Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.Алтай “Хөршийн харилцаа, Орос-Европ судлал” ном хэвлэгдлээ
Д.Алтай “Хөршийн харилцаа, Орос-Европ судлал” ном хэвлэгдлээ

    ШУА-ийн ОУХХ-ийн судлаач, Төв болон Зүүн Европ судлалын Монголын холбооны тэргүүн доктор (Ph.D.), проф. Дулбаагийн Алтайн “Хөршийн харилцаа, Орос-Европ судлал” (өгүүлэл, илтгэл, ярилцлага) ном хэвлэгдэн гарлаа.  Өмнөх үгийг ШУА-ийн ОУХХ-гийн захирал, доктор, дэд профессор Дашнямын Золбоо бичсэн, нийт 21.7 х.х номыг “Удам соёл” ХХК-д хэвлүүлсэн байна. 

    Номын зохиогч Д.Алтай нь 2012 оноос Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллагуудын нэг болох Шинжлэх Ухааны Академийн харьяа Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар томилогдон, 2015 оноос Олон улсын харилцааны хүрээлэнд  Дэлхийн бодлого судлалын салбар,  Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 

    2012-2020 онд тус  Хүрээлэнгийн Орос, Хятад судлалын салбарт хэрэгжсэн “Монгол Улс дахь Орос, Хятадын ашиг сонирхлын тулгамдсан асуудлуудын судалгаа” (2013-2015), “Хүйтэн дайнаас хойшхи Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа” (2017-2019) суурь судалгааны төсөл, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнтэй хамтарсан “Монгол-Оросын харилцаа Нэвтэрхий толь (XYII-XXI зуун)” грант төсөлд гүйцэтгэгчээр ажилласан ба эдгээр төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлаа энэхүү номонд оруулжээ. 

    Зохиогч нь энэ хугацаанд гадаад, дотоодод зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний их, бага хуралд 19 илтгэл хэлэлцүүлж, БНХАУ-ын болон олон улсын холбогдох байгууллагын урилгаар дэлхийн хийгээд бүс нутгийн хэмжээний олон улсын 5 удаагийн хуралд илтгэгчээр оролцсон бөгөөд Евроази, Орос-Европ судлалын чиглэлээр хэлэлцүүлсэн 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ монгол, орос англи хэлээр уг номонд нэгтгэн оруулжээ. Үүний дотор АНУ-ын “International Relations and Diplomacy”, БНСУ-ын “Eurasia Cultura” зэрэг нэр хүндтэй олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийг дурьдаж болно. Түүнчлэн үндэсний  хэмжээний өдөр тутмын сонинд хөршийн харилцаа, гадаад бодлогын асуудлаар өгсөн ярилцлагууд багтсан байна. 

    Проф. Д.Алтайн санаачлан үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдан чиглүүлж буй эрдэм шинжилгээ, соён гэгээрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төв болон Зүүн Европ судлалын Монголын холбоо” ТББ-ын танилцуулга, Монгол Улсын ГХЯ, ШУА-ийн ОУХХ, их дээд сургуультай хамтран зохион байгуулсан гадаад дотоодын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, “Central and Eastern Europe” ба “Европ судлал” сэтгүүл,  товхимолын гол агуулгыг  багтаан тусгажээ. Мөн доктор профессор Д.Алтайн бүтээлийн жагсаалтыг номын төгсгөлд нийтэлсэн ажээ. 

    Проф. Д.Алтайн “Хөршийн харилцаа, Орос-Европ судлал” ном нь Монгол Улсын гадаад бодлого, түүх-олон улсын харилцаа, түүний дотор Орос-Европ судлал, Евроази судлалыг сонирхдог их дээд сургуулийн багш, хүрээлэнгийн судлаачид, оюутан, магистр, докторант нарт сонирхолтой гарын авлага болох буй заа.

Мэдээ бичсэн Ц.Бишрэл








Бусад мэдээлэл