Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Олон улс судлал-2022: Монголын Япон судлал” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
“Олон улс судлал-2022: Монголын Япон судлал” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн 2000 оноос Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, санал дүгнэлтээ солилцох байдлаар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байсан билээ. Энэ уламжлалаа сэргээж 2020 онд “Монголын Хятад судлал”, 2021 онд “Монголын Орос судлал” эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулж, хурлын эмхэтгэлийг хэвлүүлэн гаргасан.    

    Өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Олон улс судлал-2022: Монголын Япон судлал” сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд хуралд оролцсон эрдэмтэн судлаачид Монгол-Японы харилцаа, япон хэл, орон судлал, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засаг, боловсрол, гүн ухаан зэрэг өргөн сэдвийн хүрээнд нийгмийн олон чухал асуудалд хандсан 10 гаруй илтгэл тавьж, Монгол Улсад Япон судлалыг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж судалгааны үнэтэй санал, дүгнэлт дэвшүүлж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлснийг бүрнээр эмхэтгэн гаргалаа.    

    Энэхүү эмхэтгэлээс ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, доктор (Ph.D) Б.Сэржав, эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант У.Загдцэсэм “Олон улс судлалын хүрээлэнгийн Япон судлалын судалгааны чиглэл: Уламжлал, шинэчлэл” үндсэн илтгэл, мөн ХИС-ийн ОУХНСС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Уламбаяр “Японы “хөөж гүйцэх, гүйцэж түрүүлэх” эдийн засгийн философи ба Монгол Улс: Судалгаа, дүн шинжилгээ”, Доктор (Ph.D) П.Наранбаяр “Японы Мэйжигийн үеийн гадаад бодлого”, МУИС-ийн ШУС, ХУС-ийн багш, доктор (Ph.D) С.Баттулга “Японы “Resilience”: Ковид-19 цар тахлын сургамж”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа “Монгол дахь Японы философийн судалгааны тойм”, Монголын Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, стратегийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Н.Доржсүрэн “Японы улс төр, аюулгүй байдлын бодлого 2023 онд”, МУИС-ийн багш, доктор (Ph.D) С.Туул, МУИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг “Японы дээд боловсролын онцлог ба зарим асуудал”, Зэвсэгт хүчний 311-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Х.Хишигсүрэн “Монгол, Японы батлан хамгаалах салбарын харилцаа: Өнөөгийн байдал, цаашдын хандлага” зэрэг япон судлалын чиглэлээр дагнан судалгаа хийдэг салбарын эрдэмтэн, судлаачдын илтгэл, өгүүллүүдтэй танилцах боломжтой юм.   


  •                 Мэдээ бэлтгэсэн: Гуравдагч хөрш орон судлалын салбарын
  • эрдэм шинжилгээний ажилтан А.Сосорбурам




      Бусад мэдээлэл