Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Украин ба Геополитик
Украин ба Геополитик

    Бид олон улсын харилцааны асуудлаар ярилцах гэж байна. Иймд олон улсын харилцаа гэдгээ эхлээд тодруулж хэлье. “Олон улсын харилцааны онол, үйл ажиллагааны үндэс” номондоо миний бие олон улсын харилцаа гэдэг бол “Үндэсний эрх ашиг”, “Геополитик”, “Үндэстний асуудал”, “Олон улсын хөдөлмөрийн хуваарь”, “Аюулгүй байдал”, “Дипломат харилцаа” гэсэн 6 ойлголтыг нэгтгэн ойлгож болох юм аа хэмээн томьёолсон.
    Дээрх 6 ойлголтоо бид Украин улсын жишээн дээр авч үзэх нь. Өөрөөр хэлбэл, Украины “Үндэсний эрх ашиг” юу вэ? Украины “Геополитик” гэж юуг ойлгох вэ?, Украины “Үндэстний асуудал” нь юу?, Украины хувьд дэлхийн зах зээл дээрх оролцоо, хувь хэмжээ буюу “Олон улсын хөдөлмөрийн хуваарьт” хэр нэгдсэн бэ?, Украины “Аюулгүй байдал” гэж юуг хэлж байна?, Украины гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа вэ? гэсэн асуудлыг гаргаж ярих нь Украины хямралын мөн чанарыг илүү тодорхой болгож өгнө хэмээн судлаачийн хувьд үздэг.
    Цаашдын ярианы үндэс болох товч статистикийг эхлээд дурдах нь зүйтэй. Украин улс 1991 онд ЗХУ-ын задралаар тусгаар тогтнож, бие даасан улс байгуулагдсан. Өнөөдөр олон намын тогтолцоотой, Ерөнхийлөгчийн засаглалтай, олон үндэстний, унитар БНУ. Хүн ам нь 44 сая (Крым ороод), ДНБ 156 тэрбум ам.доллар, энэ үзүүлэлтээрээ Европт 25-д, нэг хүнд ногдох ДНБ 4164 ам.доллар (3659$), энэ үзүүлэлтээрээ Европт 40 орчимд эрэмбэлэгддэг улс. Нийт гадаад худалдаа нь 120 тэрбум ам.долларт эргэлдэж байгаа, үүнээс импорт - 59.3 тэрбум ам.доллар, үүний 26 тэрбум буюу 44.3% нь Европын Холбоо (ЕХ)-ноос, 8.5 тэрбум буюу 14.3% нь БНХАУ-аас, 4.6 тэрбум буюу 7.9% нь ОХУ-аас тус тус импорт хийдэг. Экспорт - 59.0 тэрбум ам.доллар, үүний 22 тэрбум буюу 37.1%-г ЕХ-нд, 7.3 тэрбум буюу 12.3%-г БНХАУ-д, 5.3 тэрбум буюу 9%-г ОХУ-д экспортолдог. Цэргийн зардал нь 6 тэрбум ам.доллар. Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д 2008 онд гишүүнээр элссэн. Украины дорнод хэсэгт нь аж үйлдвэрлэл түлхүү хөгжсөн. Хэдийгээр хагас боловсруулалт голлодог ч, харьцангуй үйлдвэрлэгч улс. Тиймдээ ч гадаад худалдааны алдагдалгүй шахуу улс. Орос, Украины худалдаа хамгийн сайн цаг үедээ 50 тэрбум ам.долларт хүрч байсан.

Украины хямрал ба Үндэсний эрх ашиг

    Украины үндэсний эрх ашиг гэдэг нь том утгаараа бол энэ улсын тусгаар тогтнолоо баталгаатай байх, газар нутаг нь бүрэн бүтэн байх, үндэсний хэл соёл, шашин шүтлэгээ хамгаалж хөгжүүлэх, иргэдийнхээ аюулгүй, сайн сайхан аж төрөх нөхцөлийг хангах, дэлхийн олон улс оронтой энхийн харилцааг хөгжүүлэх гэх зэргээр тоймлож болно. Эдгээрийг зөрчсөн аливаа үйлдэл нь Украины үндэсний эрх ашигт заналхийлсэн буюу хор хохирол үзүүлсэн хэмээн үзэж бүхий л аргаар, түүний дотор цэрэг, зэвсгийн хүчээр хамгаалах учиртай.
Өнөөдрийн хямралын үндэс нь Крымийн аннекси. Учир нь Украины үндэсний эрх ашиг шууд зөрчигдсөн нь харагдаж байгаа. Яагаад Крымийн асуудал үүссэн бэ? Крымийн асуудалд тайлбар хийхийн тулд уг асуудал үүсэхийн өмнөх буюу тухайн үеийн олон улсын харилцаанд анализ хийх ёстой. 1997 онд Орос, Украины хооронд найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн тухай гэрээг байгуулж, 1999 онд хүчин төгөлдөр болсон. 1994 онд ОХУ, АНУ, Их Британи нь Будапештын меморандумаар Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, батлан даахаа баталгаажуулсан. Түүнчлэн 2 улсын хоорондын хил хязгаараа хүлээн зөвшөөрсөн гэрээ ч бий.

Украины хямрал ба Геополитик

    Крымийн аннексийн бодит шалтгааныг Украин-Орос, Украин-ЕХ, Украин-АНУ, ОХУ-ЕХ-ны харилцаанд дүн шинжилгээ хийх замаар тодруулах нь зүйтэй.

