Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол-Вьетнамын харилцаа 70 жил (1954-2024)” эмхэтгэл хэвлэгдэв

   2024 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ШУА, БНСВУ-ын Нийгмийн ШУА хамтран “Монгол-Вьетнамын харилцаа: Түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо, “Вьетнам-Монголын харилцаа 70 жил: Ололт амжилт ба хэтийн төлөв” сэдэвт хурлыг 9 дүгээр сарын 12-ны өдөр Ханой хотноо тус тус зохион байгуулсан билээ.

   Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд “Монгол-Вьетнамын харилцаа 70 жил (1954–2024)” нэртэй эмхэтгэл хэвлэгдэн гарсан нь хоёр орны харилцааны хөгжлийг шинжлэх ухааны үүднээс олон талт баримт нотолгоонд тулгуурлан судалсан онцлог бүтээл болжээ.

   “Монгол-Вьетнамын харилцаа: Түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгүен Ды Нгыа Дык, VII дүрийн Наро Банчэн хутагт нар мэндчилгээ дэвшүүлж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШАА, доктор, дэд профессор Б.Цэнгэллхам “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, ЭША, магистр Э.Мөнхзул “Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа”, СИТИ Их Сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн “Монгол-Вьетнамын соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа”, Судлаач Ч.Содбилэг “1979 оны Хятад-Вьетнамын дайн ба Монгол”, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ёс зүйн хорооны дарга С.Баярмаа “Хөгжилд түүчээлэх хамтын ажиллагаа Төв-Хоа Бинь”, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр “Аялал жуулчлал олон улсын хамтын ажиллагааны нэг хөшүүрэг болох нь: Монгол-Вьетнамын аялал жуулчлалын харилцаа”, Хо Чи Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн захирал Э.Гунгаажав “Бидний бахархал-Хо Чи Миний нэрэмжит 14 дүгээр сургууль”, Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Олон улсын эдийн засгийн магистр, докторант Б.Гантуяа “Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн түүхэн замнал” сэдэвт илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.

   Харин “Вьетнам-Монголын харилцаа 70 жил: Ололт амжилт ба хэтийн төлөв” сэдэвт хуралд БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор, дэд профессор Нгүен Дык Минь, Монгол Улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Жигжээгийн Сэрээжав нар мэндчилгээ дэвшүүлж, БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал асан, доктор, дэд профессор Фам Хон Тай “Вьетнам-Монголын улс төр-дипломат, аюулгүй байдал-батлан хамгаалах салбар дахь харилцаа”, БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Монгол, Тайвань судлалын төвийн захирал, доктор Во Хай Тань “Вьетнам-Монголын эдийн засгийн салбар дахь харилцаа”, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШАА, Монгол дахь Вьетнам судлалын төвийн захирал, доктор, дэд профессор Б.Цэнгэллхам “Монгол- Вьетнамын улс төрийн харилцаа” сэдэвт илтгэлүүд хэлэлцүүлсэн нь эмхэтгэлд хэвлэгдсэн байна.

   Энэхүү хурлын эмхэтгэлийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Вьетнам улсад хэвлүүлсэн болно.

   Уг бүтээл нь Монгол-Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хэрхэн өрнөж байгааг хамарсан нь түүний ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.



Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын
ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Нарантуяа



Бусад мэдээлэл