнийг бүхэлд нь идээшин суурьшиж дассан Ижил мөрний сав нутгаас нь нүүлгэж, Дундад Азиас Сахалин хүртэлх байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй газруудад цөллөгт явуулсан байдаг. Цөллөгт байх арван гурван жилийн хугацаанд халимагуудын туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү амьдрал, амссан гашуун зовлонгоос харахад уг цөллөгийг халимагуудыг бүхэлд нь устгах бодлого байсан гэж үзэж болохоор аж.
Уг бүтээлд Орос оронд тогтсон Зөвлөлт засаг нь халимагуудын үнэт зүйл, ахуй амьдрал, соёлд хэрхэн сөргөөр нөлөөлсөн, дэлхийн II дайны үед халимагуудын зарим хэсэг нь яагаад Германы талыг дагах болсон хийгээд тэдний цаашдын хувь заяа, Улаан армид байлдаж байсан халимаг дайчдын баатарлаг үйл хэрэг болоод халимагуудын цөллөгт илгээх үйл ажиллагаа хэрхэн явагдсан, улмаар тэдний цөллөгт өнгөрүүлсэн хүнд хэцүү арван гурван жилийн амьдрал болон цөллөгөөс буцан ирсний дараа хэрхэн нутаг орноо сэргээн босгосон тухай энэхүү бүтээлд өгүүлжээ.
Мөн зохиогчоос цөллөгийн үед холбогдох түүхэн гэрэл зургууд болон хөрөг зураг, зарим баримт бичгүүд, мөн халимагуудын дунд одоог хүртэл дуулагдсаар байгаа цөллөгийн тухай дуунуудаас хавсарган оруулсан байна.