Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгч хүрээлэнд зочлов
Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгч хүрээлэнд зочлов

    2024 оны 1 дүгээр сарын 30-нд Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, ноён Николай Кай-Ю Ван тэргүүтэй албаны хүмүүс манай хүрээлэнд зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

    Уулзалтын эхэнд, хүрээлэнгийн захирал Д.Золбоо цаг зав гарган хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж, олон жил хамтын ажиллагаатай байж, харилцаагаа эрхэмлэсээр ирсэн Тайбэйн төлөөлөгчийн газрынхантай, тэр дундаа шинээр томилогдон ирсэн Николай Кай-Ю Ван эрхэмтэй уулзах завшаан гарсанд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ дурдав.

    Ноён Николай Кай-Ю Ван элгэмсэг дотноор хүлээн авч буй хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлж, тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, үргэлжлэн хамтран ажиллах чин хүсэлтэй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, миний бие ОХУ-д ижил чиглэлээр олон жил ажилласан, энэ удаад Улаанбаатар хотод ажиллах болсондоо сэтгэл ханамжтай байна хэмээгээд шинэ албанд томилогдсоны дараахан уламжлалт харилцаатай Олон улс судлалын хүрээлэнгийнхэнтэй уулзаж буйд баяртай байгаагаа дурдаж, хоёр тал шинжлэх ухаан, боловсролын салбарт үргэлжлэн хамтран ажиллахыг чухалчилж,  хүрээлэнгийн судлаачдыг Тайваньд урт, богино хугацаанд суралцуулах хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажиллахаа онцлон тэмдэглэв.

    Захирал Д.Золбоо, хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар тэр дундаа Хятад судлалын салбарын байдал, судалгааны чиглэл, үр дүнгийн талаар товч танилцуулж, Тайвань судлал бол Хятад судлалын ажлын чухал чиглэл, иймд энэ чиглэлээр ажиллах залуу судлаачийг тусгайлан сурган ажиллуулж байгааг тэмдэглээд, Тайванийн холбогдох байгууллагуудаас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсэн хүрээлэнгийн судлаачдынхаа ажлын үр дүнд сэтгэл нэн хангалуун байдгаа илэрхийлээд Төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Николай Кай-Ю Ван-д ажлын амжилт хүсэж, судалгааны бүтээлийн дээжээс гардуулав. 

    Талууд хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцож, уламжлалт хамтын ажиллагаагаа хадгалж байхын тухайд санал нэгдэв.  Уулзалтад, хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Төрдалай, Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардорж нар байлцав.


  • Мэдээ бичсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын
  • салбарын эрдэм шинжилгээний ажилтан А.Номин



Бусад мэдээлэл