Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинэ хамтын бүтээл хэвлэгдлээ
Шинэ хамтын бүтээл хэвлэгдлээ

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэмтдээс МУИС, холбогдох мэргэжлийн байгууллагын багш, судлаач нартай хамтран хэрэгжүүлсэн сүүлийн үеийн судалгааны үр дүн болох “Гадаад худалдаа дахь тарифын болон тарифын бус зохицуулалт” сэдэвт хамтын бүтээл хэвлэгдлээ. Уг бүтээл нь өмнөх үг, удиртгал, товчилсон үгсийн жагсаалт, үндсэн 7 бүлэг, 38 зүйл, нэгдсэн дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан ном зүй, хавсралт, нэрийн хэлхээнээс бүрдэх хэвлэлийн 15,3 хуудас бүхий  бүтээл болжээ.   

    Номыг бүтээх багийг эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор А.Даваасүрэн ахлан ажиллаж, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн профессор, доктор (Ph.D), ахмад дипломатч Б.Санжмятав, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн профессор, доктор (Ph.D) Н.Отгонсайхан, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш магистр (M.A) Р.Шарбанди, Гаалийн Ерөнхий газрын гаалийн улсын байцаагч доктор (Ph.D), дэд профессор Д.Цэндсүрэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) И.Энхболд нарын баг хамт оролцон ажилласан байна.

    Бүтээлийн агуулга, эрдэм шинжилгээний зарим онцлох дүгнэлтээс дурдвал, Монгол Улсад өнөөдөр ДХБ-ын худалдааны олон талт хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллах зарим бүтэц байхгүй байгааг дурдаад худалдааны нэгдсэн бодлогогүй, салбар хоорондын ажлын уялдаагүй, олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй явж ирсэн хэмээн онцолж хэд хэдэн санал, зөвлөмжүүдийг гаргасан байна. Үүнд:

  1. Монгол Улсын хуулийн дагуу ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байх ба гол төлөв дээр заасан нэн тааламжтай тариф хэрэглэх орнуудаас бараа импортолж байгаа ч барааны гарал үүслийг нотолж чадахгүй тохиолдлоос болж ердийн тариф хэрэглэх тохиолдлууд байна. Мөн ДХБ-д элсээд 25 орчим жил болж буй боловч дотоодын үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх эрхзүйн орчин, бодлого, зохицуулалт тодорхойгүй байгаа талаар дүгнэлт гаргажээ.
  2. Монгол Улс стратегийн хүнс болон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортод хориг, хязгаарлалт тогтоодгийг эс тооцвол гадаад худалдааг тарифаар голчлон зохицуулж Монгол Улсын хэрэгжүүлж буй тарифын бус зохицуулалтын тоо, хамрах хүрээг дэлхийн бусад улс орны статистиктай харьцуулахад эрс бага буюу хангалтгүй түвшинд байна гэж үзсэн байна.
  3. Монгол Улс хөгжиж буй орны хувьд 1991 оноос Хөнгөлөлтийн Ерөнхий Системд хамрагдаж, импортын гаалийн тарифын хөнгөлөлт эдэлж байсан ч тус улсаас экспортолсон ихэнх гол нэрийн бараа нь гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаагүй юм гээд төрөөс нэгдсэн бодлого баримтлах ажил дутагдалтай байснаас 2005 оноос олон үйлдвэрүүд хаалгаа барьсан байдгийг дүгнэж  санал, зөвлөмжүүдийг гаргажээ.
  4. Монгол Улс нь далайд гарцгүй эдийн засгийн хөгжлөөр сул дорой орны хувьд гадаад худалдаанаас үлэмж хамааралтай. Иймээс гол түнш болсон хөрш орнуудын гадаад худалдааны бодлого, чиглэл, тээврийн дэд бүтцийн чиг хандлага, хөгжилтэй уялдуулах, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага буйг дурдаад ОХУ, БНХАУ-тай Засгийн газрын хооронд худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлээр байгуулсан гэрээ хэлэлцээр, санамж бичгийн давхардлыг арилгах зэрэг асуудлаар шинэлэг санал, зөвлөмжүүдийг гаргасан байна.
  5. ДХБ-ын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 оноос хэрэгжиж эхэлсэн нь хөрш орнуудын хувьд бүрэн хэрэгжиж байхад Монгол Улсын хэрэгжилт 56,3 хувьтай байгаа нь цаашид асуудалд уялдаатай, нухацтай хандах шаардлага гарч буйг зөвлөмж болгон дэвшүүлсэн байна.

    Уг хамтын бүтээлийн эрдэм шинжилгээний практик ач холбогдол, гол онцлог нь ДХБ-ын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг, авсан амлалтын хүрээнд импортын гаалийн тарифын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг, гадаад худалдааны бодлого зохицуулалт үр дүн багатай буйг онол, практикийн талаас нь нэгтгэн үнэлэлт дүгнэлт өгсөнд оршиж байна.

Мэдээ бэлтгэсэн: Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр З.Мэнд



Бусад мэдээлэл