    1991 онд ЗХУ-ыг татан буулгаж Украин, ОХУ нь өөр өөрсдийн бие даасан тусгаар улсуудаа байгуулж, цаашдын хөгжлийн замаа сонгосон. Цөмийн зэвсгийн статусыг ОХУ хадгалж үлдсэн. Пост зөвлөлтийн орнуудын бүхий л хүндрэлийг Орос ч, Украин ч амссан. ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь ТУХН-ийн орнууд, тэр дотроо Украин, Беларусь, Казахстан нь ОХУ-ын хувьд харилцааны “амин чухал” субъектууд. Учир нь эд нар нийлээд 200 гаруй сая хүн амтай зах зээл. Нэмээд Төв Ази, Кавказын нөлөөний улсуудыг оруулбал 250 гаруй сая буюу АНУ-тай дөхөж очих хэмжээний зах зээл. Эдгээр улсгүйгээр ОХУ нь “шүдгүй арслан” болно хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Эдгээрийг өөрийн нөлөөнд, холбоотны хэмжээнд байлгах нь Оросын гадаад бодлогын №1 асуудал. Үүнд нь 2004 оноос хойших Украины “үйлдлүүд” шууд “харшилж” эхэлсэн. Хуучин зөвлөлтийн нэлээн олон БНУ-ыг багтаасан “Евразийн эдийн засгийн орон зай” (ЕЭП) -г Украин улс хэсэг хугацаанд толгойлж ажилласан нь ОХУ-д “хамтдаа явах нь” гэсэн ихээхэн итгэл найдвар төрүүлж байсан хэдий ч “өнгөт хувьсгал”-ын дараа бараг зогссон.

    ЗХУ тэргүүтэй социалист систем задарснаар Зөвлөлт, Өрнөдийн хоорондын “жийргэвч бүс” болох Зүүн Европын орнууд Өрнөд рүү хандаж ЕХ, НАТО-гийн гишүүд болцгоосон. Ингэснээр Өрнөд, Оросын хоорондын “жийргэвч бүс”-ийн функцийг хуучин Зөвлөлтийн БНУ болох Молдав, Украин, Гүрж, Балтийн БНУ-ууд, Кавказын БНУ-ууд гүйцэтгэх болсон. Энэ бүсэд Орос, Өрнөдийн хоорондын далд өрсөлдөөн эхэлсэн. Энэхүү өрсөлдөөн нь Украиныг өөр өөрсдөдөө “зөөлөн жийргэвч” байлгах улс төр, эдийн засгийн бодлогоор тодорч эхэлсэн. 2004 оноос Балтийн орнууд НАТО, ЕХ-нд элссэнээр “жийргэвчүүд” бүр ч асуудал дагуулж эхэлсэн ба ОХУ нь НАТО-той шууд хиллэх болсон. 2008 онд Украин, Гүрж 2 НАТО-гийн “План действий”-д (үйл ажиллагааны төлөвлөгөөнд) хамрагдах хүсэлтээ гаргасан. Энд хамрагдсан улс нь уг эвсэлд элсэх “потенциальный кандидат” гэсэн үг. 2009 онд ЕХ “Восточное партнёрство” (Дорнын түншлэл) хөтөлбөрийг боловсруулж, үүндээ Украин, 5 БНУ-ыг улс төр, эдийн засгийн хүрээнд хамруулах чиглэл гаргасан ба үүгээрээ Украинтай “илүү дотно” харилцааг бий болгосон. Энэ үеэс л Украин “нуруугаа харуулах” нь гэсэн ойлголт Орост бий болсон. Энэ нь ерөнхийдөө Украины хямралын эхийг тавьж, Крымийн аннексид хүргэсэн хэмээн үзэж болно. 2008, 2009 оны үйлдэл, цаашдын өрнөлийг амдаж 2007 оны Мюнхений бага хуралд В.Путины хэлсэн үгний агуулга, 2008 оны Гүрж-Оросын дайн нь 2009 онд ЕХ “Восточное партнертство”-г тунхаглахад нөлөө үзүүлсэн байж болно. 2008 онд Гүрж нь ЕХ-той Ассоциац үүсгэсэн бол Молдав нь 2014 онд тийм хэлэлцээрийг мөн л ЕХ-той байгуулсан.

    Дээрхээс харахад, Украин нь ОХУ ба Өрнөдийн геополитикийн өрсөлдөөний талбар л гэсэн үг. Хоёр талаас амлалт, дэмжлэгийг “харамгүй” үзүүлж эхэлсэн. Энэ нь ЕХ, НАТО-д элсүүлэх, аль эсвэл транзит, худалдааны хөнгөлөлт гэх мэтээр илэрч гарсан. Украин ч бас өөрийн “тоглолтоо” хийсэн. Энэ тоглолтоо “харалган” хийсний үр дүнд дотоодын улс төрийн хямрал бий болж тэр хямрал нь улс орноо хуваагдахад хүргэсэн.

    Оросын стратеги нь Украиныг өөрийн нөлөөнд барьж ЕХ руу оруулахгүй байлгах, ингэхдээ түүнийг “НАТО-д элсэх гэж байна” гэсэн айдсаар халхавчилж байсан. НАТО-д оруулахгүй тулд Украиныг Холбооны улс болгох нь чухал болсон. Хар далайд ОХУ-ын байр суурь зонхилж эхэлбэл НАТО-д Украиныг татах сонирхол буурна. Ингэхийн тулд эхний ээлжинд Крымийг авах нь стратегийн хувьд ач холбогдолтой байсан. Крымийн портын түрээсийн хугацаа ч дуусах дөхсөн байв.

    Крымийн аннексия. Олон улсын харилцааны эрх зүйд “аливаа улсын газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх, халдашгүй байх” гэсэн нэгэн түгээмэл бөгөөд амин чухал зарчим бий. Мөн зэрэгцээд “аливаа үндэстний ямар статустайгаар оршин тогтнох, аж төрөх эрхийг хүндэтгэх” гэсэн зарчим үйлчилдэг. Зэрэгцэн үйлчилдэг эдгээр 2 зарчим нь хоорондоо зөрчилтэй. Эдгээрийг зохицуулсан олон тооны тунхаглалууд байдаг хэдий ч энэхүү зөрчил нь хүчээр буюу хүчирхэг нь зөв болж асуудал шийдэгдэж ирсэн. Үүний тод жишээ нь Крым.

