Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Өнөөгийн хятад” сэтгүүлийн 2026 оны шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

   “Өнөөгийн Хятад” шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн 2005 оноос хойш эрхлэн гаргаж байгааг уншигч та бүхэн мэдэх билээ. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт БНХАУ-ын хөгжлийн стратеги, гадаад бодлого, эдийн засаг, уул уурхай, хууль-эрх зүй зэрэг цаг үеийн анхаарал татсан сэдвээр бичсэн нийтлэл, мэдээ, мэдээлэл, аян замын тэмдэглэл багтжээ.

   Тухайлбал, БНХАУ-ын хойд бүс нутгийн аж үйлдвэржилтийн талаар судлаач М.Эрдэнэбаярын нийтлэлд ӨМӨЗО, ШУӨЗО, Ганьсу мужийн аж үйлдвэрийн хөгжлийн онцлог, байгалийн нөөцийн давуу талд тулгуурласан аж үйлдвэрийн бүхэл бүтэн тогтолцоог бий болгож чадсан талаар, мөн эдийн засгийн хөгжлийн голлох тулгуур болж хөгжүүлсэн онцлогийн тухай дэлгэрэнгүй өгүүлж манай улсад ямар сургамж, нөлөө, туршлага үзүүлэх талаар судалгааг хийж танилцуулжээ.

   Мөн “БНХАУ-ын нүүрсний хэрэглээ, нөөц, тархалтын судалгаа” сэдэвтэй судлаач Р.Даваанямын нийтлэл уг дугаарт багтжээ. Уг нийтлэлд БНХАУ нүүрсний үйлдвэрлэлийн бүтцээ оновчтой болгох, Шэньси, Өвөр Монгол дахь орчин үеийн нүүрсний томоохон уурхай, эрчим хүчний бүтцийг хөгжүүлэх чиглэлээр барьж буй бодлого, зорилтын тухай хөндсөн байна. Мөн МУИС-ийн магистрант С.Анударь Хятадын эдийн засгийн хөгжлийн онцлогийн талаарх түүхэн тойм, өнөөгийн байдал, “Хос эргэлт” стратеги болон БНХАУ-ын худалдааны стратеги, Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны талаар нийтлэлдээ авч үзсэн байна.

   БНХАУ-ын гадаад бодлогын гол дүр Ван И-гийн намтар, үйл ажиллагааг харуулсан нийтлэлийг судлаач М.Хишигтуяа бичсэн байна. Түүний нийтлэлд, Хятадын гадаад бодлогын олон улсын харилцаанд эзлэх байр суурь, хариуцлагатай их гүрний үүргийг хэрхэн гүйцэтгэж буй болон олон туйлт дэлхий ертөнцийг байгуулах тухай Хятадын зорилго, үзэл хандлага, олон улсын дэг журмыг баримталж харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэж байгаа онцлогийн тухай танилцуулжээ.

   Сэтгүүлд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 25 дахь дээд хэмжээний уулзалтын үр дүнг шинжлэхүй сэдвээр судлаач З.Мэндийн нийтлэл хэвлэгдсэн байна. Түүний нийтлэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт 2025 оны намар Хятадын Тяньжин хотод зохион байгуулагдаж 20 гаруй баримт бичиг батлагдсаныг дурдаад үүний үр дүн, ач холбогдлын талаар дүн шинжилгээ хийжээ. Өөрөөр хэлбэл, олон туйлт дэлхийн дэг журамд чиглэсэн өөрчлөлт, шинэ бүтэц тогтолцооны талаар тоймлон өгүүлж, ШХАБ-ын өргөжилтийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж буйг шинжилжээ.

   Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлийн өрсөлдөөн дэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн асуудлын талаар ИЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш А.Хандмаа нийтлэлдээ авч үзсэн байна. Энэхүү нийтлэлээс Хятадын зах зээлийн өрсөлдөөнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжид агуулгын шинжилгээ хийх замаар зах зээлийн өрсөлдөөнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах суурь ойлголт, зах зээлд шударга өрсөлдөх эрх зүйн үндэслэлийг бусад улсын жишээн дээр харьцуулсан шинжилгээ хийснийг та бүхэн унших боломжтой.

   Хятадын хаврын баярын үеэр хүн амын шилжилт хөдөлгөөн хамгийн их идэвхэждэг. Энэ тухай ХИС-ийн докторант Д.Мөнхжаргал нийтлэлдээ авч үзжээ. Түүний бичсэнээр “Хаврын баяр”-ын үеэр Хятадад дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөн болж өнгөрдөг талаар дурджээ. Хятадын иргэд хаврын баяраар яагаад заавал нутагтаа очдог, хотжилт ихэссэнтэй холбоотойгоор энэ баярын үеэр хөдөөг зорих их хөдөлгөөний ачаалал хэрхэн нэмэгддэг талаар сонирхолтой баримтуудыг тусгажээ.

   “Цастын орон буюу Төвөдөд зорчсон тэмдэглэл”-ийг тус хүрээлэнгийн залуу судлаач С.Батдорж аян замын тэмдэглэлдээ тулгуурлан гаргажээ. БНХАУ-ын ТӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд тус орны гадаадтай харилцах албаны урилгаар Монгол, Япон, Балба, Шри Ланка, Энэтхэг, Тайланд, ОХУ, Швейцар зэрэг 8 орны 15 судлаач, сэтгүүлчдийн баг Линьжи, Лхасын чиглэлд аялж түүх соёлын дурсгалт газруудтай танилцаад ирсэн байна. Энэ хүрээн дэх аяллын сонин сайхан, судлаачдын өнцгөөс харсан замын тэмдэглэлийг та бүхэн сонирхон унших боломжтой.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний ажилтан, магистр З.Мэнд






Бусад мэдээлэл