Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Дотоод Монгол хэмээх бичиг" хэвлэгдэн гаргав

   “Дотоод Монгол хэмээх бичиг” сурвалж бичгийг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбараас эрхлэн, монгол бичгээс кирилл монгол үсэгт буулган, оршил бичиж, 520 гаруй тайлбар, зүүлт хийж олны хүртээл болгон өргөн барьж байна. Уг сурвалж бичгийг ХХ зууны эхэн үеийн Өвөр Монголын улс төр, нийгмийн зүтгэлтэн, Зостын чуулганы Харчин баруун хошууны харьяат, бичгийн хүн Алтан-Очир бээр 1928 онд Улаанбаатар хотноо сууж байхдаа бичиж дуусгасан нь өдгөө Монголын үндэсний номын санд цахим ба цаасан суурьтайгаар хадгалагдаж байна.

   Уг сурвалж бичиг бол XX зууны 20-иод оны үеийн Өвөр Монголын нөхцөл байдлыг өргөн хүрээнд хамруулан тайлбарлахыг оролдсон бүрэн хэмжээний томоохон бүтээл болохыг онцолж байна.

   Энэхүү сурвалж бичигт Өвөр Монгол дахь хятадуудын асуудалд анхаарал хандуулж, Монгол Улсын түүх бичлэгт тэр бүр дурдагдаад байдаггүй зарим зүйлийг өргөн хүрээнд хөнджээ. Тухайлбал, Өвөр Монголын нутагт түрэн орж тариалан суусан хятадуудыг засаглахтай холбогдуулан Манж Чин гүрэн, хожим Дундад иргэн улсаас хэрэгжүүлсэн бодлого, түүний өөрчлөлт хувиралт, улмаар уугуул суугуул ард түмэн хоорондын зөрчил тэмцэл, түүнээс үүдсэн мөргөлдөөний хурц хэлбэрүүд тодорхой тусгагджээ. Мөн Өвөр Монголын тухайн цагийн зарим түүхэн зүтгэлтний үйл хэрэгт үнэлэлт өгч, олон сонирхолтой мэдээг тэмдэглэсний зэрэгцээ ДИУ-аас Өвөр Монголыг засаглан барих бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлсэн үйлдлүүд, Монголын асуудлыг эрхлэх төрийн төв байгууллага, Өвөр Монголд суулгасан төлөөний байгууллага, албан тушаалтан, дарангуй цэрэг, тэдгээрийн эрхлэх ажил үүрэг, эрх мэдлийн хуваарилалт, зохицуулалт зэргийг дэлгэрэнгүй тоочин өгүүлсэн байна. Ялангуяа Орос-Хятадын банк, Дайчин улсын банк зэрэг санхүүгийн байгууллагууд Өвөр Монголд хэрхэн ажиллаж байсан тухайд дурдахын зэрэгцээ ХХ зууны эхээр Өвөр Монголд гарсан засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, хөдөлгөөний тухайд өргөн хүрээнд хөнджээ.

   “Дотоод Монгол хэмээх бичиг” хэдийгээр тухайн цагийн Өвөр Монголын түүх, нийгэм-эдийн засаг, угсаатан ба газарзүйн асуудалд төвлөрөн бичигдсэн ч ерөнхий агуулгаараа Хятад орон судлал, Монгол-Хятадын харилцааны түүхэн асуудлууд, Монгол дахь Хятадын ашиг сонирхлыг тодлон судлахад чухал хэрэглэгдэхүүн болох үнэ цэнтэй эх сурвалж юм.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж





Бусад мэдээлэл