    Крымийг авснаар ОХУ нь Хар далайд тэргүүлэх хүчин болсноор үл барам Газар дундын тэнгисийн зүүн эрэгт нөлөөтэй байх боломжийг олж авсан. Түүнчлэн, Кавказ, Балканд нөлөөтэй байх геостратегийн нөхцөлөө бүрдүүлсэн. Урд нь ОХУ нь урт хугацааны түрээсээр ашиглаж байсан порт. Энэ нь Украин болон Хар далай руу чиглэсэн НАТО-гийн сонирхлыг бууруулсан. Хэдийгээр НҮБ-ын санал хураалт дээр 10 гаруй улс дэмжиж, 100 гаруй улс энэхүү үйлдлийн эсрэг санал өгсөн ч ОХУ зорилгодоо бүрэн хүрч, эрх ашгаа хамгаалж чадсан. Энэ үйл явдал Украин, Оросыг “мөнхийн дайсан” байх эх сурвалж болсон. Крымийг алдсанаар Украин нь ДНБ-ийнхээ 4-5%-г алдахад хүргэсэн. Ташрамд хэлэхэд, Крымийн аннексид Казахстан улс түдгэлзсэн санал өгсөн нь Төрийн тэргүүнийг нь ажлаа өгөхөд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Крымийн араас ДНР, ЛНР, Харьковская НР гарч ирэхэд бэлэн болсон буюу Украин улс Днепр мөрнөөр 2 хуваагдах нөхцөл бүрдсэн.

Украины хямрал ба Үндэстний асуудал

    XIX зуунд Украинчуудаас гадна еврей, орос, польш, немц, татар үндэстнүүд маш ихээр аж төрдөг байсан бол XX зуунд Зөвлөлт засгийн хүн ам зүйн бодлогын үр дүнд үндэстний бүтэц өөрчлөгдөж оросууд нэмэгдсэн. 1920 онд хүн амын 10 хүрэхгүй хувь нь оросууд байсан бол 1980-аад онд 20 гаруй хувь нь оросууд болж нэмэгдсэн байдаг. 1992 онд 51.7 сая хүн амтай байсан улс 2020 онд 41.7 сая болж буурчээ.

    Крым эхлээд аннексид орсны геополитик талыг нь дээр өгүүлсэн бол энд уг бодлого хэрэгжүүлэх бодит нөхцөл нь үндэстний асуудал хэмээн тодруулж болно. Хэдийгээр Украины хүн амын 77.8% нь украинчууд, 17.3% нь оросууд эзлэх ба белорусv, молдав, татар, болгар, унгар, румын, польш, еврей гээд олон үндэстэн аж төрдөг. 77.8%-ийн 62% нь “цэвэр украинчууд” бол 9-10% нь украин оросын эрлийзүүд эзэлдэг. Монгол, Япон шиг моно үндэстний улс биш гэсэн үг.

    Украины нийт хүн амын 43-46% нь орос хэлийг хэрэглэдэг. Субъектуудаар авч үзвэл, Крымд - 97%, Днепрпетровск - 72%, Донецк - 93%, Запорож - 81%, Луганск - 89%, Николаевск - 66%, Одесс - 85%, Харьков - 74% нь тус тус орос хэлээр ярьдаг. Крым - 2 сая, ДНР - 4 сая, ЛНР - 2 сая, Харьков - 2.6 сая, Днепрпетровск - 3 сая хүн амтай. Яагаад Крым, Донецк, Луганск гээд байгаа шалтгаан нь энэ.

    Украины нийгэм - улс төрийн хямрал нь Унитар Украиныг геополитик, угсаатан-соёлын хувьд хэд хэд хуваагдах нөхцөл рүү түлхэж болохоор байна.

  1. Зүүн Украин буюу Днепр мөрнөөс зүүн Черниговоос Азовын тэнгис хүртэлх газар нутагт орших оросууд зонхилсон, үнэн алдартны шашинт “малороссийск”. Энэ бүс нутаг соёл, түүх, угсаа гарал, шашин шүтлэг нь яах аргагүй оросуудтай ойр.
  2. Төв Украин буюу Черниговоос Одесс хүртэлх хэсэг, үүнд нь Киев ч багтаж байгаа. Энэ хэсэгт мөн л “малороссийск” угсаатан, хэлтэнгүүд, үнэн алдартны шашинтангууд зонхилно. Тиймдээ ч Зүүн Украинтайгаа илүү ойр дотно.
  3. Баруун Украин нь дотроо хойд (Волынь), түүний өмнө талд Львов муж буюу Галицин, өмнөд (Закарпат), Баруун Украины зүүн өмнөд хэсэг буюу Бессарабийн зүүн (румын, молдавчууд, малоросууд холимог оршдог) хэсэг. Эдгээр нь харьцангуй бие даасан мужууд. Волынид (Польштой түлхүү холбоотой явж ирсэн) католикууд зонхилж Төв Европын соёлын нөлөө ихтэй, тийм нөхцөл байдал Галицид, Закарпатад (Энэ 2 нь Австри-Унгартай түлхүү холбоотой) бий.

    Нийт хүн амын 81.9% нь христийн шашинтай, түүний 63.4% нь Үнэн алдартны шашинтай. Украины Үнэн алдартны шашны Киевийн Патриарха - 14.5% (38.1)<, Москвагийн Патриархат - 10.5% (23), католикууд - 6-7%, буддизм - 1.1%. ОХУ, АНУ, Канад, Казахстан, Молдав, Румын, Польш, Бразил, Аргентин, Австралид 11-15 сая украины диаспор аж төрдөг. Үүнд “акцент” өгөх учиртай. Сонирхуулахад, “Великоросс” гэж оросуудаа, “малоросс” гэж украинчуудаа, “новоросс” гэж Харьковаас Одесс буюу зүүн, зүүн өмнөд хотуудыг нэрлэдэг.

