Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛС БА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА
МОНГОЛ УЛС БА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА

    Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжин сахиулах, бэхжүүлэх, улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор тусгаар тогтносон улсуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн олон улсын хамгийн гол байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) юм. Энэхүү олон улсын байгууллагын үйл ажиллагаа нь дэлхийн улс орнуудын Засгийн газар хоорондын хамгийн түгээмэл, нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байна. 

    Түүх сөхвөл, 1899 онд Голланд улсын Гааг хотноо хуралдсан Олон улсын Энх тайвны бага хурлын үеэр Оросын эзэн хаан II Николайн санаачилгаар олон улсын энх тайван, аюулгүй байдлын байгууллагыг байгуулах тухай яриа анх гарч байжээ (Л.Хайсандай 2016). Дараагаар нь 1941 онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар Атлантын далайд байлдааны хөлөг онгоцон дээр тусгайлан уулзаж,  дэлхий дахинд энх тайвныг тогтоон сахиулахад туслах олон улсын байгууллага байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж тохиролцсон байна. Тус яриа хэлэлцээнийхээ дагуу тэд хожим 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын нутаг Ялтад айлчлан очиж ЗХУ-ын удирдагч Иосиф Сталинтай уулзаж ярилцсан билээ. Дээрх уулзалтуудын үр дүнд А.Гитлерийн эсрэг эвслийн гол гүрнүүд болох АНУ, Их Британи, ЗХУ, Франц, Хятад зэрэг улс тэргүүлж, 1945 оны 4 дүгээр сарын 25-нд 50 орны төлөөлөгчид АНУ-ын Сан-Франциско хотод Олон улсын байгууллага байгуулах зорилгоор “Нэгдсэн Үндэстнүүдийн Хурал”-ыг зохион байгуулж, тус байгууллагын дүрмийн төслийг боловсруулан мөн оны 6 дугаар сарын 26-нд хэлэлцэж гарын үсэг зурж баталсан байна (Л.Хайсандай, 2016). Улмаар дэлхийн II дайн дууссанаар даян дэлхийн энх тунх, амар амгалан байдлыг сахих, улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан олон улсын хурлаар дэлхийн хүчирхэг, нөлөө бүхий АНУ, ЗХУ, Их Британи, Хятад, Франц болон өөр бусад 46 улсыг оролцуулан нухацтай олон дахин хэлэлцсэний үр дүнд 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүх оролцогсод зөвшөөрч баталснаар НҮБ-ыг байгуулсан юм.  

    Даян дэлхийн энх тайван, амар амгалан байдлыг сахих, улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор АНУ-ын Сан-Франциско хотноо фашизмын эсрэг холбоонд нэгдсэн их гүрнүүдийн санаачилгаар НҮБ-ыг үүсгэн байгуулж, эдүгээ НҮБ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрсөн, энх тайванч гадаад бодлогыг баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 193 улс гишүүнээр элсэн орсон байна. НҮБ нь байгуулагдсан цагаасаа эхлэн манай гариг дээр болж буй бүхий л үйл явцад хувь нэмрээ оруулж, дэлхийн том, жижиг бүх үндэстнүүдэд амин чухал  болохоо нотолж иржээ.  

    НҮБ-ын үндсэн зорилго нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулахад (Гадаад хэргийн яам, 2014) чиглэгдэж байна. Энэ хүрээнд НҮБ-ын бүхий л цаг үеийн үйл ажиллагааны гол үзэл баримтлалын зорилго нь даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах, улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх, ядуу зүдүү хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлж сайжруулахад туслах, хувь хүн бүрийн эрх чөлөө, эрхийг хүндэтгэж, өмгөөлж хамгаалахын төлөө тэмцэх талаар бодитой ажил зохиох, дээрх бүх зорилтод хүрэхэд нь улс орнуудад туслах гол төв байх явдал мөн хэмээн дүрэмдээ тодорхой заасан байна. 

