Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх зочлов
Alternate Text

     ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Сергей Анатольевич Краминцевоор ахлуулсан доктор Е.И.Лиштованный нарын дипломатын болон эрдэм судлалын төлөөлөгчид 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочиллоо. Элчин зөвлөх С.А.Краминцев өмнө нь БНХАУ зэрэг улсад дипломат албанд ажиллаж байсан ОХУ-ын шилдэг дипломатчдын нэг бөгөөд манай улсад Элчин зөвлөхөөр томилогдож ирээд удаагүй байгаа билээ. 

    Хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо зочдыг хүлээн авч уулзав. Уулзалтад хүрээлэнгийн салбарын эрхлэгчид, Орос судлалын салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.  

    Уулзалтын эхэнд захирал Д.Золбоо хүрээлэнгийн үйл ажиллагаа, сүүлийн үеийн судалгааны ололт амжилт хийгээд Орос судлал, Монгол-Оросын харилцааны талаар цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар товч танилцуулаад, “ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх өөрийн саналаар манай хүрээлэнд зочилсон нь манай хүрээлэнгийн түүхэнд анхны тохиол боллоо” хэмээн талархаж, “ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажилладагтаа хүрээлэнгийн судлаачид, үе үеийн эрдмийн хамт олон ямагт сэтгэл хангалуун байдаг”-аа илэрхийлэв. 

    Уулзалтын үеэр, сүүлийн үед үүсээд байгаа олон улсын нөхцөл байдал, хөрш орнуудын бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Оросын харилцааны байдал төлөв зэрэг өргөн хүрээтэй сэдвээр ярилцав. Мөн ирэх 2021 онд тохиох Монгол-Оросын найрамдлын гэрээ байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд болон бусад чиглэлээр хэрхэн хамтрах талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэн санал солилцож, тодорхой асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо. 

    Уулзалтын төгсгөлд зочид тус хүрээлэнгийн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан ба энэ үеэр хүрээлэнгийн удирдлагаас Монгол-Оросын харилцаа болон Орос судлалын асуудлаар судлаачдынхаа туурвисан зарим бүтээлийн дээжээс зочдод дурсгав. 




Бусад мэдээлэл