Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ДАЯАРШИЛ БА ӨНӨӨДРИЙН ЕВРАЗИ: ТҮҮХ, ХАНДЛАГА, ӨӨРЧЛӨЛТИЙН СОРИЛТ, БОЛОМЖ”
Alternate Text

                             “ДАЯАРШИЛ БА ӨНӨӨДРИЙН ЕВРАЗИ: ТҮҮХ, ХАНДЛАГА, ӨӨРЧЛӨЛТИЙН СОРИЛТ, БОЛОМЖ”

Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монгол дахь Төв, Зүүн Европ судлалын Холбоо хамтран Слав, Еврази судлалын 9 дэх удаагийн олон улсын бага хурлыг 2018 оны 6 сарын 30, 7 сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.  
Бага хурлын ерөнхий сэдэв. XXI зууны онцлох шинж тэмдэг болсон даяаршил нь том жижиг улс орнуудад нийтлэг сорилтыг дэвшүүлж, бүс нутгийн болон олон улсын интеграци, олон талт хамтын ажиллагаанд татагдан орох боломжийг өргөжүүлж байна. Улс тус бүр үндэстний эрх ашгаа дээдлэн олон улсын хамтын ажиллагааанд тэгш эрхтэй оролцох, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломж өргөжиж байна. Эдийн засаг, худалдаа-бизнесийн салбарт хамтран ажиллах үйл явц ахицтай байгаа хэдий ч хөгжлийн түвшин, том ба жижиг улсын хэмжүүр, соёл шашны ялгаа, өөр өөр үнэлэмжээс шалтгаалан интеграцийн үйл явц саад тотгортой тулгарч байна.
XX зууны сүүлийн арван жилд болсон түүхэн үйл явдал тухайлбал, ЗХУ-ын задрал, Зүүн Европын орнуудын ардчилсан хувьсгал зэрэг нь эртний түүх соёлын уламжлалтай Евразийн өргөн уудам бүс нутгийн ард түмний амьдралд гүн гүнзгий өөрчлөлтийг авчирсан.Эдгээр улс орнууд шилжилтийн үеийн нийтлэг бэрхшээлийг даван туулах, даяаршсан дэлхий ертөнцийн шинэ дэг журамд дасан зохицох амаргүй сорилттой давхар тулсан. Шинэ нөхцөлд хамтын ажиллагааны үр ашигтай хэлбэрийг  бий болгох, даяршсан дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг зорилтыг хамтдаа шийдвэрлэх хүсэл эрмэлзэл давамгайлж байна.
Евразийн бүс нутагт  ШХАБ, Евразийн Эдийн засгийн холбоо зэрэг хамтын ажиллагааны механизм төлөвшихийн сацуу хоёр ба гурван талт мөн олон талт хамтын ажиллагааны хэлбэрүүд амжилттай өргөжин хөгжиж, харилцан ойлголцол нэмэгдэж, хамтран ажиллах туршлага хуримтлагдсаар байна. Эдийн засаг, худалдаа бизнесийн салбарт  эхэн үеээ бодвол харилцан ойлголцолгүнзгийрч, тодорхой ахиц амжилт гарч байна. Гэхдээ улс тус бүрийн өвөрмөц онцлог, хөгжлийн ялгаа, соёл шашны уламжлал, үнэлэмжээс шалтгаалан бэрхшээл саад тотгор цөөнгүй байна. Газар нутгийн маргаан, шашны ялгаварлал зэрэг бусад шалтгааны улмаас үүдсэн зөрчил мөргөлдөөн, маргаантай асуудлууд Евразид байсаар байна.
Эдүгээ Евразийн хамтын хөгжил төлөвшлийн асуудалд  цогц байдлаар хандах шаардлага чухлаар мэдрэгдэх болов. Даяршсан дэлхий ертөнц дахь Евразийн асуудлыг түүх, өнөө цагийн хандлага, өөрчлөлтийн нөхцөл боломж зэрэг олон талаас нь задлан шинжлэх хэрэгтэй байна. Энэ талаар судлаач эрдэмтэдийн ойлголт, ялгаатай байр суурийг харилцан сонсох, Евразийн ирээдүйд тулгарах сорилт бэрхшээл, тэдгээрийг даван туулах боломж, арга замын талаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх нь 9-р бага хурлын гол зорилго байв.
Ерөнхий сэдвээс улбаатай бага хурлаар хэлэлцсэн чиглэлүүд:
•    Евразийн хөгжил: түүх, дэвшилтэт уламжлал; тухайлбал Өрнө Дорныг холбож байсан Торгоны зам, XIII-XIY зууны Монголын эзэнт гүрний үеийн нүүдлийн ба суурин соёл иргэншлийн огтлолцол, соёл-шашны харилцан солилцоо
•    Евразийн хөгжилд саад болж буй зөрчлүүд, евразийн орнуудын гадаад бодлого, өнөөгийн олон туйлт дэлхийн дэг журмын сорилтууд
•    Евразийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм: улс орны ялгаатай байдал, сонирхлыг нэгдмэл  үйл явцад тусгах  боломж, хүсэл эрмэлзэл
•    Евразийн бүс нутгийн соёл-хүмүүнлэгийн хамтын ажиллагаа: нийгмийн шинжлэх ухааны олон салбарт өнцгийн  задлан шинжилгээ ба харьцуулсан байв.















2018 оны 6 сарын 30 – 7 сарын 1






Бусад мэдээлэл