Хүрээлэнгийн захирлын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зоан Хань Дам (Doãn Khánh Tâm) 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлов.
Захирал, доктор, дэд профессор Д.Золбоо Элчин сайдыг тус хүрээлэнд зочлон ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэн, хүрээлэнгийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгийн талаар товч танилцуулав. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсан цагаас хойш Монгол-Вьетнамын харилцаа, Вьетнам судлалд тасралтгүй хандсаар ирсэн ба хоёр орны шинжлэх ухааны байгууллага хоорондын харилцаа 2012 оноос дахин сэргэж, Олон улс судлалын хүрээлэн дээр төвлөрч байгааг цохон тэмдэглэв. Энэ хугацаанд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50, 60, 65 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хурлын эмхэтгэл, ном хэвлүүлж байсан ба эдгээр ажлуудад Элчин сайдын яамны дэмжлэг туслалцаа ихээхэн байсныг дурдаад, цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллана хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн, Элчин сайдад манай улсад ажиллах томилолтын хугацаандаа хоёр орны харилцааг урагшлуулахад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэн ерөөв.
Элчин сайд Зоан Хань Дам манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа 70 шахам жилийн түүхтэй, дайны хүнд хэцүү жилүүдэд Монголын төр засаг, ард түмнээс үзүүлсэн чин сэтгэлийн болон эд материалын тусламж дэмжлэгийг Вьетнамын ард түмэн үргэлж санан дурсаж явдаг хэмээн дурдав. Тэрээр томилолтын хугацаанд хоёр орны харилцаа, тэр дундаа шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад хувь нэмэр оруулан чармайн ажиллахаа илэрхийлээд Олон улс судлалын хүрээлэнгийн зүгээс дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг хүсэв.
Уулзалтын төгсгөлд, элчин сайд ноён Зоан Хань Дамын зүгээс хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ШУА-ийн удирдлагатай уулзах хүсэлтээ илэрхийлэв. Уулзалтад ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Нгүен Ван Дүен, хүрээлэнгийн Вьетнам судлалын секторын эрхлэгч, доктор Б.Цэнгэллхам нар байлцав.
Мэдээ бэлтгэсэн: Б.Цэнгэллхам