    НҮБ-ын дүрэмд бүх гишүүдийн бүрэн эрх, тэгш байдлыг хангаж, олон улсын маргааныг голчлон энх тайвны аргаар шийдвэрлэх, олон улсын харилцаанд хүч үл хэрэглэх, хүчээр үл заналхийлэх, НҮБ-ын зорилгод харшлах аливаа хэлбэрээр хүч хэрэглэхээс татгалзаж, улс орны дотоод эрх мэдлийн ажилд НҮБ хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг олон улсын хамтын ажиллагааны ардчилсан зарчмыг тусган баталсан байна (Л.Хайсандай, 2016). 

    НҮБ-ын бүтэц нь дараах 6 үндсэн гол байгууллагаас бүрддэг. Үүнд: 

  1. Ерөнхий Ассамблей;
  2. Аюулгүйн зөвлөл;
  3. Эдийн засаг, нийгмийн зөвлөл;
  4. Асрамжийн зөвлөл;
  5. Олон улсын шүүх;
  6. Нарийн бичгийн дарга нарын газар гэх мэт.

    Эдгээр байгууллагууд нь Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд байрлах ба Олон улсын шүүх л Голландын Гааг хотод байрладаг байна.

 

Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн замнал

    Монгол Улс 1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан хэдий ч 1946 оныг хүртэл БНМАУ-ын тусгаар тогтнол олон улсын эрх зүйн хувьд тодорхойгүй байсан юм. 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна. 

    Монгол Улс 1946 оноос хойш НҮБ-д гишүүнээр элсэх өргөдөл хүсэлтийг байнга гаргаж байсан бөгөөд 1961 он хүртэл нийт 5 удаа хүсэлт гаргаж, Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцүүлж байжээ (Ц.Батбаяр, 2021). Гэвч эдгээр оролдлогууд нь тухайн үед дэлхийд ноёлж байсан хүйтэн дайны уур амьсгал болон капиталист, социалист лагериудын хоорондын тэмцэл хурцдаж байснаас шалтгаалж амжилтгүй болж байсан. Үүний улмаас БНМАУ НҮБ-д элсэх явдал 15 жилээр хойшлогдож, 1961 оны 10 дугаар сарын 27-нд гишүүнээр элссэн байна. 

    НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс томилогдсон шинээр гишүүн элсүүлэх хороо БНМАУ-ын өргөдлийг 1946 оны 8 дугаар сарын 6-нд авч хэлэлцэхэд Чан Кайшигийн Хятадын төлөөлөгч Цзян Тинфу нэг жилээр хойшлуулах санал гаргажээ. Тэрээр хэлэхдээ “БНМАУ одоо болтол зөвхөн СССР-тэй дипломат харилцаатай бөгөөд манай улстай элчин солилцохоор хэлэлцэн тохирсон юм. Бусад орнуудтай дипломат ба консулын харилцаагүй байгаа явдал бол БНМАУ нь дэлхийн дахины энэ байгууллагад гишүүн болоход хараахан бэлэн биш байгаагийн гэрч мөн юм” (Л.Хайсандай, 2016) гээд, НҮБ-ын гишүүний үүргийг энэ улс биелүүлж чадна гэдэгт итгэлтэй болохын тулд сайн танилцах хэрэгтэй, бусад орнуудтай харилцаа холбоогүй байгааг зөвхөн газарзүйн хувьд алслагдсанаар тайлбарлаж болохгүй, БНМАУ-д тусгаар тогтнол олгосон орны хувьд Дундад иргэн улс тохиромжтой цаг ирэхэд тус орны өргөдлийг авч үзэж болох юм гэж аягласан байна (Л.Хайсандай, 2016). Дундад иргэн улс манай улсыг “балчирдуу”, “туршлагагүй, бэлтгэлгүй” гэх мэтээр ярьж, НҮБ-д элсүүлэх явдлыг хойшлуулъя гэсэн байр суурь, санал гаргаж байжээ. 