Украины хямрал ба Олон улсын хөдөлмөрийн хуваарь

    Украин улс нь олон улсын хөдөлмөрийн хуваарьт өөрийн оролцооны сегментийг бий болгож чадсан, харьцангуй үйлдвэржсэн улс. ХАА, хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүнээр оролцдог. Тодруулбал, улаан буудай, хар төмөрлөг, транзит тээвэр. Тухайлбал, хийн болон нефтийн транзит, авто болон төмөр замын транзит, агаарын тээврийн транзит гээд үйлчилгээний салбарын оролцоотой. Дээр өгүүлсэнчлэн, гадаад худалдаа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, стратегийн ач холбогдол зэргийг харж үзэх нь Украины геополитик болон аюулгүй байдлыг тодорхойлох бас нэгэн үндэслэл. Сонирхуулахад, 2013 оны байдлаар Украин нь экспортод тус бүр нь 100 сая ам.долларын 19 нэрийн барааг бараа, 50-100 сая ам.долларын 22 нэрийн барааг, 10-50 сая ам.долларын 127 нэрийн барааг, 1-10 сая ам.долларын 264 нэрийн барааг тус тус гаргадаг харьцангуй “солонгорсон” эдийн засагтай улс.
Зүүн Украинд аж үйлдвэрийн гол салбарууд зонхилдог ба тэдгээрийн эрчим хүчний гол эх сурвалж нь импортын байгалийн хий дээр суурилсан нь Оросын стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг.

Украины хийн транзитын асуудал


  Хий дамжуулах хоолой анх 1924 онд байгуулагдаж байсан ба олон улсын хөдөлмөрийн хуваарьт дахь Украины оролцооны нэг чухал сегмент. 1948 онд “Дашава-Киев” чиглэлийн хийн хоолой баригдсан нь Европт хамгийн томд тооцогдож байсан бол 1951 онд түүнийг Москва хүргэсэн. ЗХУ задрах тэр цаг үед ЗСБНХОУ-ын байгалийн хийн экспортын 95% нь Украинаар дамжиж Европт гарч байсан. Энэ нь “Уренгой-Помары-Ужгород”, “Союз” буюу “Оренбург-Западная граница СССР”,  “Прогресс” буюу “Ямбург-Западная граница СССР” гэсэн маршрут. Украины хий дамжуулах систем нь Европт 2-т, дэлхийд томоохонд тооцогддог. Хийн хоолойн нийт урт нь 37.1 мянган км ба үүний 14 мянга нь 1020-1420 ийн голчтой. Украинд байгалийн хий 22 магистраль шугамаар орж ирж, гадагшаа 15 шугамаар гардаг. 2008 онд 120 тэрбум шоо м байгалийн хийг дамжуулж байсан бол 2014 онд 62.2 тэрбум шоо м, 2020 онд 55.8 тэрбум шоо м. дамжуулсан байна.

    “Газын дайн”-ы талаар товч тодруулбал. Орос, Украин 2 тусдаа улс болцгоогоод л 1992 оноос Газын үнэ, нийлүүлэлтийн асуудал босч ирсэн. 1992 оны 8 сард Украинд газ нийлүүлэх, түүний газар нутгаар дамжуулах, эдгээрийн төлбөр тооцооны асуудлаар анхны гэрээг байгуулсан. 1993 оны 2 сар гэхэд 138 тэрбум рублийн өр үүссэн. Өр өө Украин нь зээл болгож шилжүүлж эхэлсэн. 1993 оны 6 сараас ОХУ нь хийг дэлхийн зах зээлийн үнэд шилжүүлсэн. 1993 оны 8 сард анх удаа төлбөрөө төлөөгүй учир 5 өдөр “Газын крантаа” хааж байсан. 1993 онд Газпром нь Украиныг тойруулж хийн хоолой барих ажлыг эхлүүлж 1999 онд ашиглалтад оруулсан нь Польшоор дамжуулсан Ямал-Баруун Европ маршрут байлаа. 1993 оны 10 сард Украиныг өрөндөө хийн тээврийн дэд бүтцээ урт хугацаанд түрээслүүлэх саналыг Оросууд тавьсан ч хүлээж аваагүй нь цаашдаа оросуудыг бодлогодоо “анхаарахад” нөлөөлсөн. 1994 оны 3 сард Украины хийн өр нь 1 их наяд рубль даваад явчихаар нь “крантаа” хаасан ч, улс төрийн шийдвэр гарч крант нээгдсэн. Энэ шийдвэр нь гадаад дахь Зөвлөлтийн активуудын маргаанд Украин буулт хийсэн явдал. Энэ үед өр ам. доллараар 2 тэрбумд дөхөж ирсэн. Нефтийн “Дружба” хоолойн транзитын тарифыг жил бүр өсгөсөөр 1994 онд 3.75 доллар байсан нь 1996 онд 5.2 ам доллар хүрсэн. Мөн украинчууд Хар далайн Оросын флотын түрээсийн төлбөрөөс эрчим хүчний өр өө тооцож ч байсан. 1999-2001 онуудад хийн өрөндөө украинчууд 285 сая ам.долларын өртөг бүхий 2 төрлийн 11 стратегийн бөмбөгдөгч онгоц, 600 далавчит пуужингаа тушаасан. 2004 оны 8 сарын 8-нд байгуулсан хийг 5 жилийн туршид 50 ам.доллараар нийлүүлэх гэрээ нь Виктор Янукович ялагдсанаар дууссан. 2006, 2008 оны буюу Виктор Ющенко засаглаж байх үед 2 удаа хийн хямрал үүссэн нь хоёр улсын итгэлцлийг ихэд бууруулж, Украины транзитын нэр хүнд унасан. Транзитын альтернатив болох Ямал-Баруун Европ, Хойд урсгал бий болсноор Украинаар дамжих хэмжээ 2001 онд 124.4 тэрбум шоо м байсан бол 2013 онд 86.1 тэрбум болж буурсан. Хийн зөрчил нь украинчууд хийг зах зээлийн үнээр авна, гэхдээ транзитын тарифыг өсгөнө хэмээн мэдэгдсэний хариуд оросууд Украинд европын дундаж үнийг санал болгосон. Энэ нь зөрчлийн эхлэл байлаа. Түүнчлэн энэ салбарыг улс төрийн “рычаг” болгосноос гадна украины улс төрчид дундын зуучлалын компани байгуулж “тоглож” эхэлсэн нь асуудлыг бүр төвөгтэй болгосон.

