Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан “Монгол-Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурал нь англи хэл дээр явагдсан бөгөөд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АТА), Измир Катип Челеби их сургууль хамтран зохион байгуулав. Хурлын нээлтийг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор (Ph.D) Д.Золбоо чиглүүлж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Зафер Атеш нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хуралд хоёр орны өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны бодит боломж ба тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын чиг хандлагын талаар улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээний асуудлыг хамарсан 12 илтгэлийг Улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа; Шинжлэх ухаан, соёл, боловсрол ба батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сэдэвт хоёр хэсэгт хэлэлцүүллээ.
Онцлох илтгэлүүдээс дурдвал БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Зафер Атеш “Монгол, Туркийн дипломат харилцааны онцлог”, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын дэд захирал Н.Алтантөгс “Хүйтэн дайны үед БНМАУ-аас Турк улсын талаар баримталж байсан байр суурь”, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Кадир Жеряан “Хоёр улсын худалдаа, бизнесийн боломж”, Монгол дахь Туркиш Эйрлайнс компанийн маркетингийн төлөөлөгч Б.Сарнай “Монголын иргэний агаарын тээврийн салбар дахь Туркиш Эйрлайнс компанийн нөлөө”, ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Сэлэнгэ “Монгол-Туркийн улс төрийн харилцааны ололт амжилт, цаашдын чиг хандлага”, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаомер “Монгол, Туркийн хөгжлийн хамтын ажиллагааны онцлог”, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Түрэг судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор (Ph.D) Ц.Баттулга “Монгол дахь Турк судлал: Хэл шинжлэл, түүх, соёлын судалгаа”, Измир Катип Челеби их сургуулийн профессор Шабан Доган “Турк-Монголын филологи, түүх, археологийн салбарын хамтын ажиллагаа”, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Анужин “Хоёр орны боловсролын хамтын ажиллагаа”, БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны цэргийн атташе, дэд хурандаа Селчук Атай “Батлан хамгаалах салбарын цэргийн хамтын ажиллагаа: Боловсрол, сургалт, дадлага”, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын түүхийн ухааны докторант Самэт Калионжу “Туркийн хэвлэл дэх Монголын тухай мэдээ”, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дэд хурандаа Э.Цэнгүүн “Монгол-Туркийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа” зэрэг Турк судлалын болон хоёр орны харилцааны асуудлыг өргөн хүрээнд, олон чиглэлээр хамарсан чухал ач холбогдолтой хурал болсныг оролцогчид тэмдэглэж байлаа.
Тус хурал нь Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагуудын болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөллүүдийг нэгэн дор цуглуулж, Монгол Улс дахь Турк судлалын сүүлийн үеийн судалгааны үр дүн, туршлагаа хэлэлцэх, санал бодлоо солилцох боломжийг олгосон чухал арга хэмжээ болов.