    Чан Кайшигийн Хятад, АНУ, Англи болон бусад зургаан улсын төлөөлөгчид БНМАУ-ын талаар шинэ мэдээ авахаас нааш тодорхой санал гаргахаас татгалзсан байна. Ийнхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 улс, байнгын биш 6 улсын төлөөлөгчид оролцсон дээрх шинэ гишүүн элсүүлэх асуудал хэлэлцэх хорооны 1946 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаан Улаанбаатараас БНМАУ-ын тухай тодорхой мэдээлэл авах нь зүйтэй гэж үзэж байжээ. Яагаад ийм асуудал гарах болсон шалтгаан нь тус хорооны өмнөх хуралдаанууд дээр НҮБ-д элсэхийг хүссэн өргөдлийг хэлэлцэхэд зарим орны, түүний дотор БНМАУ-ын тухай тодорхой мэдээлэл байхгүй, ер нь тус улс нь НҮБ-ын дүрмийн ёсоор хүлээх үүрэг хариуцлагыг үүрч явах хүч тэнхээтэй байгаа эсэхэд өрнөдийн зарим орны төлөөлөгчид эргэлзжээ. Түүгээр ч барахгүй тус улс олон улсын хууль эрхийн субъект мөн үү, биш үү гэж эргэлзэж байжээ. Ингээд энэхүү хорооны хуралдаанаас БНМАУ-ын Засгийн газар өөрийн төлөөлөгчдийг томилон Нью-Йоркт ирэхийг хүлээлгүйгээр доорх таван асуудлыг яаралтай тавьж хариу авахаар шийджээ. Тухайн үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах байсан Аркадий Соболев (ЗХУ-ын) 1946 оны 7 дугаар сарын 31-нд Улаанбаатарт цахилгаан утас илгээж, БНМАУ-ын засгийн газар эрх бүхий төлөөлөгчдөө томилон Нью-Йоркт ирүүлэхийг хүсэлт болгоод шинээр гишүүн элсүүлэх хорооны асуудлыг уламжлан мэдэгджээ (Л.Хайсандай, 2016). БНМАУ-ын засгийн газарт тавьсан таван асуудал гэвэл:

  1. БНМАУ-ын гадаад харилцааны цар хүрээ, түүний дотор улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны эдүгээгийн төлөв байдал;
  2. Монгол Улсын засгийн газрын зүгээс гадаад харилцаагаа хөгжүүлэх, тухайлбал дипломат болон консулын төлөөлөгчдийг солилцох талаар баримталж буй бодлого, байр суурь;
  3. Зөвлөлт Холбоот Улс, Хятад Улсаас гадна өөр ямар улс БНМАУ-тай дипломат болон консулын харилцаа тогтоох санал одоогоор тавиад байгаа, түүнд ямар хариу өгсөн бэ?
  4. БНМАУ-ын Үндсэн хууль, засаглалын тогтолцоо, түүний гадаад харилцаатай холбогдох бусад мэдээлэл;
  5. Улсын төсөв, тухайлбал, гадаад харилцаанд зориулж байгаа хөрөнгө зардлын хэмжээ зэрэг байсан байна.

    БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхгүй, 1946-1948 онд өгсөн анхны хоёр өргөдлийг няцаасан учрыг академич Ц.Батбаяр (2021) дараах  хоёр гол хүчин зүйлээр тайлбарласан байна. 

    - НҮБ-д зонхилогч Их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаа нь тус байгууллагыг анх байгуулахад тунхагласан гол зарчим, энх тайвныг эрхэмлэгч аливаа улсын өмнө түүний үүд хаалгыг нээлттэй байлгах зарчимтай зөрчилдөж иржээ. Хүйтэн дайны нөхцөлд НҮБ-ын үйл ажиллагаанд тэдгээр гүрнүүдийн сөргөлдөөн давамгайлж байснаас шинэ гишүүн элсүүлэх асуудлын нийтлэг зарчим алдагдах буюу шууд мухардалд орж байлаа. Тухайлбал, өргөдлөө өгсөн улсыг багцаар нь элсүүлэх түгээмэл буюу “универсализмын“ зарчмыг тойрсон Зөвлөлтийн блок, Өрнөдийн блок хоорондын сөргөлдөөн үе үе хурцдаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулганы үеэр БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэн авах явдал тийм сөргөлдөөний золиос болсон байна.

    - БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байсан Гоминданы төлөөлөгчид 1947 оноос эхлэн хориг тавих замаар шууд саатуулж байлаа. Тэд БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 онд хүлээн зөвшөөрснөөс няцаж, тус орныг “Дундад Иргэн улсын хэсэг” гэж үздэг явуургүй байр сууриндаа буцаж ороод, БНМАУ-ын эсрэг гүтгэлгийн компани дэгдээх зэрэг бүхий л аргыг хэрэглэсэн юм. Тэд “чөлөөт ертөнцийн” эрх ашиг, коммунизмын эсрэг тэмцэл хэмээх нэрээр “БНМАУ нь ЗХУ-ын тоглоомын улс, бүрэн бие даасан шинж чанар агуулаагүй”, “Шинжааны хил дээр Гоминданы Хятадын эсрэг түрэмгийлэл үйлдсэн”  зэрэг элдэв шалтаг гаргаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд, ялангуяа АНУ, Их Британид хүчтэй нөлөөлж, Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх бүрд манай орныг няцаах вето арга хэрэглэж байв (Ц.Батбаяр, 2021).

    1961 оны 10-дугаар сарын 24-ний Лхагва гаригийн үдээс хойш 971 дүгээр хуралдаанд Аюулгүй Зөвлөл БНМАУ-ын хүсэлтийг арван гурав дахь удаа хэлэлцэв. Тэр өдөр Мавританы асуудал байлаа. Аль орныг нь эхэлж хэлэлцэх талаар нэлээд маргалдсаны эцэст Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх асуудлыг эхлэн хэлэлцэх болсон ажээ (Jawaharalal Nehru 1961, Л.Хайсандай 2016). ЗХУ-ын төлөөлөгч В.Зорин уг асуудлаар Засгийн газрынхаа бодлогыг дахин майтар нотлоод хэрэв БНМАУ-ыг элсүүлэх асуудлыг нааштай шийдвэрлэвэл Матританийн хувьд тээг тавихгүй гэж дахин мэдэгдсэн юм  (Jawaharalal Nehru 1961, Л.Хайсандай 2016).  

 

НҮБ-ын Төв байрны гадаа Монгол Улсын алтан соёмбот тугаа өргөн мандуулав. 1961.10.28. Нью-Йорк хот

    1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XVI чуулганы 1043 дугаар хуралдаан болж, Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу  БНМАУ ба Мавритани улсуудыг НҮБ-д элсүүлэх асуудлыг хэлэлцэж, чуулганыг ЗХУ-ын байнгын төлөөлөгч В.А Зорин даргалж “Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг чуулганд оролцсон орнуудын санал нэгтэйгээр НҮБ-ын гишүүн болсныг баталсан” байна (ООН Генеральная Ассамблея 1961 г XVI-ый год, Л.Хайсандай 2016). 

    Ийнхүү тухайн үеийн БНМАУ-ын улс төрч, дипломатуудын 15 жилийн энхийн тэмцэл, уйгагүй хичээл зүтгэлийн ачаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн орон болж чадсан юм. Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх нь үе үеийн Монгол төрийн зүтгэлтнүүд, ард иргэд, эх орончдын хүсэл мөрөөдөл байсан бөгөөд НҮБ-ийн гишүүн орноор элсэх Монгол Улсын зам нь үргэлж шулуун дардан байгаагүй, нэлээдгүй сорилт бэрхшээлийг даван туулж байж элссэнийг зарим судлаачдын бүтээлүүдэд тусган харуулсан байна (Л.Хайсандай, 2016, Ц.Батбаяр, 2021). Монгол Улсын НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноороо бие даасан туурга тусгаар улс орон гэдгээ дэлхийн хэмжээнд тунхаглан зарлаж, бусад улс үндэстнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь хамгийн чухал ач холбогдол байлаа. 

    БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр удтал авахгүй үнэн учир шалтгааныг академич Б.Лхамсүрэн дараах хүчин зүйлүүдээр тайлбарласан байна. 

    1. НҮБ-д зонхилогч гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаа нь тус байгууллагыг анх байгуулахад тунхагласан гол зарчим болох энх тайвныг эрхэмлэгч аливаа улсын өмнө түүний үүд хаалгыг нээлттэй байлгах зарчимтай зөрчилдөж иржээ. Хүйтэн дайны нөхцөлд НҮБ-ын үйл ажиллагаанд тэдгээр гүрнүүдийн сөргөлдөөн давамгайлж байснаас шинэ гишүүн элсүүлэх асуудлын универсал зарчим алдагдахад хүрч байлаа. 

