ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран сүүлийн жилүүдэд “Эрдмийн өдөрлөг”-ийг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдаас сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнгээ харилцан хэлэлцдэг уламжлал тогтоод байгаа билээ.
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан уг “Эрдмийн өдөрлөг” нь Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, ШУА-ийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.
Энэхүү өдөрлөгт ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, ДХИС-ийн ЭШНХ-ийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, ДХИС-ийн ЭНШХ-ийн доктор, профессор хурандаа П.Баттогтох нар болон дээрх хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, багш судлаачид оролцлоо.
Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Эрдэнэбаяр “БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө: Нийгэм, эдийн засгийн бодлогын өөрчлөлт”, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбарын дарга, доктор Б.Сайнбуян “Монгол Улсын үндэсний газар зүйн нэрийн орон зайн мэдээллийн сан, хадгалалт шинэчлэлт”, Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд “Монгол Улсын улс төрийн хүрээн дэх авилгын нөхцөл байдлын шинжилгээ”, Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын ЭША Ж.Батжаргал, Д.Номун-Эрдэнэ нар "Чех дэх монголчууд сэдэвт судалгааны үр дүнгээс" сэдвээр тус тус илтгэж, эрдэмтэн судлаачдын сонирхсон асуултад хариулж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Өдөрлөгийн хүрээнд цаашид тус байгууллагуудаас эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэл, зорилттойгоо уялдуулан ДХИС-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.
Мөн энэ үеэр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн 2021 оны судалгааны голлох үр дүн болсон эрдмийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, ДХИС-ийн эрдэмтэн багш нарт хүрээлэнгийн үйл ажиллагаагаа танилцуулж сурталчлах ажлыг зохион байгууллаа.