Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Өнөөгийн хятад” шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
“Өнөөгийн хятад” шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “Өнөөгийн Хятад” сэтгүүлийг 2005-2012 онд эрхлэн гаргаж байгаад сүүлийн 10 гаруй жил зарим хүчин зүйлийн улмаас тасраад байсан юм. Хүрээлэнгийн харьяа судалгааны төв, нийгэмлэгийн сэтгүүлүүдийг дэмжин ажиллах хүрээнд Эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу 2022 оноос тус сэтгүүлийг сэргээн гаргахаар тогтож, сүүлийн үеийн олон улсын сэтгүүлийн стандарт, нийтлэлийн бодлогод нийцүүлэн агуулга, өнгө төрхийг нь сайжруулан шинэчилснээр ийнхүү уншигчдын гарт хүрч байна.  

    Уг сэтгүүл нь Хятад орны талаарх эрдэмтэн судлаачдын судалгаа, танин мэдэхүйн өргөн хүрээтэй баримт материал, орчуулга, ярилцлага, сонирхолтой мэдээ мэдээллийг монгол хэлээр олон нийтэд хүргэх зорилготой цуврал сэтгүүл бөгөөд Хятад судлалыг сонирхон судалдаг, Хятад улсын талаар шимтэн уншдаг хэн бүхний мэдээллийн эрэлт хэрэгцээнд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

    Энэ удаагийн дугаар нь ХКН ба удирдагчид, Хятадын хөгжлийн стратеги, Монгол-Хятадын харилцаа, Өнөөгийн Хятад орон гэсэн дөрвөн үндсэн  сэдвийн дор БНХАУ-ын хөгжлийн замнал, хөгжлийн стратеги, хүрээлэн буй орчны хамгаалалт, ногоон хөгжлийн бодлого, боловсрол, аяллын тэмдэглэл, шинэ технологи зэрэг чиглэлд хамаарах нэр бүхий 13 судлаачийн сонирхолтой өгүүлэл, нийтлэл, мэдээ мэдээллээс бүрдэж байна.

    Манай сэтгүүлийн өмнөх болон шинэ дугаарыг хүрээлэнгийн мэдээллийн цахим сан болох http://mori.ac.mn/handle/20.500.12989/1776 хаягаар хандан үзэж, ашиглах бүрэн боломжтой гэдгийг Та бүхэнд дуулгахдаа таатай байна.

    Түүнчлэн манай сэтгүүлийн дараагийн дугаарт хятад судлалын чиглэлээр туурвисан судалгаа бүтээлээ нийтлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд бид үргэлж нээлттэй бөгөөд хамтран ажиллахдаа баяртай байх болно.

  • Мэдээ бэлтгэсэн: А.Номин, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
  • Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан




Бусад мэдээлэл