Монгол Улсад Энэтхэг судлалыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх нь бидэнд өнгөрсөн түүх ба эрин үеэ танин мэдэх, бодитоор үнэлж цэгнэх өргөн бололцоог олгох чухал ач холбогдолтой юм. Монгол Улс дахь Энэтхэг судлал Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнд төвлөрөн хөгжиж ирсэн уламжлалтай бөгөөд тус хүрээлэнгийн судалгааны үндсэн чиглэлийн нэг нь Энэтхэг судлал болжээ.
2025 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Гадаад харилцааны яам, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Оюун санааны болон Стратегийн түншүүд: Монгол ба Энэтхэг – дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулав.
Хурлаар хоёр улсын харилцааг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг өргөн салбарт дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэж, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийг голлон хэлэлцэв.
Тус хурлын илтгэлүүд болон холбогдох судлаачдаас ирүүлсэн өгүүллүүдийг багтаасан “Олон улс судлал – 2025: Монголын Энэтхэг судлал” эрдэм шинжилгээний эмхэтгэлийг уншигч та бүхэнд өргөн барьж байна. Энэхүү эмхэтгэл 3 бүлэг, 12 өгүүлэлтэй бөгөөд Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын ЭШАА, доктор (Ph.D), дэд профессор Б.Цэнгэллхам, ЭШДаА, магистр Э.Мөнхзул нарын “Монгол, Энэтхэгийн харилцааны түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” илтгэл үндсэн илтгэлээр орсон байна.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон “Олон улс судлал” цуврал эмхэтгэлийг эрхлэн гаргадаг бөгөөд өмнө нь “Монголын Хятад судлал”, “Монголын Орос судлал”, “Монголын Япон судлал”, “Монголын Британи судлал”, “Монголын Герман судлал” зэрэг эмхэтгэлүүдийг хэвлүүлж байсан. Энэ удаа цувралын хүрээнд “Монголын Энэтхэг судлал” эмхэтгэлийг уншигчдад хүргэж байна.