Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол, Канадын хөгжлийн түншлэл” шинэ бүтээл хэвлэгдлээ
“Монгол, Канадын хөгжлийн түншлэл” шинэ бүтээл хэвлэгдлээ

    Монгол,  Канадын хооронд өдгөөгөөс хагас зууны тэртээ буюу  1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон  түүхтэй. Тухайн үед Монгол Улс социалист системийн хүрээнд гадаад бодлого, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байсан ч Канад Улс нийгмийн байгуулал, үзэл суртлын хөшгийг үл харгалзан БНМАУ-тай албан ёсны харилцаа тогтоосон Умард Америкийн өндөр хөгжилтэй анхны орон болсон түүхтэй. Энэ түүхэн ойд зориулж ШУА-ийн Олон  улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Баатар уг бүтээлийг бичиж хэвлүүлсэн байна.

    Ц.Баатар доктор бүтээлдээ Канад Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн  чиг хандлага, ногоон хөгжлийн бодлого, зорилтууд, Канадын гадаад бодлогын шинэ үзэл баримтлал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг тоймлон авч үзсэний зэрэгцээ Монгол, Канадын харилцаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд өрнөн хөгжиж улмаар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинд хүрч улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон батлан хамгаалах салбарыг хамран тэлэн өргөжиж, холын Канад орон монголчуудын ойрын гуравдагч хөрш, хөгжил дэвшлийн нэгэн хөшүүрэг болсоор ирснийг холбогдох эх сурвалж, баримт түшин өгүүлжээ.

    Уг бүтээлд 1990 оноос хойш Канад Улсаас Монгол Улсад нийт 10.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг геологи, уул уурхай, худалдаа, нийтийн хоол, банк, санхүүгийн салбарт оруулсан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар тэргүүлэх орнуудын нэг болж ирснийг тэмдэглээд, түнш орны хувьд хөгжлийн олон талт тусламж дэмжлэг үзүүлэх, олон улсад стандарт  болгон хэрэгжүүлж ирсэн хариуцлагатай уул уурхайн менежментийн тогтолцоог Монголд нутагшуулж, зөв голдиролд нь оруулах, Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохирсон ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй авч үзжээ.

    Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй уул уурхай, ногоон барилгыг хөгжүүлэх, уур амьсгалд тэсвэртэй газар тариалан хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулах чиглэлд иж бүрэн стратегийн түвшинд улам бүр өрнөн хөгжих нь дамжиггүй хэмээн тэр бээр дүгнэсэн байна.

    Зохиогч номынхоо хавсралтын хэсэгт өнгөрсөн хугацаанд  Монгол, Канадын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны гүүр болж ирсэн хоёр талын Элчин сайд нарын дурсамж, тэмдэглэл, нийтлэл, тэдний тогтмол хэвлэлд өгсөн ярилцлага болон Монголоос Канадад, Канадаас Монголд ажиллаж амьдарч буй иргэдийн төлөөллөөс хэвлэлд өгсөн ярилцлагууд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд холбогдолтой баримтуудыг холбогдох эх сурвалжаас түүвэрлэн эмхэтгэж оруулсан нь Монголын Канад судлалд нэгэн шинэ хуудас нэмсэн чухал ач холбогдолтой бүтээл болсныг харуулж байна.

  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын
  • салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Нарантуяа


Бусад мэдээлэл