Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор (Ph.D) Б.Цэнгэллхам болон судлаач, доктор (Ph.D) А.Батсайхан, судлаач магистр (МА) Д.Алтантуяа нарын хамтын бүтээл хэвлэгдэн гарлаа.
2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг манай хоёр улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдууд зэрэг холбогдох газрууд хамтран зохион байгуулж, өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хүрээнд “Монгол, Лаосын харилцааны 60 жил” сэдэвт эрдэм шинжилгээний симпозиумыг зохион байгуулсан бөгөөд тус ойд зориулсан бүтээл 2023 онд хэвлэгдэн, уншигч та бүхний гарт хүрч байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улс (БНАЛАУ)-тай эртний түүхэн харилцаатай орнуудын нэг. Манай хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалыг тогтмол зохион байгуулж, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн баялаг түүхтэй. Орчин цагийн бүс нутгийн хамтын ажиллагааны тэргүүлэгч байгууллагуудын нэг АСЕАН-ы гишүүн БНАЛАУ-ыг манай улс Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд эдүгээ Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Бие биеэ дэмжсэн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим”-аар улам бүр өргөжин бэхжиж байна.
Энэ ч утгаараа уламжлалт түүхэн харилцаатай хоёр улсын харилцаа XXI зуун гарснаар орчин үед шинэ агуулгаар баяжин хөгжиж байгаа бөгөөд цаашид ч энэ харилцааг гүнзгийрүүлэн судлах, дэлгэрүүлэх, танин мэдэх шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна.
“Монгол, Лаосын харилцааны нэгэн жаран” хэмээх уг бүтээлд Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, Монголын төр засаг, ард түмний тусламж, Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш түүхтэй холбоотой зарим эрхмийн дурсамжууд, 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын мэндчилгээ, илтгэлүүд багтсан бөгөөд Монгол, Лаосын харилцааны товчоон, харилцааны эрх зүйн зарим баримт бичгүүд, БНАЛАУ-ын тухай товч лавлах зэргийг хавсаргасан болно.
Та бүхний гарт өргөн барьж буй “Монгол, Лаосын харилцааны нэгэн жаран” хэмээх энэхүү бэсрэг бүтээл хоёр орны харилцааны талаар манайд хэвлэгдэж буй анхдагч бүтээл болж буйн хувьд ач холбогдолтой төдийгүй тус сэдэвт сонирхолтой хүн бүрд нээлттэйгээр хүрч, цаашид гүнзгийрүүлэн судалгаа хийхэд дөхөм болно хэмээн найдаж байна.