Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болов
Alternate Text

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус хүрээлэн нь тэртээ 1968 онд хүйтэн дайны талцал хуваагдлын хөшиг татагдсан олон улсын харилцааны амаргүй цаг үед Ази, Африк, Дорно дахин судлалын суурьтайгаар анх үүсэн байгуулагдаж байжээ. Хүрээлэн нь 55 жилийн түүхэн хугацаанд эрдэм судлалын талаар тасралтгүй хөгжин бэхэжсээр иржээ.

    Өнөөдөр тус хүрээлэн нь Монгол Улсад олон улс судлал, ялангуяа  хөрш орон судлал,  бүс нутаг, олон талт харилцаа судлалыг улс орны үндэсний эрх ашиг, гадаад бодлогын эн тэргүүний зорилтуудтай нягт уялдуулан хөгжүүлэх их гүрнүүдийн гадаад бодлого, олон улсын эдийн засаг, эрхзүй, улс төрийн харилцааны хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг суурь болон хавсарга судалгааны хүрээнд судлах, санал дүгнэлт, зөвлөмж гаргах, ОХУ, БНХАУ, АНУ, Япон,  БНСУ болон бусад орнуудын ижил төстэй байгууллагуудтай хамтран судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, төслийн чиглэлд шинэ мэдлэг, мэдээлэл бүтээгдэхүүнийг бий болгоход чиглэн ажиллаж байна.

    Тус хүрээлэнгээс төрийн соёрхолт Ш.Бира, О.Батсайхан, академичид Н.Ишжамц, Ч.Далай, Ш.Бира, Б.Лхамсүрэн, Б.Балдоо, Т.Намжим, Ц.Батбаяр, ШУ-ны гавьяат зүтгэлтнүүд Н.Ишжамц, Ч.Далай, Л.Хайсандай, Ш.Бира, Л.Жамсран болон Ш.Сандаг, Ц.Пунцагноров, Б.Гунгаадаш, Н.Дангаасүрэн, С.Дамдинсүрэн, М.Зэнээ, Д.Маам зэрэг алдар гавьяатай, нэр хүндтэй эрдэмтэд төрөн гарч, тэдний туурвисан бүтээлүүд Монголын түүх судлал, дорно дахин, олон улс судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

    Олон улс судлалын хүрээлэн нь 55 жилийн түүхийн хугацаанд Монголын нийгмийн шинжлэх ухаанд нөлөөтэй, нэр хүндтэй байр суурь эзэлж, олон улс судлалын цөм хүчин болж, арвин баялаг туршлага хуримтлуулан, дотоод гадаадад нэр хүндтэй, материаллаг бааз, боловсон хүчний хувьд салбартаа тэргүүлэх хүрээлэнгийн нэг болж өсөн дэвжжээ.

    Хүрээлэн үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагаас Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Нямдоржийн Анхбаяр нээж үг хэлэв. Нээлтийн үгийн дараа БШУ-ны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Дүгэрийн Рэгдэл нар тус тус мэндчилгээ дэвшүүллээ.

    Мөн хүрээлэнтэй хамтран ажилладаг гадаадын эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтдийн мэндчилгээг танилцуулж, эрдмийн хамт олны 1968 оноос хүртэлх хугацаанд туурвисан эрдэм судлалын бүтээлийн үзэсгэлэн Гадаад харилцааны яамны “Номин” танхимд дэлгэж, “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Зөвшилцөл”танхимд амжилттай зохион байгуулав.

    Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч яам, олон улс судлал судлалын судалгааны цөм байгууллага болох хүрээлэн, мэргэжил боловсон хүчнээ бэлтгэж буй их, дээд сургуулийн төлөөллийг хамруулан оролцуулж зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.

ШУА-ИЙН ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН










Зарим гэрэл зургийг ГХЯ болон Монцамэ агентлагийн цахим хуудаснаас авав.


Бусад мэдээлэл