Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Олон улс судлал-2023: Монголын Британи судлал” хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Alternate Text

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, санал дүгнэлтээ солилцох байдлаар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд тус хүрээлэнгээс 2020 онд “Монголын Хятад судлал”, 2021 онд “Монголын Орос судлал”, 2022 онд “Монголын Япон судлал” эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулж, хурлын эмхэтгэлийг хэвлүүлэн гаргаад байна.   

    Зохион байгуулагчдын зүгээс 2023 оны эрдэм шинжилгээний хурлаа Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “ОЛОН УЛС СУДЛАЛ-2023: Монголын Британи судлал” сэдвийн дор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан билээ.    

    Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн судлаачид Британи судлал, Монгол-Британийн харилцаанд холбогдох өргөн сэдвийн хүрээнд 10 гаруй илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсад Британи судлалыг хөгжүүлэх чиглэлд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж судалгааны үнэтэй санал, дүгнэлт бүхий чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлснийг ийнхүү эмхэтгэн гаргалаа.

    Та бүхэн энэхүү эмхэтгэл бүтээлээс Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор П.Амаржаргалын “Эрх чөлөөний эх булаг Магна Харт”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоогийн “Монголын Британи судлалын тойм ба онцлог”, МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ц.Энхмаагийн “Монгол Улсын Их Сургууль дахь Их Британи судлалын сургалт”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ш.Ганхуягийн “Монгол дахь Британийн философич, сэтгэгчдийн талаарх судалгааны тойм”, ХУИС-ийн ОУХНСС-ийн захирал, доктор (Sc.D), профессор Д.Уламбаярын “Монгол Улс, Их Британийн харилцааны зангилаа асуудал: Пост-Брекситийн үе”, ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төв, докторант Р.Ононгийн “Монгол-Британийн цэрэг, батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагааны товч түүхэн тойм, хөгжлийн цаашдын хэтийн төлөв” зэрэг Британи судлалын болон хоёр орны харилцааны асуудлыг өргөн хүрээнд, олон чиглэлээр хамарсан чухал ач холбогдол бүхий өгүүллүүдтэй танилцах боломжтой юм.  


  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
  • судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Т.Анударь


Бусад мэдээлэл