Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Central and Eastern Europe” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
“Central and Eastern Europe” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

    Төв, Зүүн Европ судлалын Монголын Холбооны (ТЗЕСМХ) “Central and Eastern Europe” сэтгүүлийн 5 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. 

    Энэхүү тусгай дугаар нь Монгол Улс, Унгар улсын хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Монгол-Унгарын харилцаа” сэдвээр бэлтгэгдсэн ба Улаанбаатар дахь Унгарын ЭСЯ, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд олны хүртээл болов.

    2012 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн орос судлаачид, Монголын их дээд сургуулийн багш нарын оролцоотойгоор байгуулагдсан ТЗЕСМ Холбоо нь 2013 онд “Центральная и Восточная Европа” нэртэй сэтгүүлийг орос хэлээр анх гаргасан түүхтэй.  2014 оноос уг сэтгүүл олон улсын  ISSN 2409-4773 дугаар авч англи, монгол  хэлээр “Central and Eastern Europe” нэрээр гарах болж, 2 дахь дугаар нь Монгол-Польш, 2018 онд 4 дэх дугаар Монгол-Чехийн харилцаа, хамтын ажиллагаа сэдвээр хэвлэгдэн гарсан билээ. 2015 онд Монгол Улс ба Дорнод Европын Польш, Болгар, Унгар, Чехословак, Румын  улсуудтай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын  илтгэлийг эмхэтгэн 3 дахь дугаартаа гаргасан.

    “Central and Eastern Europe” сэтгүүлийн шинэ дугаарыг агуулгыг авч үзвэл Монгол-Унгарын дипломат харилцааны 70 жилийн тухай түүхэн эргэцүүлэл, хамтын ажиллагааны хөгжил, өнөө ирээдүйн тухай монголын ахмад дипломатч С.Батзана, Унгарын монголч эрдэмтэн доктор Шолт Силаги нарын сонирхолтой өгүүллүүд орсон. Унгар улс нь Европт Монгол судлалыг эрт цагаас хөгжүүлсэн уламжлалтай ба Унгар дахь Монгол судлалын тухай монголч эрдэмтэн, эдүгээ Элчин сайд доктор Борбала Обрущанскийн түүхчилсэн тойм өгүүлэл хэвлэгдэж байна. Монгол, Унгарын соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны нэгэн илрэл болсон Монгол-Унгарын археологич эрдэмтдийн хамтын ажиллагааны хөгжлийн тухай доктор Д.Эрдэнэбаатарын бэлтгэсэн сонирхолтой өгүүлэлд эрт цагт Унгарын аварчууд ба Хүннүгийн үеийн Монголчууд түүхэн хэлхээ холбоотой байсныг гэрчлэх археологийн олдвор зураг орсон байгаа. Мөн Монгол Улсаас Унгар улсад томилогдон ажилласан эрхэм Элчин сайд нар, Унгарт боловсрол эзэмшиж, эх орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа өөрсдийгөө “Унгарт төгсөгч” гэдгээрээ  бахархан хэлдэг хүмүүсийн сонирхолтой ярилцлага, дурсамжууд  багтсан.

    Сэтгүүлийн уламжлал ёсоор  тухайн улсын танилцуулгыг Унгар улсын эдийн засаг сэдвээр Монгол Улсад суугаа Унгарын ЭСЯ-наас ирүүлсэн материал, ТЗЕСМХ-ны мэдээ, мэдээллийг оруулсан болно.

    “Central and Eastern Europe” сэтгүүлийг гаргахад хамтран ажилласан Улаанбаатар дахь Унгарын ЭСЯ-ны хамт олон, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Борбала Обрущанский, ШУА-ийн ОУХХ-ийн захирал доктор Д.Золбоо, орчуулгын ажилд гар бие оролцсон хүрээлэнгийн судлаач нарт сэтгүүлийн Ерөнхий редакторын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлье.

  • Мэдээ бэлтгэсэн:

доктор, профессор Д.Алтай



Бусад мэдээлэл