ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс 44 дэх жилдээ тасралтгүй эрхлэн гаргаж буй “Олон улс судлал” сэтгүүл нь Монгол Улсад гадаад орон судлал, олон улсын харилцааны чиглэлээр хэвлэгдэн гардаг мэргэжлийн сэтгүүлүүд дундаас мэргэжлийн хянан магадлагаа хийдэг, эрдэм шинжилгээний бүтээлийн олон улсын нэгдсэн DOI (Digital Object Identifier System) дугаарыг олгодог салбартаа анхдагч эрдэм шинжилгээний сэтгүүл болсноороо хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Редакцын зөвлөл бахархдаг юм.
2012 оноос эхлэн “Олон улс судлал” нэрээр хэвлэгдэн гарсан сэтгүүлийн цахим хувилбарыг дэлхийн өнцөг булан бүрээс нийтдээ 150 мянга гаруй удаа хандаж, татаж авсан статистик үзүүлэлт нь манай сэтгүүлийн нэр хүнд, мэргэжлийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг илтгэж байна.
Энэ удаагийн 112 дахь дугаарт гадаад харилцааны мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, их сургуулийн багш, докторант зэрэг дотоод, гадаадын судлаачдын бичсэн 10 өгүүллийг эрхэм уншигч Таны гарт бид өргөн барьж байна.
Эрдэм шинжилгээний өгүүллүүд нь Монгол-Олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хийгээд Монгол-Хятадын харилцаа, харилцааны түүх, ОХУ, БНХАУ-ын дотоод асуудал, цар тахлын үеийн улс орнуудын нөхцөл байдал, Монгол Улсын гадаад харилцаанд холбогдох асуудал, гадаадын монголч эрдэмтний судалгаа зэргийг хөндөн бичигджээ. Мөн номын шүүмж, 2 шинэ номын танилцуулга багтав.
Редакцын зүгээс энэ удаагийн дугаарт профессор Д.Баярхүүгийн “Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлого, түүний онцлог” тойм өгүүллийг онцолж байна. Мөн Монгол Улсын гадаад харилцааны түүхийн судалгаанд холбогдох 2 өгүүллийн нэг нь ХХ зууны манай түүхийн чухал цэг болох НҮБ-ын гишүүнчлэлийн талаар академич Ц.Батбаярын “НҮБ-д Монголын асуудлыг хэлэлцсэн нь (1946-1961 он): БНМАУ-ын гишүүнчлэлийн асуудлаарх ЗХУ, АНУ-ын байр суурийн хувьсал өөрчлөлт” өгүүлэлд “Хүйтэн дайн”-ы нөхцөлд НҮБ дахь Монголын асуудлаар ЗХУ, АНУ зэрэг их гүрнүүдийн байр суурь, тэдний зөрчил, сөргөлдөөн, эвлэрлийн уялдаа холбоог хэрхэн авч үзсэн талаар өгүүлжээ. Судлаач Бөхөөгийн “Социализмын үеийн Монгол, Хятадын түүх судлалын харилцаа: Ойлголцол ба зөрчил (1950-иад он)” судалгааны өгүүлэлд БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны дараах 10 орчим жилийн хугацаанд хоёр улс социалист орнуудын хувиар түүхэн материализмын онол хийгээд пролетарийн интернационализмын зарчмыг үзэл баримтлал болгосон ойлголцлын үндсэн дээр хамтран түүх судлалыг хөгжүүлэх гэсэн оролдлогын тухайд тусгайлан авч үзсэн байна.
