ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, солонгос судлаач, доктор И.Энхболд, доктор Ц.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөл 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр БНСУ-ын Элчин сайдын яамнаа зочлов. Эрдэмтдийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, элчин зөвлөх Ли Ын Ук нар хүлээн авч уулзан санал солилцлоо.
Захирал, доктор Д.Золбоо байгууллагынхаа эрдэм судлалын үйл ажиллагаа болон Солонгос судлалын талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг товч танилцуулаад 2020 оны 3 дугаар сард Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр талын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байсан ч “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас түр хойшлогдсон болохыг тэмдэглэв.
Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад элчин сайдаар томилогдон ирснээс хойших хугацаанд тус улсын шинжлэх ухаан, боловсролын байгууллагын төлөөллийн хувьд хүлээн авч буй анхны уулзалт болж байгаад онцлон тэмдэглээд ЭСЯ-тай тогтвортой хамтран ажиллаж буйд талархлаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн дэргэд Монголын Солонгос судлалын төв байгуулан тогтвортой ажиллуулах, Солонгос судлал, Монгол-Солонгосын орчин үеийн харилцааны онцлох асуудлаар суурь судалгаа явуулах, бүтээл, сэтгүүл эрхлэн гаргах талаар санал солилцсон байна.
ЭСЯ-ны зүгээс БНСУ-ын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагуудтай холбон ажиллах, Солонгос судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр Олон улсын харилцааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Солонгос судлал” судалгааны сэтгүүл болон доктор Ц.Цэрэндорж “Гурван улсын нөхсөн судар” хэмээх эртний Солонгосын түүхэн сурвалжийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн шинэ номын дээжээс элчин сайдад өргөн барив.
Мэдээ бэлтгэсэн: Р.Төрдалай