Украины хямрал ба Аюулгүй байдлын асуудал

    Украины нийгэмд ЕХ-г зүглэх эсвэл ОХУ-тай түншлэх гэсэн 2 урсгал буюу улс төрийн хүчин, тэдгээрийг дэмжигч масс ч бий. Эдгээрийн зохицлыг олох нь Украины улс төрийн тогтвортой байдлыг хангах, аюулгүй байдлын нэг хэсэг нь болсон. ЕХ нь 15.4 трлн.ам.доллар бүхий ДНБ-тэй, 445 сая хүн амтай,  нэг хүнд ногдох ДНБ нь 35.6 мянга ам.доллар, энэ үзүүлэлтээрээ дэлхийн 2 дахь том эдийн засаг. Украины гадаад худалдааны 40%-г эзэлдэг хамгийн чухал түнш нь юм. Иймдээ ч тэд ЕХ-нд элсэх гэж зүтгээд байгаа болов уу.

    ОХУ ч бас ЕХ-той ойртож, түншлэхийг 1990-ээд оноос хичээж ирсэн. Тиймдээ ч тэдний хооронд хийж буй худалдаа энэ их хоригийн цаг үед ч гэсэн 250 гаруй тэрбум еврод эргэлдэж байна. М.Горбачёвын 1990-ээд оны санаачилга, Б.Ельцины НАТО-той хамтрах санаачилга, В.Путины 2001 оны герман хэл дээр хийсэн мэдэгдэл, Д.Медведевийн 2008 оны санаачилгууд нь бүгд л Европын Аюулгүй Байдлын төлөө хамтран ажиллах санаачилга төдийгүй өөрийн “нөлөөний хүрээг тохиролцох” гэсэн эхний алхмууд байсан. Харин Ливи, Сири, Сноудэн, Орос-АНУ зөрчил, Б.Обама дээд хэмжээний уулзалтаа цуцалсан зэрэг нь дараагийн алхам буюу бүгд нийлээд Украины хямралын оршил байсан хэмээн үзэх үндэстэй.

Украины хямрал ба Дипломат харилцаа

    Хуучин Зөвлөлтийн БНУ-ууд богино хугацаанд өөрсдийн тусгаар байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлж, гадаад харилцаагаа хөгжүүлж, дипломат бодлогоо амжилттай хэрэгжүүлж чадсан.Дэлхийн бүх улс орнууд ямар нэг тээнэгэлзэх зүйлгүйгээр бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн нь ЗХУ-ын задралыг олон улсад тууштай дэмжсэнтэй холбоотой. Дээр өгүүлсэнчлэн газар нутгийн бүрэн бүтэн байдлаа АНУ, Их Британи, ОХУ-аар баталгаажуулж чадсан. Харамсалтай нь энэ баталгаажилт бүрэн хэрэгжиж чадсангүй.

    Дипломат бодлого нь залгамж чанараа хадгалж чадаагүй нь тэдний алдаа байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч бүр өөр өөрийн гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг явуулсан гэсэн үг. Энэ нь эцсийн дүндээ гадаадад итгэл, нэр хүндээ зохих хэмжээнд алдахад хүргэдэг.

Украины дотоод улс төр, гадаад хүчин зүйл

    2014 оны Украины хямралын талаар товч өгүүлье. 2004-2008 онуудад Өрнөдийн талыг баримтлагч хүчин буюу В.Ющенко Ерөнхийлөгчөөр ажилласан хэдий ч Ардчилсан хүчний дотоод зөрчил нь дараагийн сонгуульд ялагдаж, Оросын талыг баримтлагч буюу Зүүн Украины төлөөлөл В.Януковичийг дараагийн сонгуульд гаргасан. В.Янукович нь Өрнөд, ОХУ-ын зүгээс ирж буй “тал засах” үйлдлээс хэт их ашиг харж, дараагийн сонгуульд оноо авах хэлбэрээр ажилласан нь “хоёр туулай” хөөж хоосон хоцорсон лугаа болсон. 2012 он хүртэл ЕХ-той дотносож байгаад 2013 оны 11 сард ЕХ-той Ассоциац-д орох гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг зогсоосон. 12 сардаа Москвагаас ихээхэн хэмжээний транш авсан. Украины эрх баригчдын тогтворгүй байр суурь нь дотоод улс төрийн хүчнүүдийн зөрчлийг хурцатгасан. Нийгмийн асуудлын хүндрэл нь энэ тэмцэлд бүр их түлхэц болсон. Дотоодын зөрчлийг нь мэдээж Өрнөд ч, ОХУ ч сайн ашиглаж байсан. Украины баруун, зүүн гэсэн том хуваагдал нь бүр эртнээс уламжлалтай. Энэ нь Украиныг холбооны улс руу түлхэхэд хялбар алхам болж байна.2000 оны эхэн үеийн дэлхийн хар төмөрлөгийн зах зээлийн үнийн өсөлт нь Украины эдийн засагт шууд нөлөөлсөн. Украины олигархууд нь аж үйлдвэрийн томоохон хотуудад нөлөөгөө тогтоож, Киевт нөлөөтэй байх гэсэн тэдгээрийн хоорондын өрсөлдөөн нь ширүүссэн нь дотоод улс төрийг тогтворгүй болгосон. 2000 оны эх гэхэд л Днепропетровск, Донекц, Киев, Харьков, Львовын санхүү-аж үйлдвэрийн бүлэглэлүүд бий болж улс төрд илүү нөлөөлөх болсон.

