Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Элчин сайдыг хүлээн авч уулзав
Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд академич Д.Рэгдэл хоёр улсын шинжлэх ухааны салбар олон жилийн туршид тогтвортой хөгжиж ирснийг цохон тэмдэглээд өмнөх Элчин сайд нарын адилаар ойр дотно хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв. Цар тахлын улмаас тасалдаад байсан хамтын ажиллагаа цаашид байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны олон салбарт хөгжүүлэхэд тал бүрээр дэмжин ажиллахаа илэрхийлж, ШУА-ийн хүрээлэнгүүдэд хэрэгжүүлж байгаа эрдэм судлалын өнөөгийн байдал болон шинжлэх ухаан, технологийн шинэ цогцолборын бүтээн байгуулалтын явцын талаар сонирхуулав. Элчин сайд, ноён Игавахара Масарү цаг гарган хүлээн авч буйд талархал илэрхийлэн хоёр улсын найрсаг харилцааны нэгэн хэлбэр болсон эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өөрийн зүгээс ямагт дэмжихээ илэрхийлж энэ жил тохиож буй хоёр улсын соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгааг дурдан, боломжтой үедээ ШУА-ийн хүрээлэнгүүдээр зочлон хамтарсан төслүүдийн үр дүнтэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Уулзалтын төгсгөлд Японы Ниппон сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “The Read Japan Project” төслийн хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн номын санд хандивласан Японы түүх, нийгэм, улс төр, эдийн засаг, уран зохиол, соёлын тухай англи хэлээрх 49 номыг академич Д.Рэгдэлд хүлээлгэн өгөв.

    Ном хандивлах ёслолын үеэр элчин сайд Игавахара Масарү энэхүү төсөлд дэлхийн 138 орны 1100 гаруй их дээд сургууль, судалгааны байгууллагын номын сан хамрагдаад буйг дурдан эдгээр бүтээл Японы талаар илүү гүнзгий танилцах, судлахад дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

    Уулзалт, ёслолын арга хэмжээнд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч доктор (Sc.D) Ц.Цэрэндорж, Тэргүүлэгчдийн газар, удирдлага төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор (Ph.D) Б.Сувданцэцэг, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо,  ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Ито Ёрико, Соёл, мэдээллийн хэлтсийн ажилтан Ж.Сэргэлэн болон хүрээлэнгийн япон судлаачид байлцав. 

    “READ JAPAN PROJECT” төслийн хүрээнд хандивласан 100 гаруй номтой ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн номын санд танилцах боломжтой юм.

  •                         Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
  • судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан А.Сосорбурам




Бусад мэдээлэл