ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбараас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Хятад” сэтгүүлийн 2023 оны дугаар хэвлэгдэн гарлаа. Уг сэтгүүл нь Хятад орны талаарх эрдэмтэн судлаачдын судалгаа, танин мэдэхүйн өргөн хүрээтэй баримт материал, орчуулга, ярилцлага, сонирхолтой мэдээ мэдээллийг монгол хэлээр олон нийтэд хүргэх зорилготой цуврал сэтгүүл бөгөөд Хятад судлалыг сонирхон судалдаг, Хятад улсын талаар шимтэн уншдаг хэн бүхний мэдээллийн эрэлт хэрэгцээнд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү дугаарт Хятадын эвсэлд үл нэгдэх гадаад бодлогын талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэн үгийн тайлбар, өнөө цагийн Хятадын хөгжлийн бодлогын онолч болох Ван Хунин хэмээх эрхмийн талаарх танилцуулга тойм, өнөөгийн Хятадын төрөөс санаачлан дэвшүүлж буй “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл” хэмээх онолын үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй байдлаар өгүүлж, уг онолыг задлан тодорхойлсон Даян дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилгын талаар товч танилцуулахыг зорив.
Мөн өнөөгийн Хятадын аж үйлдвэрийн хөгжлийн байдал, хурдацтай хөгжиж буй Бээжин хотын хөгжлийн зарим туршлагын талаар өгүүлснээс гадна Хятад дахь Ислам шашны тойм байдал, Монгол, Хятадын түүхэн харилцаанд холбогдох сонирхолтой нэгэн түүхэн байгууламжийн тухайд танилцуулжээ.
Өнө эртний баялаг түүх, соёлтой Хятадын ард түмний урлагийн төрөл уламжлалт хатгамлын талаар, мөн монгол оюутан сурагчдын хятад хэл сурахад гаргадаг түгээмэл алдаа, түүнийг задлан шинжилсэн нь энэхүү дугаарын бас нэг онцлог, сонирхол татахуйц хэсэг болсон байна. 2023 онд тус хүрээлэнгийн 55 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд хүрээлэнгийн хятад судлаачдын туурвисан бүтээлийн жагсаалтыг нийтэлсэн нь судлаач, оюутан, сонирхогч олонд хэрэгцээтэй гарын авлага болох болов уу хэмээн найдаж байна. Энэ удаагийн дугаарыг бүрдүүлж буй дээрх 12 өгүүлэл, нийтлэл нь Хятад орны талаар сонирхон судалдаг, шимтэн уншдаг хэн бүхний оюуны хэрэгцээнд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
“Өнөөгийн Хятад” сэтгүүлийг жил тутам тогтмол хэвлэн гаргах тул хятад судлалын чиглэлээр туурвисан судалгаа бүтээлээ нийтлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд бид үргэлж нээлттэй бөгөөд хамтран ажиллахдаа баяртай байх болно.