“Олон улс судлалын хүрээлэн: Судалгаа, ном зүй” бүтээл хэвлэгдэн гарлаа
Монгол Улс дахь олон улс судлал, олон улсын харилцааны судалгааг дагнан хэрэгжүүлэгч мэргэжлийн ууган байгууллага болох ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн 1968 онд улс орны гадаад, дотоод амаргүй нөхцөл байдлын дунд үүсэн байгуулагджээ.
Хүрээлэн өнгөрсөн хугацаанд хөгжил, төлөвшлийн хэд хэдэн үе шатыг туулж, олон улсын нэр хүнд өсөж, жилээс жилд гадаад харилцаа тэлж, судалгааны цар хүрээ өргөжин бүтээл туурвил нь арвижиж ирсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн шинжлэх ухааны нэр төртэй салбар, манай улсын олон улс судлалын гол цөм болж чадсан байна. Түүхэн хугацаанд хүрээлэнгээс Монгол Улсын төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, академич, доктор, профессор, дипломатч нар олноор төрөн гарчээ.
Тус хүрээлэнгийн эрдэмтэд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд ОХУ, БНХАУ болон АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг "гуравдагч хөрш" орнуудын судалгаа, Ази, Номхон далайн дэд бүсийн Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азийн судалгаа, НҮБ түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай тогтоосон харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг улс төр-дипломатын аргаар хангах, эдийн засаг, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэсэн суурь судалгааг хүрээлэнгийн судалгааны ажлын үндсэн чиглэл болгон стратеги төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна.
“ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдын түүхэн хугацаанд бүтээсэн суурь болон хавсарга судалгааны голлох үр дүнг нэгтгэн тоймлосон “Олон улс судлалын хүрээлэн: судалгаа, ном зүй” бүтээл хэвлэгдэн гарлаа.
Энэхүү бүтээлийн “Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа судлалын түүхэн тойм (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн жишээн дээр)” тэргүүн хэсгийг доктор, профессор Цэндийн Баатар, “Хөрш орон судлал” дэд хэсэгт багтаж буй хүрээлэнгийн түүхэн хугацаан дахь “Орос судлалын тойм”-ыг доктор Адьяагийн Нямдолжин, “Хятад судлалын тойм”-ыг доктор Дамдиндоржийн Базардорж, магистр Шараагийн Догмийчойдон, “Гуравдагч хөрш орон судлал” гутгаар хэсгийн “Ази судлал”-д багтаж буй “Япон судлалын тойм”-ыг доктор, дэд профессор Балсангийн Сэржав, магистр Ухнаагийн Загдцэсэм, “Энэтхэг судлалын тойм”-ыг доктор Ойдовын Нямдаваа, магистр Энхбаатарын Мөнхзул, “Солонгос судлалын тойм”-ыг доктор Ихбаярын Энхболд, магистр Дашдаваагийн Мягмар, Нацагдоржийн Бямбадорж, “Турк судлалын тойм”-ыг магистр Хишгээгийн Сэлэнгэ, “Вьетнам судлалын тойм”-ыг доктор Бямбаагийн Цэнгэллхам, “Лаос судлалын тойм”-ыг магистр Энхбаатарын Мөнхзул, “Зүүн өмнөд Ази судлалын тойм”-ыг доктор Бямбаагийн Цэнгэллхам, “Казахстан судлалын тойм”-ыг магистр Шугатайн Амангүл, Америк судлалд багтаж буй “АНУ судлалын тоймыг доктор, профессор Цэндийн Баатар, “Канад судлалын тойм”-ыг доктор, профессор Цэндийн Баатар, магистр Түвшинжаргалын Анударь, Европ судлалд багтах “Герман судлалын тойм”-ыг доктор Раднаасэдийн Төрдалай, “Британи судлалын тойм”-ыг доктор, дэд профессор Дашнямын Золбоо, магистр Түвшинжаргалын Анударь, “Франц судлалын тойм”-ыг доктор Лувсанвандангийн Оюунгэрэл, “Төв ба Зүүн Европ судлалын тойм”-ыг доктор, профессор Дулбаагийн Алтай, “Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлал” хэмээх дөтгөөр хэсгийг доктор, профессор Цэндийн Баатар, доктор, профессор Авирмэдийн Даваасүрэн нар тус тус хариуцан бичсэн байна.
Үүний зэрэгцээ хүрээлэнгийн түүхэн хугацаанд бүтээсэн ном зүйн жагсаалтыг энэхүү бүтээлд хамтатган оруулсан бөгөөд ингэхдээ нэгэн сэдэвт бүтээл, хамтын бүтээл, баримт бичгийн болон эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, сурталчилгааны өгүүлэл, нийтлэл зэргээр ангилан цагаан толгойн дарааллын дагуу жагсаан эмхэтгэжээ.
“Олон улс судлалын хүрээлэн: судалгаа, ном зүй” бүтээл нь хүрээлэн дэх гадаад орон судлалын концепци, түүний хувирал өөрчлөлт, үечлэл, онцлогийг нэгтгэн тоймлож харуулахыг зорьсноороо шинжлэх ухааны ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл, 2008 онд тус хүрээлэн байгуулагдсаны 40 жилийн ойгоор ШУА-аас эрхлэн гаргасан “Монгол Улсын Шинжлэх ухаан” цуврал бүтээлийн 45 дугаарт тусгайлан хэвлэгдсэн “Монгол дахь олон улс судлал” бүтээлийг 15 жилийн дараа шинэчлэн гаргаж байгаагаараа онцлог болж байна.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Догмийчойдон
Бусад мэдээлэл