Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ, ТАЙЛАНДЫН ХАРИЛЦААНЫ ХАГАС ЗУУН” ХАМТЫН БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭВ

   2024 онд Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Тайландын харилцааны хагас зуун” сэдэвт хамтын бүтээлийг уншигч танд өргөн барьж байна.

   Уг бүтээлийг туурвих ажилд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, ЭШАА Б.Цэнгэллхам, магистр, ЭШДаА Э.Мөнхзул болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Тайландын Хаант Улсын Рангситын их сургуулийн төгсөгч, докторант Д.Эрдэнэ-Очир, редактораар ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад сууж байсан Элчин сайд (2015-2020) Т.Төгсбилгүүн нар ажилласан байна.
   Монгол Улс, Тайландын Хаант Улстай 1974 онд дипломат харилцаа тогтоосноос хойш ийнхүү хагас зуун жилийн нүүрийг үзэж байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш 1990-ээд оны эхэн үе хүртэлх хугацаанд хоёр талын харилцаа ёс төдий шинж чанартай, Элчин сайд нар нь харилцан Итгэмжлэх жуух бичгээ барьснаар хязгаарлагддаг байсан бол аажмаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн олон салбарт өргөжин хөгжих болов.

   Сүүлийн жилүүдэд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдсэнээс гадна парламент, нийслэл хотуудын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, худалдаа, эдийн засгийн харилцаа тэлж байна. Мөн Улаанбаатар, Бангкокийн хооронд ах дүү хотуудын харилцаа тогтоож, шууд нислэг нээгдсэнээр иргэд хоорондын солилцоо нэмэгдсэн билээ. Ийнхүү XXI зуун гарснаар Монгол, Тайландын харилцаа шинэ агуулгаар баяжин хөгжиж байгаа бөгөөд цаашид энэ харилцааг гүнзгийрүүлэн судлах, дэлгэрүүлэх, танин мэдэх шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна.

   Монгол, Тайландын харилцааны түүхэн хөгжил, хувьсал, баримталж буй байр суурь, ашиг сонирхлыг хоёр орны харилцааны архивын баримт болон бусад эх материалд тулгуурлан он дарааллын дагуу энэхүү бүтээлд авч үзжээ.

   Тодруулбал, тус бүтээлийн нэгдүгээр бүлэгт, Монгол, Тайландын харилцааны түүхэн хөгжил, идэвхжил буюу дипломат харилцаа тогтоохоос өмнөх хоёр улсын харилцааны урьдач нөхцөлийг судлан авч үзжээ. Ингэхдээ дипломат харилцаа тогтоосноос хойш 1990 он, 1992-2013 он хүртэлх хоёр талын харилцаа хэрхэн өрнөж ирсэн түүх, харилцааны идэвхжилийг он цагаар үечлэн судалсан байна. Түүнчлэн Монгол, Тайландын хоорондох өндөр, дээд хэмжээний зарим онцлох гол айлчлалын үйл явдал, үр дүнг мөн онцлон тусгажээ.

   Хоёрдугаар бүлэгт, Монгол, Тайландын харилцааны өнөөгийн байдал буюу хоёр талын хамтын ажиллагаа улам өсөн нэмэгдэж буй энэ үед улс төр, дипломатын, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилтыг судлан дүгнэсэн судалгааны ач холбогдолтой болсон байна.

   Гуравдугаар бүлэгт, Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд, тэр дундаа АСЕАН-тай харилцах харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Тайланд улсыг түшиж тулах чухал улс хэмээн тодотгож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаарх өргөн хүрээтэй сэдвийг архивын баримт болон бусад судалгааны бүтээлд түшиглэн судалсан нь сонирхолтой болжээ.

   Та бүхний гарт өргөн барьж буй “Монгол-Тайланд харилцааны хагас зуун жил” хэмээх энэхүү бэсрэг бүтээл нь хоёр орны харилцааны талаар манайд хэвлэгдэж буй анхны бүтээл болж байгаагаараа эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтойн дээр цаашид энэ сэдвээр гүнзгийрүүлэн судалгаа хийх суурь болно хэмээн найдаж байна.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа
судлалын салбарын
эрдэм шинжилгээний ажилтан, магистр Э.Мөнхзул


Бусад мэдээлэл