Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдмийн хамт олон “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” нэгэн сэдэвт судалгааны бүтээлийг уншигч танд өргөн барьж байна.
Энэхүү нэгэн сэдэвт бүтээлийн зохиогчоор ОУСХ-ийн ЭШАА, Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Цэнгэллхам, редактораар Академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Ц.Батбаяр, эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Я.Жаргалсайхан нар ажилласан болно. Уг нэгэн сэдэвт бүтээл нь мэндчилгээ, редакторын үг, оршил, товчилсон үгийн жагсаалт, дөрвөн бүлэг, 12 дэд бүлэг, төгсгөлийн оронд, ном зүй, нэрийн хэлхээс, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэх ба шинжлэх ухааны зохиолын үндсэн төрлийн хувьд олон улсын харилцааны шинжлэх ухааны нэгэн сэдэвт зохиол болно.
Монгол, Вьетнам хоёр орны ард түмэн бие биеэ анх мэдэх болсноос хойших он цагийн шалгуурыг даван туулж, хүнд хэцүү үед харилцан тусалж, анд нөхрийн ёсоор харилцаж ирсэн. Монгол Улс, БНСВУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг үеийн хандлагатай уялдан зохицож, шинэ агуулгаар баяжин өргөжиж байна. Иймд хоёр орны харилцааны түүхэн үйл явц, байдал, төлөвийг орчин цагт шинэ зууны эхэн үеийн шинэ онол, үзэл баримтлал, арга зүйд тулгуурлан судалж, бодитой дүгнэлт өгөх шаардлага гарч, түүх, харилцааны шинэ бичлэг хэрэгтэй болов.
Монгол-Вьетнамын уламжлалт харилцааны түүхийн үйл явцыг бодитой дүгнэх, цаашид олон улсын харилцааны шинэ дэг журамтай уялдан зохицсон, шинэ агуулгаар баяжсан, хоёр орон, ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийн илүү таатай орчин бүрдүүлэх нөөц боломжийг нээн гаргахад шинжлэх ухааны талаас дэмжлэг үзүүлэхэд энэхүү судалгааны бүтээлийн үндсэн зорилго чиглэгдэж байна.
“Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” бүтээлд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших ХХ-XXI зууны шинэ үеийн харилцаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, түүний амжилт, сургамжийг дэнслэн Монгол-Вьетнамын харилцааг шинэ шатанд гаргах, эрчимжүүлэх асуудлыг дэвшүүлэн тавьж, улс төр судлал болон бүс нутаг судлалын үүднээс хоёр талын харилцааны асуудлыг цогцоор авч үзсэн бөгөөд тус бүтээлийг хоёр орны ард түмэн, олон нийтэд харилцаа, хамтын ажиллагааны талаар бодит мэдээлэл өгөх зорилгоор эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны эргэлтэд оруулж байгаад үндсэн ач холбогдол нь оршиж байна.