“Манжич Лувсандоржийн Лувсанчүлтэм: Намтар, эрдэм судлалын үйлс” шинэ бүтээл хэвлэгдлээ
“Манжич эрдэмтэн” хэмээх олноо алдаршсан Лувсандоржийн Лувсанчүлтэм гуай бол ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ахмад үеийн нэрт эрдэмтэн, манж хэлний орчуулагч, архивын мэргэжилтэн байсан нь түүний эрдмийн бүтээлээс тодорхой харагддаг.
2024 онд Архивын ерөнхий газрын эрдэмтэн судлаач Г.Дашням, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Ц. Баатар нарын санаачилга, зүтгэлээр “Манжич Лувсандоржийн Лувсанчүлтэм: Намтар, эрдэм судлалын үйлс” шинэ бүтээл хэвлэгдэн гарсан байна. Тус бүтээл нь өргөл үг, манжич Лувсандоржийн Лувсанчүлтэмийн намтар, үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүд, дуртгал, судалгааны бүтээлүүд гэсэн 4 бүлэг зүйлээс бүрдэж байна.
Л.Лувсанчүлтэм гуай Улсын төв архив, ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажиллах хугацаандаа Манжийн үеийн архивын баримтыг нягтлан үзэж, судалгааны эргэлтэд оруулснаар дундад зууны Монголын түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Уг эмхэтгэл бүтээлд түүний бичсэн “Манж үсэг бичиг, сурвалж судлалын асуудалд”, “Эрдэмтэн Дандаагийн тухай хэдэн үг”, “1870 онд баруун аймагт гарсан ардын хөдөлгөөний тухай”, “Монголд христосын шашныг дэлгэрүүлэх гэсэн оролдлого”, “Хятадын Ихэтуаний бослого ба Монгол”, “Улиастайн цэргийн бослогын тухай архивын зарим мэдээ”, “Хар тамхины дайны тухай”, “Хятад-Японы дайн ба монголчууд” бүтээлийн тухай, “Оросын 1905 оны хувьсгал Монголд нөлөөлсөн нь” зэрэг эрдмийн бүтээлүүдийг нь сорчлон түүвэрлэж оруулжээ.
Түүний судалгааны бүтээлүүдэд XX зууны сүүл үеийн Манжийн төрийн гадаад, дотоод орчин, Монгол, Хятадын нийгмийн байдал, ардын бослого хөдөлгөөн зэрэг түүхэнд тэмдэглэгдсэн онцлог үйл явдлууд монголчуудад хэрхэн нөлөөлж байсныг манж хэлнээ буй эх сурвалжууд түшиглэн тодорхой харуулж, үнэлэлт дүгнэлт өгснөөрөө энэ чиглэлээр урд өмнө гарсан судалгааны бүтээлүүдээс ялгарах онцлогтой юм.
Үүний зэрэгцээ Лувсанчүлтэм гуай өвөрлөгч эрдэмтэн Дандаагийн бүтээлд судалгааны тайлбар зүүлт хийж байв. Ялангуяа 1968 онд хэвлэлд бэлэн болгосон “Монгол оронд нөлөөлсөн 100 жилийн доторх хэрэг явдал” хэмээх 7 хх номыг 1970 оны 1 дүгээр сард хэвлэлд шилжүүлнэ гэсэн баримт Улсын архивын хэрэг эрхлэх газрын 1970-1971 онд хэвлүүлэх ном, эмхэтгэл хэвлүүлэх ажлын төлөвлөгөөнд орсон байдаг. Харамсалтай нь эдгээр бүтээлүүд бидний үед уламжлагдан ирж чадсангүй.
Судлаач Л.Лувсанчүлтэм гуайн “Эрдэмтэн Дандаагийн тухай хэдэн үг” хэмээх өгүүлэл нь “Монгол судлал” Том-7,УБ.,1970 цуврал ботид анх нийтлэгдэж эрдэмтдийн анхааралд өртөж, энэ их эрдэмтний бүтээлүүдийг олон талаас нь судлах үйл хэргийг эрчимжихэд чухал хувь нэмэр оруулсан байна.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Нарантуяа
Бусад мэдээлэл