Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол-Оросын харилцаа он дарааллын товчоон (1911-2021)” бүтээл хэвлэгдлээ
Alternate Text


    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан  Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн хамтран “Монгол Оросын харилцааны он дарааллын товчоон: 1911-2021” бүтээлийг бэлтгэн хэвлүүлжээ.

    Энэ өдрөөс нэгэн зууны тэртээ 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу Монголын цаг тооллоор Олноо өргөгдсөний 11 оны намрын адаг сар буюу 10 дахь сарын шинийн 6-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”-т Монголын талаас МАН-ын дарга, Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан, Цэргийн яамны тэргүүн сайд Д.Сүхбаатар, Гадаад яамны эрхэлсэн түшмэл Б.Цэрэндорж, Богд хааны бие төлөөлөгч Жонон ван Ширнэндамдин нар, Зөвлөлт Орос Улсын талаас ЗСБНХОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Дорнодахины хэлтсийн дарга Сергей Иванович Духовский, тус хэлтсийн ажилтан Борис Филиппович Гец нар Москвад гарын үсэг зурсан түүхтэй. 

    Монгол Улс, ОХУ-ын шинэ үеийн харилцааны нэгэн зууны түүхийг эмхэтгэн товчоолсон уг бүтээлд 1861 онд Монголд Оросын консулын газар нээгдсэнээс хойш эдүгээ хүртэлх хоёр улсын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарын гол үйл явдлуудыг он цагийн дарааллын дагуу хамруулахыг хичээсэн болно. Тухайлбал, 1861 онд Монголд Оросын эзэнт гүрний Консулын газар байгуулсан, Монголын нутгаар аялсан Н.Пржевальский, М.Позднеев зэрэг Оросын газар зүй, шинжлэх ухааны алдартай эрдэмтдийн туурвисан ном бүтээлийн тухай, 1912 онд Монгол Улсын Засгийн газар Оросын эзэнт гүрний Засгийн газартай байгуулсан Найрамдлын гэрээ, хоёр улсын хооронд байгуулсан 1921, 1936, 1946 оны гэрээ, хоёр улсын дээд хэмжээний айлчлалууд, дэлхийн II дайныг даван туулах үйл явц, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулсан зэрэг үйл явдлууд, 1990 оноос хойших хоёр орны шинэ үеийн харилцааны бүхий л үйл явдлуудыг багтаахыг хичээжээ.

    Өмнө нь Монгол-Зөвлөлтийн харилцаа, Монгол-Оросын харилцааны талаар хэд хэдэн ном бүтээл хэвлэгдсэн боловч зуун жилийн ойд зориулсан түүхийн он дарааллын товчоон бол хоёр улсын харилцааг иж бүрэн харуулсан түүхийн лавлах болж буй хэмээн найдаж байна. Энэхүү хамтын бүтээлийг эмхэтгэхэд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, ГХЯ-ны ажилтнууд оролцон ажилласан болно.

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцааны он дарааллын товчоон: 1911-2021” бүтээлийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны захиалгаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс эрхлэн бэлтгэж, "Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит үйлдвэрийн газар, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн байна.

  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, 
  • шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан




Бусад мэдээлэл