Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монголын Эзэнт гүрэн ба Их Вьет улсын харилцаа” нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдлээ
“Монголын Эзэнт гүрэн ба Их Вьет улсын харилцаа” нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдлээ

    Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын ЭШАА, доктор (Ph.D) Бямбаагийн Цэнгэллхамын “Монголын эзэнт гүрэн ба Их Вьет улсын харилцаа” 221 тал бүхий нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа.

    Тус бүтээл нь өмнөх үг, нийт 4 бүлэг, төгсгөлийн оронд, ном зүй, галигласан үгийн жагсаалт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд судалгааны ажлын зөвлөх, редактораар олон улсын харилцааны түүх судлаач, эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Янсангийн Жаргалсайхан ажиллаж, Өмнөх үгийг Чингис Хаан музейн захирал, академич, доктор, профессор Сампилдондовын Чулуун бичжээ.

    БШУЯ-ны дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэг, санхүүжилтээр 2022 онд хэрэгжүүлсэн “XIII-XIV зууны Монголын эзэнт гүрэн ба Их Вьет улсын харилцааны сурвалж бичгийн судалгаа” төслийн хүрээнд энэхүү бүтээлийг хэвлүүлсэн байна.

    Монгол-Вьетнамын харилцаа нь өнө эртний түүхэн улбаатай бөгөөд хоёр улсын харилцаа ХХI зуунд шинэ агуулгаар өргөжин хөгжсөөр байна. Үүнд эртний харилцааны оруулсан хувь нэмэр их тул түүнийг эрэн хайж, судлан сурвалжилж, дэлгэрүүлэх шаардлагатай байсан билээ. Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ тэлэхийн хэрээр хоёр ард түмний түүх, соёл, сурвалж судлалын судалгааг гүнзгийрүүлэх, харилцан сурталчлах, танин мэдэх ач холбогдол ч сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

    Манай хоёр орны харилцааны түүхэн үйл явц, байдал, төлөвийг орчин цагт шинэ зууны эхэн үеийн шинэ онол, үзэл баримтлал, арга зүйд тулгуурлан судалж, бодитой дүгнэлт өгөх шаардлага буй болов. Иймд энэхүү нэгэн сэдэвт бүтээл нь Монгол-Вьетнамын орчин цагийн харилцааг олон улсын харилцааны шинэ дэг журам, шинэ агуулгаар баяжуулж, хоёр орон, ард түмний харилцан ойлголцол, итгэлийн илүү таатай орчин бүрдүүлэх түүхэн нөөц боломжийг нээн гаргахад чиглэгджээ.

    XIII-XIV зууны Их Монгол улс-Их Вьет улс, Их Юан хэмээх Их Монгол улс-Их Вьет болон Чампа улсын харилцааны шинжлэх ухааны суурь судалгаанаас хураангуйлан оруулж эрхэм хүндэт уншигч Танд анх удаа танилцуулсанд энэхүү бүтээлийн эрдэм шинжилгээний гол ач холбогдол оршиж байна.

  • Мэдээ бэлтгэсэн:  ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон

судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзул


Бусад мэдээлэл