ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зочилж, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атеш (Zafer Ateş)-тай уулзлаа.
Захирал Д.Золбоо Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад тус Элчин сайдын яамны туслалцаа үзүүлэн хамтран ажилласанд талархалтай байдгаа онцлон тэмдэглэв.
Уулзалтын хүрээнд ноён Элчин сайдад хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тухай товч танилцуулж, Турк судлалын талаар хэрэгжүүлж буй ажлууд, хоёр орны шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Элчин сайд Зафер Атешийг Олон улс судлалын хүрээлэнд хүрэлцэн очиж, БНТУ-ын гадаад бодлого болон хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны талаар илтгэл хэлэлцүүлэхийг урьсан байна.