Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Орос-Монголын харилцааны нэвтэрхий толь бичиг XVII зууны эхний хагас-XXI зуун” сэдэвт хамтын бүтээлийн нэгдүгээр боть хэвлэгдэн гарлаа

   Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Орос-Монголын харилцааны нэвтэрхий толь бичиг. XVII зууны эхний хагас-XXI зуун” сэдэвт 3 боть хамтын бүтээлийн нэгдүгээр боть хэвлэгдэн уншигч та бүхний гарт хүрч байна.
   Уг нэвтэрхий толь бичигт Монголын эзэнт гүрний дараах Орос-Монголын харилцаа, Хаант Оросын Монголын талаарх бодлого, чиглэл, байр суурь, XIX зууны хоёрдугаар хагасаас Монгол оронд Оросын худалдаа, эдийн засаг, улс төр, соёлын харилцаа нэвтрэн идэвхэжсэн үеэс эхлэн ХХ зууны эхэн үеийн Монгол орны нөхцөл, гадаад орчинд бүрдсэн олон улсын улс төр, эрх зүйн бодит байдал, ЗХУ тэргүүтэй коммунист дэглэмийн үе, дэлхий даяараа хоёр туйлт ертөнцөд хуваагдаж байсан он жилүүд, ЗХУ-ын Монголд үзүүлсэн тусламж, их бүтээн байгуулалт, хүн төрөлхтний хөгжлийн түгээмэл хандлага болсон ардчилал, зах зээлийн замаар замнасан үеийн үйл явдлууд зэрэг хоёр орны харилцааны түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн Орос, Монголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн намтрыг багтаажээ. Монгол, Оросын эрдэмтэн судлаачдын “Орос-Монголын харилцааны нэвтэрхий толь бичиг” хамтарсан төслийн үр дүнд хэвлэгдэж буй энэхүү цуврал ботиуд нь нэвтэрхий толь бичиг хэлбэрээр анхлан судалж, ил болгосон архивын материал дээр тулгуурлан хоёр улсын харилцааны хөгжлийн түүх, цаашдын төлөвийн талаар өргөн хүрээтэй мэдээллийг уншигч Танд өгөх болно.
   Энэхүү бүтээлд Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болох А.Нямдолжин, Д.Шүрхүү, Д.Алтай, О.Батсайхан, Ж.Орхон, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн судлаачид болох Е.В.Бойкова, М.И.Гольман, В.В.Грайворонский, Байгалийн улсын их сургуулийн судлаач Ю.В.Кузьмин, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн судлаач В.А.Родионов, Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн судлаач Р.Т.Сабиров нар оролцож, Монголын талаас доктор /Ph.D/ А.Нямдолжин, Оросын талаас түүхийн ухааны доктор Е.В.Бойкова нар хариуцлагатай редактораар ажиллан бүтээлийг хянан тохиолдуулсан болно.
   Уг нэвтэрхий толь бичиг нь монгол судлаач, түүхч, олон улсын харилцааны мэргэжилтэн, улс төрч, багш, их, дээд сургуулийн оюутнууд, Монгол-Оросын харилцааны түүхийг сонирхогч хэн бүхэнд гарын авлага болохуйц өгөөжтэй бүтээл болжээ.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын 
эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Нямдолжин






Бусад мэдээлэл