Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Mонгол-Вьетнамын харилцаа: түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов
“Mонгол-Вьетнамын харилцаа: түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт  эрдэм шинжилгээний хурал болов

    Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Монгол-Вьетнамын харилцаа: түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлын үеэр Монгол-Вьетнамын харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” номыг танилцуулах ёслолын арга хэмжээ болов.

    Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг ШУА-ийн ОУСХ-ийн захирал Д.Золбоо нээж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж, БНСВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгүен Ды Нгыа Дык, VII дүрийн Наро Банчэн хутагт нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв.

    Эрдэм шинжилгээний хуралд Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбар зэрэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон “1979 оны Хятад-Вьетнамын дайн ба Монгол”, “Хөгжилд түүчээлэх хамтын ажиллагаа Төв-Хоа Бинь”, “Аялал жуулчлал олон улсын хамтын ажиллагааны нэг хөшүүрэг болох нь: Монгол-Вьетнамын аялал жуулчлалын харилцаа”, “Бидний бахархал-Хо Чи Миний нэрэмжит 14 дүгээр сургууль”, “Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэг түүхэн замнал” зэрэг нийт найман илтгэлийг эрдэмтэн, судлаачид  илтгэж, хэлэлцүүллээ.

    Ийнхүү эрдэм шинжилгээний хурлаар Монгол-Вьетнамын харилцааг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л талаас нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойших 70 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн, хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар илүүтэй анхааран хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо.

  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа
  • судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Э.Мөнхзул





Бусад мэдээлэл