Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн “Монголын Герман судлал төв”-өөс эрхлэн гаргадаг “Герман: Судалгаа, мэдээлэл” сэтгүүлийн 2021 оны шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
2020 он бол ХБНГУ-ын парламентын сонгуулийн өмнөх жил, мөн тус улс Европын Холбооны Зөвлөлийг тэргүүлсэн үе байсан ч нөгөө талаар дэлхий даяар цар тахлын аюул нүүрлэсэн жил, дэлхийн эдийн засгийн хямрал, Европын интеграцчилалд хүндхэн сорилтыг тулгаж, амжилт, сургамж давхацсан он болж өнгөрлөө.
Сэтгүүлийн эхний хэсэгт, Германы улс төр, эдийн засгийн байдал, гадаад ба аюулгүй байдлын бодлогыг судлахад Европын Холбоо, түүний аюулгүй байдлын асуудлыг цогцоор шинжлэн авч үзэх нь зүй ёсны хэрэг юм. Иймд тус сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Европын Холбооны стратегийн бие даасан байдал, тэр дундаа Германы гадаад бодлого, “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын онцлогийн тухай хэсгийг онцлон судалсан бөгөөд энэхүү хэсгийг доктор Ц.Лхам, судлаач Д.Туул нар бичжээ.
Дараагийн хэсэгт ХБНГУ-ын парламентын сонгуулийн өмнөх жилийн үйл явдалтай холбогдуулан Германы улс төрийн намуудын бодлого, Холбооны Канцлерт нэр дэвшүүлэх асуудлыг нарийвчлан авч үзсэнээс гадна тус улс Европын Холбооны Зөвлөлийг тэргүүлж ажилласан тухай, мөн Германы дотоодод өрнөж буй экстремист үйл явдлуудын талаарх хэсгийг судлаач З.Батчимэг бичсэн байна.
Төгсгөлд нь, ХБНГУ-ын монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Б.Баркманны “1990-ээд оны Монголын гадаад ба аюулгүй байдлын бодлогын тухай” эрдэм шинжилгээний томоохон өгүүллийг Д.Туул, Ц.Лхам, З.Батчимэг нар герман хэлнээс орчуулан нийтэлсэн байна.
“Герман: Судалгаа, мэдээлэл” сэтгүүлийн 2021 оны шинэ дугаарыг эрхлэн гаргахад ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.