ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач А.Нямдолжин, Д.Шүрхүү, Н.Ариунгуа болон Буриадын Улсын Их Сургуулийн эрдэмтэн судлаач В.А.Родионов, И.Г.Актамов, И.Ц.Доржиева, Э.В.Цыремпилова, А.В.Комбаев нарын өгүүллүүдийг эмхэтгэсэн “Зөөлөн хүчний бодлого: Монгол-Оросын харилцаа” өгүүллийн эмхэтгэл 2022 онд Улаанбаатар хотноо хэвлэгдэн гарч олны хүртээл боллоо.
Монгол Улсын БШУЯ-ны ШУТС, ОХУ-ын Суурь судалгааны сангийн дэмжлэгээр 2019-2022 онд хэрэгжүүлсэн “Монгол-Оросын харилцаа. “Зөөлөн хүч”-ний бодлого” хамтарсан төслийн хүрээнд бичигдсэн уг бүтээлд зохиогчид “зөөлөн хүчний бодлого” Монгол Улсын хөгжилд хэрхэн туссан хийгээд “зөөлөн хүчний бодлого” хэмээх ойлголтод оршиж буй улс төр, геополитикийн агуулгыг нээн харуулахын зэрэгцээ Ж.Найн дэвшүүлсэн “зөөлөн хүч”-ний онолын үзэл баримтлалд олон улсын нөхцөл байдалтай уялдан гарч буй зарим нэгэн өөрчлөлт, хувьсалтыг дурдан, ОХУ-ын хэрэгжүүлж буй “зөөлөн хүч”-ний бодлого, Монгол Улсын “зөөлөн хүч”-ний бодлого явуулах боломж, Монгол-Оросын харилцаанд “зөөлөн хүч”-ний бодлогын үзүүлэх эерэг нөлөө, хоёр орны боловсролын салбар дахь харилцан нөлөөллийн мөн чанарыг тодорхойлж буй хандлага, хүчин зүйлүүдийг нээн харуулж, “зөөлөн хүч”-ний бодлого хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэрхэн илэрдэг болохыг онцлон, Оросын Монгол Улс руу чиглэсэн "зөөлөн хүч"-ний бодлогод улс төр, эдийн засаг, цэрэг армийн нөлөөллийн аргаас гадна орос хэл, боловсрол, шинжлэх ухаан, олон нийтийн мэдээлэлтэй холбоотой соёлын арга барилууд чухал ач холбогдолтой болохыг дэлгэрэнгүй өгүүлжээ.
Хамтарсан төслийн хүрээнд Монгол, Оросын харилцаан дахь “зөөлөн хүч” хэмээх ойлголтыг тандан судлах, Монгол-Оросын харилцааны асуудлын талаарх монголын болоод оросын судлаачдын үнэлгээг тодорхойлох зорилгоор Монголын болон Оросын шинжээчдийн дунд явуулсан шинжээчийн судалгааны үр дүнг боловсруулан гаргасныг хавсралтад (1) багтаан оруулсан байна. Түүнчлэн Оросоос Монголд үзүүлсэн зээл, тусламжийн жагсаалтыг гарган хавсралтаар (2) оруулжээ.
Уг бүтээл нь түүхч, улс төр судлаач, олон улсын харилцааны ажилтан, багш, их, дээд сургуулийн оюутнууд болон Монгол-Оросын харилцааны түүхийг сонирхогч хэн бүхэнд зориулжээ.
Мэдээ бэлтгэсэн: А.Нямдолжин