Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Зуун дамнасан нөхөрлөл” эмхэтгэл хэвлэгдэв
Alternate Text

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтарсан “Зуун дамнасан нөхөрлөл” 516 тал бүхий бүтээл хэвлэгдэн гарлаа. Уг бүтээл хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын мэндчилгээ болон хоёр орны харилцааны зуу гаруй жилийн түүхэнд тохиосон түүхэн үйл явдлуудын талаарх архивын баримт, гэрэл зураг, дуртгал, ярилцлагуудаас бүрджээ.

    Тодруулбал, 1911 онд Монгол Улс туурга тусгаар улсаа сэргээн байгуулсны дараа Хаант Орос Улстай анхлан Найрамдлын гэрээ байгуулсан 1912 оноос эхлэн 2021 он хүртэлх зуу гаруй жилийн үйл явдлыг холбогдох түүхэн гэрэл зургуудын хамт зургаан бүлэгт өгүүлж, төгсгөлийн долдугаар бүлэгт хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн ярилцлага, дуртгалууд багтжээ. Монгол-Оросын харилцаанд холбогдох баримт бичиг, гэрэл зургийг эмхэтгэхэд Монголын Үндэсний Төв архив, Гадаад харилцааны төв архив, мөн ОХУ-ын Гадаад харилцааны төв архиваас хамтран ажилласан байна.

    Нийт 7 бүлэг бүхийн энэхүү бүтээлийн Ерөнхий редактороор тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, професор Оохнойн Батсайхан, редактороор Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, судлаач Дашдоржийн Баярхүү нар ажиллан, докторант Түвшинтөгсийн Батцэцэг болон ГХЯ-ны Хөрш орнуудын газрын ажилтнуудын баг түүхэн баримт гэрэл зургийг цуглуулан эмхэтгэж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд холбогдох бүлгүүдийн харилцааны түүхэн тоймыг бичжээ.

    Энэхүү бүтээлээс Та бүхэн Монгол-Оросын харилцааны 100 гаруй жилийн түүхэнд тохиосон томоохон үйл явдлуудын талаархи баримт бичиг, гэрэл зураг, дуртгалуудтай танилцаж, хоёр орны харилцааны талаархи мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх боломжтой юм.

  • Мэдээг бэлтгэсэн: Орос судлалын салбарын ЭША Э.Буянбилэг,
  • ЭША, магистр Б.Хишигжаргал



    Бусад мэдээлэл