    2. БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байсан Гоминданы төлөөлөгчид 1947 оноос эхлэн хориг тавих замаар шууд саатуулж байлаа. Өөрөөр хэлбэл БНМАУ-ыг НҮБ-д элсэхэд гол хориг саад тавигч нь Чан Кайшийн Хятад байлаа. Тэд БНМАУ-ын тусгаар тогтнолыг урьд нь 1946 онд хүлээн зөвшөөрснөөсөө няцаж, тус орныг Хятадын хэсэг гэж үздэг явуургүй байр сууриндаа буцаж ороод Монголын эсрэг гүтгэлгийн компани дэгдээх зэрэг бүхий л аргыг хэрэглэсэн юм. Ийм учраас НҮБ-д БНМАУ-ыг авбал Монголын эсрэг хандсан Чан Кайшигийнхны явуулгын хууль бусыг тус байгууллага хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж тэд болон ивээн тэтгэгчид үзэж байсан. 

    3. НҮБ-ын үйл ажиллагаанд бага буурай улс үндэстний эрхийг дутуу үнэлэх байдал бараг 1950-аад оны эцэс хүртэл үргэлжилж байв. Олон улсын эрх зүйн онол практикт ч урьдын колони, хараат орныг их гүрнүүд хүлээн зөвшөөрөх буюу “гэгээрүүлэн удирдах” замаар олон улсын эрх зүйн этгээд болгодог хэмээх хуучин баримтлал амь бөхтэй байв. 1960 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XV чуулган “колони орнууд ба ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай” тунхаглалыг баталснаар шинэ тутам тусгаар тогтносон улс орны нөлөө эрс өсөж, тэдний дуу хоолой, үүрэг нь өндөржсөн явдал Монгол Ард Улсын эрмэлзлийг шударгаар шийдвэрлэхэд зохих дөхөм үзүүлсэн юм. 


Монгол Улс НҮБ-д элссэний ач холбогдол

    Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын бүрэлдэхүүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаануудад оролцох өргөн боломж нээгдсэн юм. Ингэснээр манай улсын олон улсын байр суурь бэхжиж, гадаад бодлогын үйл ажиллагаа идэвхжин өргөжих таатай төлөв байдал бий болов. Нэрт ахмад дипломатч М.Дүгэрсүрэн, Ц.Гомбосүрэн нар өөрсдийн туурвисан “ХХ зууны Монгол Улсыг гадаад бодлогын түүхэн тойм (2004 он)” бүтээлд онцлон тэмдэглэснээр “Хоёр талын харилцааг өргөн хэмжээгээр хөгжүүлэх бололцоогоор ядмаг манай улс энэ түгээмэл байгууллагын хүрээнд энх тайван, хөгжил дэвшлийн үйл хэрэгт дэлхийн улс гүрнүүдтэй хамтран ажиллах их чухал нэмэгдэл нөхцөл бүрдсэн юм” (М.Дүгэрсүрэн, Ц.Гомбосүрэн, 2004) гэжээ. 

    Социализмын эрх ашиг гэхээсээ илүү Монголын үндэсний язгуур эрх ашиг ялж, тусгаар тогтнол дэлхийн хамтын нийгэмлэгээс баталгаажиж, тусгаарлагдмал, хязгаарлагдмал байдлаас гарч, дэлхийн олон улс орнуудтай харилцаж, хамтран ажиллах өргөн дардан зам нээгдсэн юм. 


    Өрнө, Дорнын тэргүүлэх улс гүрнүүд тус улсыг де юре хүлээн зөвшөөрч, эрх тэгш, харилцан ашигтай харилцаа тогтоох шинэ үе эхэлсэн юм. Тус хамтын нийгэмлэгийн үндсэн болон системийн төрөлжсөн олон байгууллагын гишүүнээр элсэх, тэдгээрийн үйл  ажиллагаанд идэвхтэй оролцох, улмаар өөрийн орны олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх нэгдмэл  боломж, таатай орчин нөхцөл бүрдүүлж өгсөн онцлогтой, ач холбогдолтой үйл явц болсон хэмээн үзнэ (Л.Хайсандай, 2016).  

