Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны нэгэн жарны ойг энэ онд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр талаас санаачлан олон сайхан ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Таны гарт өргөн барьж буй судлаач Sue Byrne-н эмхэтгэсэн “Монгол дахь манай хүн: Чингийн дараах Монгол дахь Британийн эзэнт гүрний агент Чарьлз Бинстийд“ хэмээх энэхүү баримтын эмхэтгэл юм.
Одоогоос 10 жилийн өмнө тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой тохиоход Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Британийн Кембрижийн их сургуулийн Монгол, Өвөр Ази судалгааны төвийн эрдэмтэд хамтран хоёр улсын харилцааны түүхийн үндсэн эх сурвалжуудыг багтаасан “Тив дамнасан хөршүүд” хэмээх хоёр боть бүтээлийг хэвлүүлсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Хэдий тийм боловч аливаа судалгаа гүнзгийрэн баяжиж өмнөх хүрээ хязгаарыг давж, улам бүр өргөжин тэлж байдгийн жишгээр тухайн үед эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж хараахан амжаагүй, Британийн Монгол судлаачдын дунд “Эрдэмтний энтэй дэслэгч” хэмээн үнэлэгдсэн Ж.Ч.Бинстийдийн тэмдэглэн үлдээсэн XX зууны эхэн үеийн Монголын түүхэнд холбогдох ховор баримтын эмхэтгэлийг энэ удаа эрхэм уншигч Та бүхэнд танилцуулж байна.
ХХ зууны эхээр Монгол орноор жуулчлагсдын дотроос тухайн үеийн Монгол орон, монголчуудын талаар үнэ цэнтэй бичгийн өв үлдээсэн хүмүүсийн нэгэнд дэслэгч Ж.Ч.Бинстийд зүй ёсоор тооцогдоно. Ж.Ч.Бинстийд 1912 он болон 1913 оны 8-9 дүгээр сард Хиагт, Барга, Хайлаар, Мүгдэн, Сэцэн хан аймгийн нутгаар дамжин Нийслэл Хүрээнд ирж байжээ. Ж.Ч.Бинстийдийн Монгол орноор жуулчилсан он жилүүд нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаад төдий л удаагүй, улс төрийн үйл явдлаар нэн баялаг цаг үе байлаа.
Дэслэгч Ж.Ч.Бинстийд Монголд хийсэн аяллынхаа явцад Монгол орны газар зүй, улс төр, эдийн засаг, сүм хийдийн байдал хийгээд монголчуудын санаа бодлыг судлан тэмдэглэж, аяллынхаа талаар дэлгэрэнгүй тайлан бичиж, Бээжин дэх Британийн төлөөлөгчийн газарт өгдөг байжээ. Монголчууд гадаад харилцаагаа өргөтгөхийг идэвхийлэн оролдож байсан түүхэн тэр цагт Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирж, Монголын улс төрийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, нөлөө бүхий улс төрчидтэй харилцан, ярилцаж байсан тул Ж.Ч.Бинстийдийн тайлан, тэмдэглэлд тухайн үеийн Монголын улс төрийн хүрээнийхний тухайд сонирхолтой мэдээллүүд олон бий.
Уг баримтын эмхэтгэлд Ж.Ч.Бинстийдийн 1912-1913 онд бичсэн тайлан, замын тэмдэглэл, зарим гэрэл зургийн хамт анх удаа хэвлэгдсэн бөгөөд эдгээр баримтууд нь тухайн үеийн Монгол орон, монголчуудын талаарх шинэ мэдээллийг та бидэнд өгөхийн сацуу Монгол орноор жуулчилсан гаднын жуулчны тухайн цагийн Монгол орон ба монголчуудын талаарх ажиглалт, үнэлэлт, дүгнэлттэй танилцах бололцоо олгоно. Мөн Британийн архивд хадгалагдаж буй 1913 оны 12 дугаар сарын 21-нд Монгол Улсын хаан эзний зарлигаар зарагдсан Бүрэн эрх барих Элчин сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн нараас, 1914 оны 4 дүгээр сарын 24-нд Монгол Улсын Засгийн газраас Хаант Орос Улсын Петербург, Дундад Иргэн Улсын Бээжин хотод суугаа Британийн Элчин сайдад тус тус илгээсэн албан бичгийн эхийн хуулбарыг уг эмхэтгэлээс олж үзэх болно.
Эрхэм судлаач, уншигч та бүхэн тус эмхэтгэлийг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн номын санд хүрэлцэн ирж, үзэж сонирхох боломжтой.