    Нэг онцлог зүйл анхаарал татаж байгаа нь Их Британи, Кипр, Герман нь Украины худалдаа, үйлчилгээний салбарын гол түншүүдээр нэрлэгдэж байгаагаас  Кипр сонирхол татаж байна. Учир нь тэдний оффшор бүсийг ашиглаж авилга, хээл хахуулийн ихээхэн мөнгө угаалт явагддаг гэсэн хардлагыг төрүүлж байгаа.

    2014-2015 оны Украины үйл явдал нь тус улсыг ОХУ-аас “бүрэн хөндийрөх” зам руу орж буйг баталж, 2014 оны 9 сарын 16-нд ЕХ-той Ассоциацын хэлэлцээрийг баталж, ОХУ-тай хэд хэдэн салбарын хамтын ажиллагаагаа зогсоосон. Энэ нөхцөлд ОХУ-ын зүгээс Украиныг Холбооны улс болгох, нөхцөл байдал хүндэрвэл бүр бие даасан улсууд болгож задлах стратегийг хэрэгжүүлэхэд хүргэсэн. Үүний анхны алхам бол Крымийн аннексия байсан. Донецк, Луганск, Харьков, Днепропетровск, Одесс зэрэг мужуудын бие даасан байдлыг хөхүүлэн дэмжиж, Донецк, Луганск мужийг бие даасан БНУ хэмжээнд зарлаж, Киевийн эсрэг зогсох томоохон баазтай болсон.

ОХУ-Украины харилцааны ирээдүйн төлөв

    Украинаа бид арай дэлгэрэнгүй ярьсан ба маргааны нөгөө оролцогч болох ОХУ-ын талаар товч хэлье. ДНБ нь 1.6 трлн ам.доллар, хүн ам нь 146 сая, нэг хүнд ногдох ДНБ нь 11200 ам.доллар. Гадаад худалдаа нь 785 тэрбум ам.доллар. ЕХ-той хийж буй худалдааны эргэлт 250 тэрбум евро. Украинтай хийж буй худалдааны эргэлт 10.1 тэрбум ам.доллар. Харилцаа сайн байх үед 50 тэрбум хүрч байсан хэмээн дээр өгүүлсэн. Энэ нь тэднийг стратегийн хувьд түншлэгч нар байж болох илэрхийлэл. Цэргийн зардал нь 70 орчим тэрбум ам.доллар.

    ОХУ нь Украины хувьд худалдааны гол 3 түншийн нэг, бол Украин нь эхний 5 түншийн нэг байснаа одоо бүр эхний 10-т багтахгүй боллоо. 2014 оноос харилцан бие биендээ хориг тавьсаар 2022 онд дайнд хүрсэн. Украинчууд Оросын хийг авахгүй хэмээн хориг тавьснаар оросын хийг европчуудаас буцаан худалдан авдаг болсон. Оросууд Украины асуудлыг зөвхөн эрчим хүчний эх үүсвэрийн үнээр тоглоод зохицуулчихна хэмээн тооцож байсан нь алдаа болсон байж мэднэ. Хямралын эх сурвалжийг шийдэхгүйгээр, 2014 оноос эхэлсэн голлох салбарын харилцан хориг тавих үйлдэл, түүнийг шийдвэрлэхгүйгээр даамжруулсан нь хямралыг улам гааруулсан. Минскийн протокол, Минскийн санамж бичиг, Минскийн зөвшилцөл гэсэн 3 үе шатаар дамжсан баримт бичиг үйлдсэн. “Минскийн зөвшилцөл” нь Донецк, Луганскийг мужийг районоор салгаж болох “намёк” эсрэг талдаа өгсөн нь буруу байсан. Украины хямралын төрх нь гадаад хүчин зүйлээс хамааралтай дотоод улс төрөөс ихэд шалтгаалсан. Хямралын үр дагавар нь дараах дүр зургийг харуулж байна. Үүнд: Төвийг сахисан статустай Холбооны улс болгох, ЕХ, ОХУ руу хандсан хэд хэдэн улс болж задрах, мөддөө зогсохгүй иргэний дайн, партизаны дайнд “идэгдэх” гэсэн. Тодруулж хэлбэл, 1991 онд бий болсон Украин улс цаашдаа оршин тогтнохгүй боллоо гэсэн үг.

    Орос-Украины харилцааны зөрчил нь ойрын ирээдүйд шийдэгдэхгүй, энэ нь геополитикийн асуудал тул Европын аюулгүй байдлын талаарх ерөнхий зөвшилцөл, тохиролцоо бүрдсэн үед л нэг мөр шийдэгдэх боломжтой.

Өрнөдөөс Орост тавьсан хоригийн асуудал, мөн чанар буюу ОХУ ба Өрнөд

    Дээр хэлсэнчлэн, АНУ, Их Британи нар нь Украины тусгаар байдалд баталгаа гаргасан тул энэ нөхцөл байдалд тэдний авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь ОХУ-д тавьсан хориг, НАТО-гийн шугамаар Украиныг зэвсэглэх явдал. Энэ нь хэдийгээр Украиныг дэмжиж буй улс төрийн дэмжлэг хэдий ч, ЕХ-нд ч сөрөг үр дагавар, тухайлбал, хамтарсан төсөл хөтөлбөрүүд зогссоноор ажилгүйдэл Германд гэхэд 400 мянган ажлын байр алдахад хүрч буй. Тэгээд ч тэд 250 тэрбум еврогийн худалдаа хийцгээдэг улсууд шүү дээ.

    Хойд урсгал 1, 2-ын асуудал нь ОХУ, ЕХ-ны хоорондын асуудал. ЕХ-нд байгалийн хий нийлүүлэх альтернатив маршрут. Украинд нэг их хамааралгүй зүйл.

