Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын Бага чуулганы удирдлага Олон улс судлалын хүрээлэнд ажиллав
ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын Бага чуулганы удирдлага Олон улс судлалын хүрээлэнд ажиллав

    ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын Бага чуулганы дарга, академич Н.Бэгз, дэд дарга шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж, нарийн бичгийн дарга, доктор А.Амарсанаа нар 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Олон улс судлалын хүрээлэнд зочилж, сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны голлох үр дүнтэй танилцав.   

    Дэлхий дахин олон улсын харилцааны шинэ хуваагдал, дайны амаргүй сорилт дунд байгаа энэ жилүүд нь Монгол Улсын гадаад орчинд ихээхэн өөрчлөлт хувирлыг дагуулсаар байна. Энэ нөхцөлд манай улсын шинжлэх ухааны байгууллагууд, тэр дундаа Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцааны судалгааг дагнан хэрэгжүүлэгч академик байгууллага болох 55 жилийн түүхтэй Олон улс судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг Бага чуулганы удирдлагаас онцлон тэмдэглэв.

    Хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Д.Золбоо хүрээлэнгийн сүүлийн 5 жилийн эрдэм шинжилгээний үр дүн болж хэвлэгдсэн 50 орчим ном бүтээлийг багцалсан товч танилцуулгаа хийж, хүрээлэнгийн цахим шилжилт, албан сэтгүүлийн хөгжүүлэлт зэрэг голлон хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагааны тухай мэдээлэл хийлээ.

    ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын Бага чуулганы удирдлагаас Монгол Улсын гадаад орчин дахь өөрчлөлт хувиралтай уялдуулан тус хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлийг байнга шинэчлэх, цаашид салбар дундын судалгааны өргөн хүрээнд авч судлах зэрэг зөвлөмж саналаа өгсөн юм.

    Мөн хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд тогтмолжуулан зохион байгуулж буй “Лхагва гараг”-ийн ээлжит семинарын үйл ажиллагаатай танилцаж, эрдмийн хамт олонтой санал сэтгэгдлээ солилцож, сонирхсон асуултад хариулж ажил хэргийн яриа өрнүүлсэн байна.

Мэдээ бэлтгэсэн: ЭША Ш.Догмийчойдон




Бусад мэдээлэл