Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ахмад эрдэмтэн, доктор, профессор Санжийн Дамдинсүрэн “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртэв
Ахмад эрдэмтэн, доктор, профессор Санжийн Дамдинсүрэн “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртэв

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр давхар баяр тохион хүрээлэнгийн ахмад эрдэмтэн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эдүгээ 92 насыг зооглож буй  доктор, профессор Санжийн Дамдинсүрэн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.

    Доктор С.Дамдинсүрэн нь ОХУ-ын архивт Коминтерн, Монгол БХК (б)Н-ын харилцааны асуудлаар судалгаа хийж, нууц, хаалттай байсан олон мянган шинэ баримт илрүүлэн архивын фондыг баяжуулж "Коминтерн ба Монгол" УБ, (1996), “БХК(б)Н-ын баримт бичигт Монголын тухай" эмхтгэлийн I, II боть (2003-2004), III ботийг 2009 онд хэвлүүлэхэд голлон удирдаж ажилласан юм. XX зууны Монголын түүх судлалын сурвалж хэрэглэгдэхүүнийг баяжуулж түүхэн үнэнийг сэргээх түүхийн зангилаа асуудлуудыг тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.

    Монгол-Оросын харилцааны зарим асуудлыг шинэлэг байр сууринаас авч үзэж XX зууны Монгол-Оросын харилцааны ээдрээтэй асуудлуудыг архивын баримтанд түшиглэн судалж, шинэлэг санаа дүгнэлт дэвшүүлсэн эрдэм шинжилгээний чухал ач холбогдол бүхий бүтээлүүд туурвиж нийтлүүлсэн байна. Тухайлбал “XX зууны Монгол", УБ, 1995 он, "Монголын тусгаар тогтнол ба Орос, Хятадын хүчин зүйл”, УБ, 1999 он, "Россия и Монголия. Новый взгляд на историю взаимоотношений двух стран” М., 2001 г. "Зүүн хойт Ази ба Монгол” 2003 он зэргийг онцлон нэрлэж болох юм.

    Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дамдинсүрэн МУИС-д түүхийн багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар Намын Төв Хорооны Нийгмийн ухааны институт, Улсын архив, Зүүн хойт Ази судлалын төв, Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил эрхэлж, ХХ зууны Монголын түүх, Монгол-Зөвлөлтийн харилцаа, Монгол-Оросын харилцааны асуудлаар олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, салбарын судлаач нарынхаа дунд "Коминтерн Дамдинсүрэн” хэмээн үнэлэгдэн, хүндлэл хүлээж явсан билээ.

    Хүрээлэнгийн ахмад эрдэмтдийн маань нэг, бидний багш С.Дамдинсүрэн тандаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн, ЭША Ш.Догмийчойдон






Бусад мэдээлэл