Монгол-Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулсны 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ШУА-ийн Нэгдсэн II байрны хурлын танхимд болов.
1912 оны 10 дугаар сарын 21-ны өдөр буюу шинэ тооллоор 11 дүгээр сарын 3-нд Монгол Улс, Хаант Орос улсын хооронд байгуулсан Найрамдлын гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, таван сайдын хамт Хаант Орос улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец нар Нийслэл Хүрээнд гарын үсэг зурсан билээ.
Уг гэрээ ёсоор Хаант Орос Улсаас Монгол Улс хийгээд түүний засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ба цаашид уг гэрээ Монголын төр улсын бүрэн эрхт байдлыг бататгах хууль цаазын үндэс суурь нь болж өгсөн юм.
Тодруулбал, эл гэрээ байгуулсан явдал нь шинэ тулгар Монгол Улсын хувьд дэлхий дахины улс гүрэн бүртэй эн тэнцүү харилцаа тогтоох боломжийг нээж өгсөн бөгөөд Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласны дараа дээрх гэрээ Монгол улсын статусыг олон улсын тавцанд тодорхойлон тогтоох албан ёсны анхны эрх зүйн баримт бичиг болов.
Иймээс эл гэрээний 110 жилийн ойд зориулан Олон улс судлалын хүрээлэнгээс олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тус хуралд Монгол Улс, Япон Улс, ОХУ, ХБНГУ, Итали, Швейцар зэрэг улсуудын эрдэмтэд биеэр болон цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүлэв.
Хурлыг нээж ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо үг хэлсэн бол Оросын нэрт дипломатч, И.Я.Коростовецийн зээ хүү, эдүгээ Итали улсад амьдарч буй доктор Карло Гастони цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
Хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Оохнойн Батсайхан "1912 оны Монгол-Оросын Найрамдлын гэрээний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, учир холбогдол" сэдвээр; Япон улсын нэрт монголч эрдэмтэн, профессор Наками Тацүо "Historical Position and Meaning of the 1912 Russo-Mongol Agreement"; ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорнодахины хүрээлэнгийн профессор, нэрт монголч эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Сергей Львович Кузьмин "Russian-Mongolian agreement of 1912 and international legal status of Mongolia"; ХБНГУ-ын нэрт монголч эрдэмтэн, профессор Удо Б.Баркманн "The Geopolitical Framework Conditions for the Conclusion of the Russian-Mongolian Agreement of 1912, Reconstruction on the basis of documents of the German Foreign Office" сэдвээр; Япон Улсын Шимоносеки хотын их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Тачибана Макото "Re-examination of the Protocol Annexed to the Russo-Mongolian Agreement of 1912, Focusing on Negotiation Process and Subsequent Discussion" сэдвээр; ОХУ-ын Байгалийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Юрий Васильевич Кузьмин "Национальная независимость Монголии в 1911 году и роль российских военных: историография проблемы" сэдвээр; ОХУ-ын Буриадын их сургуулийн доцент Оксана Николаевна Полянская "Российско-монгольские отношения начала XX в. в переписке востоковедов братьев А.М. и Д.М. Позднеевых" сэдвээр; Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн доктор, профессор Цэндийн Гантулга "Алтай, Тагнын хязгаарын асуудал ба 1912 оны гэрээ" сэдвээр; Итали улсын The LUISS “Guido Carli” олон улсын их сургуулийн багш, доктор Fabrizio Rudi "Ivan Jakovlevič Korostovec. The diplomat, the man in the memories of his daughter Ol'ga" сэдвээр; ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг, БХЭШХ-ийн ЭША, доктор (Ph.D), дэд профессор Х.Орхончимэг нар "1912 оны Орос-Монголын гэрээнд тусгагдсан цэрэг байгуулах асуудал ба монгол цэргүүдийг сургасан тухайд" сэдвээр; ХААИС-ийн багш, доктор (Ph.D) Б.Лхагвадорж "1912 оны Орос-Монголын найрамдлын гэрээ ба Өвөр Монгол" гэсэн сэдвээр; МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/, дэд профессор М.Одмандах "Монголын анхны сонин ба Найрамдлын гэрээ" сэдвээр; Япон улсын Шоова Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн докторант Өрлүүд Зүмбэр "1912 оны Орос-Монголын гэрээ ба Богд Хаант Монгол улсын үеийн орчин үеийн нэр томьёо" сэдвээр; Швейцарь улсын Берний Их сургууль, Шашин судлалын Институт докторант С.Золбоо "The Russian-Mongolian Agreement of 1912 in the Accounts of Tseveen Jamsrano and Magsar Khurts" сэдвээр тус тус илтгэл тавив.
Мөн хуралд ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, МУИС, МУБИС, ХААИС зэрэг их дээд сургуулийн багш, профессор судлаачид оролцов. Тус хурлаар 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төр, түүний залгамж чанар, Монгол ба Оросын 1912 оны гэрээний агуулга, Монгол, Орос, Хятад, Япон зэрэг улсууд уг гэрээг хэрхэн ойлгож, хүлээн авч байсан, гэрээ байгуулах үйл явц, Монголыг тойрсон тухайн үеийн бүс нутаг хийгээд олон улсын геополитикийн асуудал, олон улсын нэр томьёоны тухай, Монгол ба Орос, Монгол ба олон улсын харилцааны асуудлаар эрдэм шинжилгээний үндэслэлтэй, архивын шинэ сурвалж судалгааны эргэлтэд оруулсан хурал болов. Тухайлбал, ХБНГУ-ын Гадаад яамны архивд буй Их Британид сууж байсан Оросын эзэнт гүрний дипломат ажилтнуудын нууц цахилгаан, мэдээ, Оросын цэргийн тагнуулчдын маш нууц зэрэглэлийн тайлан зэрэг шинэ сурвалжуудыг судалгааны эргэлтэд оруулсан ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдав. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарах юм байна.