    Монгол Улсын НҮБ-ын харилцах хамтран ажиллах зорилго, чиглэлийг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, гишүүн улс орнуудтай хамтран ажиллах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах, үндэсний аюулгүй байдал, олон улсын байр сууриа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах гадаад таатай, орчин бүрдүүлж, тус байгууллагын хүрээнд хуримтлагдсан оюуны чадавх, мэдлэг мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд авч ашиглах явдал мөн хэмээн тодорхойлжээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр манай улс НҮБ-ын хүрээнд идэвхийлэн ажиллаж, өнгөрсөн 60 жилд 294 олон талт гэрээ, конвенцод нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна. НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоогоод байна (Ц.Батбаяр 2021а). Монгол Улсад НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага суурин ажиллаж байна (Н.Энхтайван, 2020).

    Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, бусад улс үндэстнээр хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны хамгийн гол ач холбогдол юм.

    НҮБ, түүний системийн удирдах байгууллагад сонгогдож ажиллах явдалд манай улс анхаарч ирсэн. Тухайлбал, НҮБ-ын бүтцийн үндсэн зургаан байгууллагын хоёрт буюу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр хоёр удаа (1973-1976, 2010-2012), Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа (2016-2018) сонгогдон ажиллаж байв (Н.Энхтайван, 2020). 

    НҮБ-ын хүрээнд явуулж ирсэн идэвх, санаачилгатай үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдсээр ирсэн  юм. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэхэд манай улсаас НҮБ-ын хүрээнд явуулж буй бодлого, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

    Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайж ирэв. Түүний дотор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, зэвсэг хураах асуудлаас эхлээд ардчилал, боловсрол, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлагыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг 20 шахам сэдвийн хүрээнд 90 гаруй удаа тогтоол батлуулсан байдаг (Н.Энхтайван, 2020).

    Манай улсаас НҮБ, түүний системийн байгууллагуудын хүрээнд явуулдаг идэвхтэй үйл ажиллагааны нэг чухал хэлбэр нь тэдгээрийн удирдах байгууллагад сонгогдон ажиллах явдал бөгөөд Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн орлогч даргаар 7 удаа Олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлыг хэлэлцдэг I хороо, Эдийн засаг, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцдэг II хороо, Нийгмийн хөгжил, хүний эрхийн асуудлыг хэлэлцдэг III хороо, Улс төрийн тусгай хороо буюу IV хороо, Хууль эрхийн асуудал эрхэлдэг VI хороо, Зэвсэг хураах комиссын даргаар нэг бус удаа сонгогдон ажилласан байна (Ц.Батбаяр 2021а) .

    Монгол Улс 1992 онд өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос эхлэн амжилттай оролцож, энэ талбарт туршлага хуримтлуулж, нэр хүндтэй болсон. Сүүлийн жилүүдэд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол 800-1100 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулж, цэрэг хандивлагч 120 гаруй улсын эхний 30 дотор бичигдсээр ирлээ. КОВИД-19 цар тахлын энэ хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаа илгээсээр байгаа билээ. 


НҮБ-аас Монголд үзүүлж буй хөгжлийн тусламж, түүний үр өгөөж

    Олон улсын хамтын нийгэмлэг манай улсыг өөрийн тэгш эрхт түншээ болгосноор Монгол орон НҮБ-ийн системийн байгууллагуудад элсэх, хамтран ажиллах, тэдгээрийн тусламж дэмжлэгийг хүлээн авах өргөн боломжтой болсон юм. 

    1990-ээд оны эхээр социалист систем, түүний дотор Зөвлөлт Холбоот улс задран унаж, улмаар БНМАУ-д үзүүлж байсан тусламж, хөрөнгө оруулалт зогссон нь Монгол Улсын эдийн засагт хүнд цохилт болсон. Тэр хүнд үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн нь манай орныг гүнзгий хямралаас аварч, тогтвортой хөгжлийн замд оруулах чухал эхлэлийг тавьсан билээ. 

    Эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийг нэгэн зэрэг хийж эхэлсэн Монгол Улсын зориг эрмэлзлийг НҮБ, түүний системийн байгууллагууд тийнхүү халуунаар дэмжин, бүхий л бололцооны хэрээр тусламж дэмжлэгээ үзүүлэх болжээ. Тэдний дотроос тухайлан НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын  Хүн амын сан (НҮБХАС), НҮБ-ын Хүүхдийн сан (НҮБХС) гурвыг онцгойлон авч үзжээ. Үүнд: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь 1973 оноос хойш Монголын ард түмэнд тэгш эрхтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэхэд туслах үйл ажиллагаа явуулж ирсэн. НҮБХХ нь Монгол Улсад үзүүлдэг тусламжийн хувьд НҮБ-ын системийн байгууллагууд дотор тэргүүлэх байр суурь эзэлдэг. Түүний хөгжлийн тусламж 1987-1991 онд 8,7 сая, 1992-1996 онд 3,5 сая ам.доллар байсан бол 1997-2001 онд 27,6 сая ам.долларт хүрч өссөн байна. Мөн НҮБХХ-ийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2002-2006 онд 29,1 сая ам.долларын дэмжлэг туслалцааг манай улсад  (Д.Гансүх, 2005)  үзүүлжээ. Мөн 2012-2016 онд хэрэгжүүлэх НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээнд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам.долларын дайчлах санхүүжилт хийгдэхээр тусгагдаж байжээ. 

    Эдгээр тусламжийг хамтын ажиллагааны хөтөлбөрийн голлох зорилтын хүрээнд (a) ардчилсан засаглал, (б) эдийн засгийн шилжилт ба ядуурлыг бууруулах, (в) байгалийн нөөцийг тогтвортой ашиглах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 төсөл хэрэгжүүлсэн байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс олон улсын байгууллага, хөтөлбөр, сантай хамтран төсөл хэрэгжүүлдэг. Тухайлбал, Байгаль орчны даян дэлхийн сан манай улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь 1998 оноос 2004 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн (Д.Гансүх, 2005) байв.  

    Монгол Улсад  НҮБ нь 2017-2021 онд (1) хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих, (2) нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх болон (3) Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр 79 орчим сая.ам долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөгжлийн тусламжийн хүрээнд 2020 оны байдлаар нийт 163 сая.ам долларын амлалт өгсөн  ба 105 сая ам.долларыг 174 үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд (Ц.Батбаяр 2021а) зарцуулсан байна. 


Ашигласан эх сурвалж

  1.  Ц.Батбаяр (а), “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: Эхлэл, Өрнөл, Төгсгөл (1946-1961 он), Улаанбаатар 2021
  2. Ц.Батбаяр (б), “Монгол Улс НҮБ-д элссэн нь: Эхний хоёр өргөдөл”, 2021.06.14 https://mfa.gov.mn/60799 
  3. Гадаад Хэргийн Яам 2014, “Монгол Улс ба Нэгдсэн Үндэсний байгууллага”, 2014 http://mfa.gov.mn/28784
  4. Д.Гансүх, НҮБ-аас Монголд үзүүлсэн тусламж, түүний үр ашиг, “НҮБ, Монголын ажиллагаа  (эмхэтгэл)”, Улаанбаатар, 2005
  5. М.Дүгэрсүрэн, Ц.Гомбосүрэн, “ХХ зууны Монгол Улсын гадаад бодлогын түүхэн тойм”, Уланбаатар, 2004
  6. ООН. Генеральная Ассамблея. Оф. Отчети. 1043-е заседание 27 Октября.1961г XVI-ый год.
  7. Л.Хайсандай, “Монгол Улс ба НҮБ хамтын ажиллагааны замнал, үр өгөөж”, Улаанбаатар, 2016
  8. Jawaharalal Nehru, India’s Foreign Policy, Selected Speech, New Delhi. 1961.224-р тал.
  9. Н.Энхтайван, ГХЯ “НҮБ-ын байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхсайханы цахим ярилцлага”, 2020


  •                                     Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт
  • хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл


Бусад мэдээлэл