Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монголын гадаад харилцаа ба Бурханы шашин: ХХ зуун” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монголын гадаад харилцаа ба Бурханы шашин: ХХ зуун” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

    Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд 2024 оны 05 сарын 09-ний өдөр “Монголын гадаад харилцаа ба Бурханы шашин: ХХ зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

    Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар МБШ төв-Гандантэгчэнлин хийд, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны их сургууль, Азийн Буддистуудын энх тайвны бага хурал, Талын язгууртан сан ТББ хамтран ажиллав.

    Эрдэм шинжилгээний хурлыг МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гэвш, лхаарамба Д.Жавзандорж,  МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, АБЭТБХын ерөнхийлөгч гавж Д.Чойжамц, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор, Ц.Цэрэндорж нар нээж үг хэллээ.

    Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор (Sc.D), профессор О.Батсайхан “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын гадаад орнуудтай холбогдох оролдлого, түүний үр дүн”, Германы монголч эрдэмтэн, профессор Удо Б.Баркманн “Монголын өнөөгийн буддын шашны тухай”, МУБИС-ийн багш, доктор (Ph.D), профессор Ц.Гантулга, “Да лам Цэрэнчимэд ба гадаад харилцаа: үзэл бодол, байр суурь", МУИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Баярсайхан “Жалханз хутагт Дамдинбазар ХХ зууны эхэн үеийн Монгол улсын гадаад харилцааны түүхэнд”, Монгол Улсын Төрийн шагналт, сэтгүүлч, судлаач, докторант Б.Цэнддоо “Шанзав Бадамдорж: Урвагч уу, Эх оронч уу?”, доктор (Ph.D) Р.Болд “Дилав хутагт: АНУ-тай ойртохыг дэмжигч болох нь”, МУБИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Алтанзаяа, “Дэд сайд Да лам Равдангийн тухай”, МУИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Энхжаргал “XX зууны эхэн үеийн Монголчуудын шашин шүтлэг Р.Ч.Эндрюсийн нүдээр”, МУИС-ийн багш доктор (Ph.D), профессор С.Янжинсүрэн “Оросын эрдэмтэд Зава Дамдин гавжтай хамтран ажиллаж байсан нь”, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа, МБШ төв - Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны их сургуулийн багш, доктор (Ph.D) Д.Лхагвасүрэн нар “Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцаанд  тэргүүн хамба лам нарын гүйцэтгэсэн үүрэг”, ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу “Социализмын үеийн Монголын бурханы шашны гадаад харилцаа”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) М.Батаа “Монголын бурханы шашны гадаад харилцаанд холбогдох архивын зарим сурвалжийг шинжлэхүй: 1960-1970 он”, Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Г.Дашням, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Догмийчойдон нар “Азийн буддистуудын энх тайвны бага хурал, түүний үйл ажиллагаа (1970-1990)”, МБШ төв Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав “Азийн буддистуудын энх тайвны бага хурал: Өнөөгийн байдал, үйл ажиллагаа, хэтийн төлөв”, МУБИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор На.Сүхбаатар, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Наранжаргал нар “Монгол халимагийн шашны хэлхээ холбоо”, МУИС-ийн багш, доктор (Ph.D) Ж.Лхагвадэмчиг “Дээрхийн гэгээнтэн Далай ламын Монгол дахь эхний болон сүүлийн айлчлал, үр дүн” гэсэн сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг МБШ төв – Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр хааж үг хэлэв.

    Хуралд оролцогчид ХХ зууны 30-аад он хүртэл манай улсын төрийн үйл хэрэгт лам нарын гүйцэтгэсэн үүргийг өндөр байсныг тодруулж, төрийн өндөр алба хашиж байсан лам нар (Жалханз хутагт С.Дамдинбазар, Манзушир хутагт С.Цэрэндорж, Шанзав Г.Бадамдорж) болон лам байгаад хожим сайд болсон хүмүүсийн (Д.Бодоо, Х.Чойбалсан) тухай ч сонирхолтой баримт дэлгэн илтгэж байв. Хурлын хэлэлцсэн асуудал нь зөвхөн лам нарын тухай өгүүлээд зогсохгүйгээр, АБЭТБХ-ын үйл ажиллагаа түүний түүхэн гүйцэтгэж ирсэн үүрэг, үйл ажиллагааны чиг хандлага, өнөөгийн байдал, Монгол Халимагийн шашны харилцаа зэргээр Монгол туургатны шашны асуудлыг XIX зууны сүүлээс XXI эхэн үед хамруулан өргөн хүрээний асуудлыг хөндөж байв.
    Хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач, багш нар болон Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд оролцов. Мөн түүнчлэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.

  •     Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын
  • эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Наранжаргал









Бусад мэдээлэл