Украин улс Европын Холбоонд элсэх асуудалд

    ЕХ нь анх “ган үйлдвэрлэгчид”-ийн холбоо хэлбэрээр үүссэн. Украин ч гангийн үйлдвэрлэлээр өрсөлдөх өрсөлдөгч улс. 1993 онд Копенгагенд болсон Европын Төрийн тэргүүн нарын зөвлөлөөс "Копенгагены шалгуур" гэж нэрлэгддэг 3 шаардлагыг ЕХ-нд элсэхийг хүссэн бүх улс орнууд биелүүлэх ёстой гэж тодорхойлсон. Үүнд: “Улс төрийн шалгуур”: Институцийн тогтвортой байдал, ардчилсан ба хууль дээдлэх ёс, хүний эрхийг дээдлэх, цөөнхийг хүндэтгэх, хамгаалах."Эдийн засгийн шалгуур": Үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн эдийн засаг, ЕХ-ны дотоод зах зээлийн өрсөлдөөний дарамтыг тэсвэрлэх чадвар. "Acquis шалгуур": ЕХ-ны гишүүнчлэлээс үүсэх үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэх чадвар, өөрөөр хэлбэл:  ЕХ-ын хууль эрх зүйн тогтолцоо, "хамтын нийгэмлэгийн эрх зүйн акт" (acquiscommunautaire) –ийг батлах, мөрдөх. Европын парламент эхлээд гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар элсэх гэрээг батлах ёстой, дараа нь Зөвлөл санал нэгтэй байх ёстой.  Өөрөөр хэлбэл, ардчилсан тогтолцоотой байх, тогтвортой засаглалтай байх, эдийн засгийн хувьд “боломжийн” байх, ЕХ-ны хууль, дүрэм, зохицуулалтыг “нутагшуулж чадсан” байх явдал. Украин улс эдгээрийг хэрхэн хангаж буйд тодруулга хэлье. Юуны өмнө энэ асуудал 2014 оны “улс төрийн хямрал”-ын шалтаг болсон талаар дээр өгүүлсэн. Тиймдээ ч В.Януковичийн дараа засгийн эрх авсан хүчин ЕХ-той түүний зогсоосон хэлэлцээрийг сэргээн байгуулсан. Шашин соёл нэгтэй,  ЕХ-той “Дорнын түншлэл”-ийг байгуулсан, ДХБ-д элссэн болон бусад үйл ажиллагаанууд нь элсэх зохих бэлтгэл хийсэн гэсэн үг. Хэдий тийм ч өнөөгийн нөхцөлд Украиныг улс төрийн шийдвэр гаргаж “түргэвчлэн” элсүүлэх боломжтой. Энэ нь ЕХ-ны зүгээс ОХУ-д үзүүлж буй нэгэн “дарамт” юм хэмээн ойлгож болно.

    Турк улсыг ЕХ-нд элсүүлэхгүй байгаа шалтгаанаа “үндэсний цөөнхийн эрхийг зөрчдөг” хэмээн тайлбарладаг ч тэдний шашин соёлын ялгаа нь гол үндэслэл болов уу. Украинд оросуудын эрх зөрчигдөж байгаа хэмээн оросууд тайлбар хийж байгааг ЕХ бас бодолцох ёстой. Мөн Украин улсын эдийн засгийн чадавх ЕХ-нд элсэхэд төвөгтэй байгаа. Тэднээс Кипр рүү “урсаж байгаа” мөнгө, олигархи тогтолцоо, нэг хүнд ногдох ДНБ хэмжээгээр Европт хамгийн “сүүл барьж” байгаа, тэгээд ч Украины эдийн засгийг бүтцийн өөрчлөлт хийх зардлыг ЕХ-нд “хүлээх улс” Европт байхгүй л болов уу. Энэхүү зардлыг гаргаж чадахгүйн улмаас 2013 онд хамтын ажиллагааг нэг талаас царцаасан.

    Өнөөдөр Украиныг ЕХ-нд түргэвчилсэн горимоор элсүүлэх нь зөвхөн улс төрийн шийдвэрээр л шийдэгдэх асуудал. Зүүн Европын зарим орнуудад хэдэн арван жилээр хүлээж “шаардлагаа хангаж” байж элссэн улсууд ч бий. ЕХ-нд элсэх, Евро бүсэд элсэх гэсэн 2 өөр зүйл байгааг анхаарах учиртай. ЕХ-ны гишүүн ч Евро бүсэд ороогүй олон орон бий. ЕХ-нд элсэхээр “амьдрал” нэг л өдөр сайхан болчихгүй байх. Хэдий тийм ч Украин улс элсэж чадсанаар 450 сая-ын зах зээлд хөл тавина гэсэн үг. Зүүн Европын улсуудыг бодвол Украин нь харьцангуй том зах зээл. Энэ нь тэдний эдийн засагт маш чухал түлхэц болно.

Цаашид хэрхэх вэ?

    Украин нь Өрнөд, Оросын сонирхлын зааг бүс нутаг, геополитикийн чухал орон зай боллоо. Оросыг дагах менталитет бүхий иргэд алгуур багассаар, тусгаар улсын үзэл санаа улам бүр идэвхжих нь зүй ёсны, энэ нь аажимдаа Украиныг Өрнөд рүү “гулсахад” хүргэнэ. Нэгэнт тодорхой зөрчлийн бүс нутаг тул энд яалт ч үгүй зөвшилцөл, харилцан буулт хийх замаар л асуудал шийдэгдэнэ. ОХУ-ын хувьд Украин нь холбооны улс хэлбэрээр орших нь илүү нийлэмжтэй байгаа. Үүнийг нь Киев хэрхэвч ч хүлээн зөвшөөрөхгүй. Ингээд зөвшилцөл мухардалд орно. Би дээрх өгүүлсэнчлэн, олон улсын хөдөлмөрийн хуваарь гэдэг олон улсын харилцааны нэг хэсэг, энд бүх улс орон ямар нэг хэлбэрээр холбогдсон тул Орос ч гэсэн “мөнхийн” хоригт байнга байж чадахгүй, тиймээс буулт хийх учиртай. Украин нь улс төрийн тогтвортой байдал бий болгохгүйгээр хөрөнгө оруулалт, улс төр-эдийн засгийн реформын шинжтэй ямар ч асуудал явахгүй тул Украин ч үүнийгээ бодох учиртай. Украин нь Гүрж, Казахстанд том сургамж болж байна.

