Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2024 онд тохиож, жилийн туршид өргөн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулсан билээ.
1969 онд дипломат харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа аажмаар өргөжин тэлж, Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш олон салбарт илүү эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. Тэр дундаа хоёр орон 1996, 1997 онд харилцан ЭСЯ-аа нээж, Туркийн Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс төр, нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаа эрчимтэй хөгжсөн байна. 2000-аад оны дунд үеэс өндөр дээд хэмжээний айлчлал, төрийн байгууллага болон иргэд хоорондын харилцаа өргөжин тэлсээр 2025 онд түүх, соёлын хэлхээ холбоотой, Евроазийн бүс нутаг дахь Монгол Улсын гуравдагч хөрш орон Турк улстай харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, бүх салбарт урагшлан хөгжих нөхцөл бүрдлээ.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс ойн хүрээнд түүхэн хэлхээ холбоотой Турк улстай байгуулсан орчин цагийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан түүхэн баримт бичгүүд, нийгэм, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг голлох салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн албан ёсны гэрээ, хэлэлцээрүүдийг багтаасан баримт бичгийн эмхэтгэлийг уншигч олондоо хүргэж байна.
Энэхүү баримт бичгийн эмхэтгэлийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулж эмхэтгэсэн бөгөөд 1969 оноос хойш улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбаруудад амжилттай хэрэгжиж, хоёр талт харилцааг хөгжүүлэх, стратегийн түншлэлд хүргэсэн Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, хамтын ажиллагааны протоколуудын архивын хуулбаруудыг монгол, турк, англи хэлээр хэвлэснээс гадна бүлэг тус бүрийн өмнө хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил, ахиц, дэвшлийг онцолсон үйл явдлын хураангуйг монгол, турк хэлээр оруулж өгсөн байна.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын харилцаа: Баримт бичгийн эмхэтгэл (1969-2024)”-тэй ШУА-ийн ОУСХ-ийн номын сангаас танилцах боломжтой.
