ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоогийн урилгаар хүрэлцэн ирсэн Шанхайн Олон улс судлалын хүрээлэнгийн орлогч захирал Ли Кайшөн-г 5 дугаар сарын 31-ний өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн байрны 701 тоот танхимд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Mонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэл байгуулсны 10 жилийн ойн хүрээнд хоёр талын хамтарсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Монголын талаас ШУА-ийн Удирдлага төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Сувданцэцэг, Олон улс судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгчид, Хятад салбарын ажилтнууд болон Стратегийн судалгааны хүрээлэн, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратегийн хүрээлэнгийн төлөөлөгчид, Хятадын талаас Ли Кайшөн орлогч захирлыг дагалдан ирсэн Шанхайн Олон улс судлалын хүрээлэнгийн Зүүн хойд Ази судлалын төвийн судлаачид оролцов.
Хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Шанхайн Олон улс судлалын хүрээлэнгийн орлогч захирал Ли Кайшөн нар хоёр талын төлөөллийг харилцан танилцуулж, тус хоёр хүрээлэнгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээлэл хийсний дараа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Удирдлага төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Сувданцэцэг Монгол Улсын ШУА-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
Улмаар Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж “Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Хятадын харилцаа”, Шанхайн Олон улс судлалын хүрээлэнгийн Зүүн хойд Ази судлалын төвийн судлаач Жоу Шөншөн “БНХАУ-ын гадаад бодлого ба Хятад, Монголын харилцаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, монгол, хятадын судлаачид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уулзалтын төгсгөлд хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Шанхайн Олон улс судлалын хүрээлэнгийн орлогч захирал Ли Кайшөн нар дугуй ширээний уулзалтыг дүгнэн үг хэлж, цаашид хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар санал солилцов.