Украины хямралд Орос-Хятадын хамтарсан байр суурь ба Монголд тусах тусгал

    ОХУ ч, БНХАУ ч гэсэн Өрнөдөөс өндөр технологи импортолдог улсууд. Хоёулаа Өрнөдийн хоригт хамрагдаж эхлээд байна. Гэхдээ хоёулаа дэлхийн шинэ дэг журам тогтоох хүсэлтэй буй. Тэд Европ, Америкийн зах зээлгүйгээр аж төрөхөд бас хүнд. Европын аюулгүй байдлын талаарх ОХУ-ын байр суурийг БНХАУ нь ойлгож, дэмжиж буйгаа илэрхийлж хамтарсан мэдэгдэл гаргасан. Гол санаа нь олон улсын дэг журманд энэ 2 улс голлох тоглогчид гэдгээ илэрхийлж, энэ асуудлыг НҮБ-ын хүрээнд шийдэхийг л санал болгож байна.

    Хятадын Төрийн тэргүүн Украины хямралтай холбоотой ОХУ-ын удирдлагын үйлдэлд хүндэтгэлтэй хандаж буйгаа ч илэрхийлсэн бол Оросын Төрийн тэргүүн 2 дугаар сарын 25-нд Ши Жинпинд ДНР, ЛНР тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах болсон шалтгаанаа ч дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ нь хоёр улс Украины асуудлаар нэгдмэл байр сууринд хүрсэн гэдгээ илэрхийлж буй хэрэг.

    Хятад, Оросын хамтарсан мэдэгдэл нь Хятадын аливаа асуудлаар төвийг сахисан байр суурьнаас ханддаг байсан төрх байдал өөрчлөгдсөн, түүнчлэн орос, хятадын түр зуурын альянс бий болж болох боломжийг харууллаа. Хятад нь Киев бус Москваг дэмжлээ. Уг нь Тайваний асуудлаас үүдээд аливаа улсын бүрэн бүтэн байдлыг түлхүү тунхагладаг улс. Төвийг сахисан бол Киевыг дэмжсэнд тооцогдох байлаа. Ингэснээр Киев зэвсгийн экспортын гол зах зээлээ алдахад хүрч байна. Украин цаашдаа хятадад зөвхөн түүхий эд нийлүүлэгч л байх боломжтой боллоо. Хятадад оросууд зэвсгийн гол экспортлогч боллоо. БНХАУ нь ЕХ-ны нэг талын хоригийг хууль бус хэмээн үзэж түүнийг буруушаасан нь тэд АНУ-аас өөрт ирж болох хоригт урьдчилан өгч буй сануулга. Хятадууд мэдэгдэхдээ, хориг нь ямар нэг асуудлыг шийдэж чадсан уу, хориг тавьснаар дэлхийн дахин илүү сайн болж чадсан уу?” хэмээн Өрнөдөөс “ам асуусан” маягаар хандсан. Хятадууд Украины асуудлаар далим гарган ЕХ гэхээс илүү АНУ-д илүү хандаж байр сууриа илэрхийлж буй нь өөрийн гол өрсөлдөгчдөдөө хэлж буй мэдэгдэл. Өрнөдөөс Украин руу зэвсэг нийлүүлсэн нь “гал дээр тос” боллоо хэмээн АНУ-ыг буруутгасан. Хэдий тийм ч БНХАУ нь Украины асуудлыг энхийн замаар шийдэх боломж одоо хэр байгаа гээд, дипломат  аргаар асуудлыг шийдэхийг уриалсан.

    Хоёр хөршүүд маань дэлхийн бодлогод өөрсдийн өнгө төрхөө илэрхийлж байна. Бид “хоригтой хоёр хөрштэй” харилцах харилцааны менежментийг гаргаж хэрэгжүүлэх цаг үед ирж байна уу даа. Ямар ч байсан хориггүй үед нь бид сайн харилцааг бий болгож чадсан. Тодруулбал, харилцааны хамгийн дээд хэлбэр буюу стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бий болгож тунхагласан билээ.

Дүгнэлт

    Дотоод нийгэм, эдийн засаг, улс төрийн аливаа зөрчлийг гадны хүчнүүд өөрт ашигтайгаар ашигладаг гэдгийг Украин харууллаа. Үүнээс монголчууд бид ч сургамж авах учиртай. Ялангуяа, олигархууд улс төрд ихээр орж ирснээр, тэдгээрийн хоорондын эрүүл бус тэмцэл улс орноо ямар байдалтай болгож буйг харуулсан цаг үе болж байна. Түүнчлэн, нийгмийн харьцангуй шударга бус байдал, баялгийн тэгш бус хуваарилалт нь аливаа хямрал, зөрчлийн эх сурвалж болж байна уу даа. Украин улс нь хэдийгээр жилд 2-3 онгоц үйлдвэрлэдэг гэсэн ч эдийн засгаа харьцангуй “солонгоруулж” чадсан нь түүнийг энэ хүнд үед аварч байна. Үүнд ч бид анхаарах учиртай.

    Украин - Оросын харилцаа нь Австри-Германы харилцааны шинж, хэлбэртэй байж, цаашид хөгжих нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой зүйл. ОХУ - ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагаа нь өнөөгийн хямралыг хэт удаан үргэлжилж сунжрахад хүргэхгүй л  болов уу даа.

    Энэ нийтлэлдээ “геополитик, аюулгүй байдал” буюу “жийргэвч бүс”, “транзит тээвэр” гэсэн 2 асуудалд дэлгэрэнгүй тайлбар хийсэн нь Монгол Улсад сургамж болох үүднээс хэлсэн болно. Учир нь бид “жийргэвч бүс” тэгээд ч “транзит тээвэр” ихэд сонирхож байгаа улс шүү дээ.

 ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШАА, доктор К.ДЭМБЭРЭЛ


Эх сурвалж: https://www.mnb.mn/




Бусад мэдээлэл