Түүнчлэн хоёр орны орчин цагийн харилцаанд холбогдох “Монгол-Хятадын хилийн Сүмбэр-Рашаан боомт: Өнөөгийн байдал, хөгжлийн боломж” өгүүлэлд доктор Алтан, Д.Базардорж нар хоёр улсын хилийн боомтын өнөөгийн байдал, хөгжлийн төлөв хандлага ба төр засаг болон орон нутгаас баримталж буй хөгжлийн бодлогын уялдаа холбоо, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулж, цаашид сайжруулах талаарх судлаачийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тус хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Эрдэнэбаяр 2021 оны 3 дугаар сард Хятадын төрөөс 2035 он хүртэлх урт хугацааны зорилтыг багтаасан 2021-2025 онд үндэсний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөөг шинжилсэн “БНХАУ-ын шинэ таван жилийн төлөвлөгөө, эдийн засгийн бодлогын өөрчлөлт” өгүүллийг Та бүхэн сонирхох боломжтой. Уг төлөвлөгөө эдийн засгийн нийт хэмжээ болон нэг хүнд ногдох дундаж орлогоо дунд зэргийн хөгжингүй орнуудын түвшинд хүргэх, технологийн хүчирхэг улс болох голлох зорилт тавьсан тухай, шинэ таван жилийн төлөвлөгөө нь хос эргэлт, технологийн хувьд биеэ даах, үйлдвэрлэлийн хангамжийн сүлжээг бэхжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг стратеги хэрэгжүүлэх бөгөөд өрхүүдийн орлого хангалттай өндөр бус, нөөц ашиглалтын үр өгөөж тааруу, цар тахал, Хятад-Америкийн сөргөлдөөн зэрэг багагүй сорилт тулгарч буй Монгол Улсын хувьд, нэг талаас эдийн засгаа хурдтай өсгөх боломж нэмэгдэх боловч, нөгөө талаас санхүү, үйлдвэрлэл, технологиор нэг улсаас хараат болох эрсдэл нэмэгдэх талаар тодорхойлон дурджээ.
Мөн тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан, БНХАУ-ын Фуданий их сургуулийн докторант Х.Сэлэнгэ "Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломж, тулгарч буй сорилт (Эрчим хүчний салбарын жишээн дээр)" өгүүлэлдээ хүлэмжийн хийг бууруулахад манай улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй гол гол асуудлыг хөндөж цаашид авч хэрэгжүүлэх боломж, гаргалгааг тодорхойлохыг зорьж, тогтвортой хөгжил, бага нүүрстөрөгчийн эдийн засагт шилжих, эрчим хүчний бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх бусад судалгаанд хувь нэмэр оруулахад чиглүүлжээ.
Умард хөрш судлалын хүрээнд манай хүрээлэнгийн залуу судлаач, магистр Д.Туул "ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад нөлөөлсөн хүчин зүйлс, Үндсэн хуульд тусгалаа олсон байдал" өгүүлэлдээ Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн сүүлийн өөрчлөлт Үндсэн хуульд бодитоор хэрхэн тусгалаа олсныг авч үзэхээс гадна ОХУ-ын улс төр, засаглалын тогтолцоо, хүн ам, нийгмийн харилцаанд тусах нөлөөг Оросын болон барууны улс төр, эрх зүйн чиглэлийн судлаачид хэрхэн тайлбарлаж буйг харьцуулан үзэж судлаачийн зүгээс дүгнэхийг зорьсон байна.
Түүнчлэн, Монгол Улсын “гуравдагч хөрш” орны нэг АНУ-ын гадаад бодлогын асуудлыг хөндсөн "Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд Америк-Оросын харилцаанд гарч болзошгүй өөрчлөлтийг шинжлэх нь" хэмээх докторант Ц.Буянцогтоо, генерал О.Үржин нарын өгүүлэл багтаж байна. Энэхүү стратегийн хүрээнд Америк-Оросын харилцаанд гарч болзошгүй өөрчлөлтийн талаар олон улсын харилцааны реализмын онол, геополитик, стратеги судлалын онолд тулгуурлан сонирхолтой шинжилгээ хийснийг үзэж танилцана уу.
Сэтгүүлийн дугаарын цахим хувилбартай https://www.mongoliajol.info/index.php/JIS/issue/view/158 хаягаар танилцана уу.