Ч.Цэрэннадмид, доктор https://orcid.org/0000-0001-5892-4677
2020 оны 3-р сарын 11- ны өдөр БНТУ-д тус цар тахалын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ тус улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг санхүү, эдийн засгийн судалгаа, аудитын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Делойт компани судалж, “Ковид -19 цар тахалын Турк улсын нийгэм эдийн засгийн салбар бүрт үзүүлж буй нөлөө” нэртэй судалгааны тайлан гаргажээ. 2020 оны 4-р сарын 10-ны өдөр танилцуулсан уг тайланд цар тахалын улмаас хүн амын ажил, амьдралын хэв маяг, хэрэглэгчийн дадал зуршилд томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байгааг дурджээ. Тухайлбал, цахим болон зайн сургалт, цахим орчинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны ачаалал даруй 15 дахин нэмэгдсэн бол, агаарын тээвэр, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд цар тахал сөрөг нөлөө үзүүлж байна.
Вирусын тархалтыг зогсооход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсний дараагаар боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын үйл ажиллагаа өрх, гэр бүлийн орчинд шилжиж Skype, Zoom болон EBA зэрэг цахим хурал зохион байгуулдаг системүүдийн ашиглалт хэдэн арав дахин нэмэгдсэний нэг жишээ нь Туркийн Үндэсний Боловсролын яамны ашигладаг EBA цахим систем юм. Тайланд дурдсанаар эерэг өөрчлөлт гарсан дараагийн салбар бол цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээний салбар ажээ. Энэ нь зөвхөн дотоод зах зээлд бус олон улсын түвшинд тээвэр логистикийн үйлчилгээ, түгээлт зэрэг үйлчилгээ дижиталчлагдах, үйл ажиллагааны хүрээгээ 2 дахин тэлэхэд хүчтэй нөлөөлсөн байна.
БНТУ-ын Худалдааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн дарга н.Найл Олпакийн 2020 оны 4-р сарын 11-ны өдөр танилцуулсан мэдээлэлд /1/ “Энэхүү цар тахалын улмаас Туркийн эдийн засагт уналт бий болох ч Европын бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага хохирол амсана” гэж мэдэгдэж байв. Тэрээр Турк улсад цар тахал эрчтэй тархаж эхэлсэн эхний 7 хоногт ажил олгогч эздийн холбоод, зөвлөлүүдийн хувьд хөдөлмөрийн зах зээл, ажил эрхлэлттэй холбоотой эрсдэл үүсэх нь гэсэн санаа зовнил, болгоомжлол өндөр байсан. Гэвч 2 дахь долоо хоногоос эхлэн энэ болгоомжлол буурч, найдвар байгааг бид харж байна гэжээ. Аж үйлдвэрийн салбар тус бүр харилцан адилгүй ч эдийн засгийн голлох салбаруудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 20 орчим хувийн бууралт ажиглагдаж байгааг судалгаагаар тогтоосон, энэ бууралт 30 хувиас дээш гарахгүй нөхцөлд хүндрэл үүсэхгүй гэж үзжээ.
Турк улсын хувьд КОВИД-19 цар тахалын улмаас үүсэх нийгэм эдийн засгийн хохиролтой ижил биш ч дөхөж очих хэмжээний хохирол учруулж байсан эдийн засгийн томоохон хямралуудыг даван гарч байсан туршлагатай, эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлөхөөс хамаарч ямар байр сууринаас ямар бодлого барих ёстой вэ гэдгээ бид тодорхойлно гэж мэргэжлийн байгууллагууд, томоохон ажил олгогч, корпорацийн удирдлагууд үзэж байв. Тэр дундаа хамгийн чухал нь эдийн засгийн хямралын үйл явцын динамик, хурдад шуурхай дасан зохицох проактив бүтэц манай эдийн засагт бий гэж онцолжээ. /2/
Харин Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ААН, байгууллагуудын үйл ажиллагааг хааж, иргэдийг гэртээ байх, гудамжинд гарахгүй байх хориг тавих нь асуудлыг улам хүндрүүлж хаос байдалд хүргэнэ гэж Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл байр сууриа илэрхийлж байв. Турк улсын экпорт 2020 оны 3 дугаар сард 17 хувиар буурсан бол 2020 оны 4-р сарын эхний 10 хоногт 30 хувиар буух магадлалтай байна хэмээн Худалдааны яамны харьяа Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны зөвлөл тооцож байв.
БНТУ-ын засгийн газраас цар тахлын улмаас бий болох эдийн засгийн хямралаас аль болох хохирол багатай гарахад тусгайлан анхаарч байна. Тус цар тахал БНТУ-д анх бүртгэгдсэний дараахан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, эдийн засгийн голлох 11 салбарт татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлсэн юм. Мөн түүнчлэн, бүх төрлийн бизнес эрхлэгчдэд 36 сарын хугацаатай тогтсон хүүтэй зээл олгож, зээл авснаас хойш эхний 6 сард эргэн төлөлт хийхгүй байхаар зохицуулалт хийжээ./3/
Турк улсад Ковид-19 цар тахлын анхны халдвар 2020 оны 3-р сарын 11-нд зарлагдаж, 3-р сарын 15-нд эхний өвчтөн нас барж, 4-р сарын 1 гэхэд бүх мужуудад цар тахлын халдвар илэрчээ. Туркийн Ерөнхийлөгч, засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээг Төр-захиргааны, Эрүүл мэндийн тусламж-үйлчилгээ, Дэмжлэг-нөөцийг бүрдүүлэх гэж ангилж болох юм. Гэхдээ хамгийн чухал нь эдгээр арга хэмжээг дэс дараалал, цаг хугацааны хувьд нэгэн зэрэг, харилцан уялдсан, уян хатан, нэгдсэн бодлого, чиглэлээр хэрэгжүүлж ирсэнийг онцолж байна.
Нэг. Төр, захиргааны арга хэмжээний үндэс нь хөл хориог зохион байгуулах явдал байв. 82 сая хүн амтай улсад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хөл хорио нь халдвараас сэрэмжлэхийн анхдагч, суурь нь гэж үзсэн. Энэхүү хөл хорионд амьдрал, үйл ажиллагаагаа нийцүүлэхийг иргэдэд уриалсан, уялдуулан зохицуулсан. Хөл хорионы цагийг цуцлалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан бусад арга хэмжээний хоригийг 2021 оны 3-р сарын 1-нээс цуцалсан боловч халдвараар өвчлөгсөдийн тоо огцом нэмэгдсэн байна. Иймд хатуу хөл хорионы дэглэмд 4-р сарын 13-наас эхлэн улс орныг шилжүүлж, иргэдийн хөдөлгөөнийг эрс хязгаарлах, иргэдийг вакцинд хамруулахыг эрчимжүүлсэн, эцэст нь 2020 оны 5 дугаар сарын 23-26-нд Туркийн бүх нутаг дэвсгэрт дөрвөн өдрийн хатуу хөл хорио тогтоосон.
Туркийн эрх баригчид өмнөх жил, эхний хагас жилийн дараах сургамжийг харгалзан халдвараас сэрэмжлэх арга хэмжээгээ төлөвлөж байна. Үүнд:
-Хөл хорионы дэглэм, хориог огцом сулруулах нь иргэдийн халдвар хамгаалал, шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг алдагдуулж, нийгмийн сэтгэл зүйд “чөлөөтэй” болсон гэх сэтгэлгээг бий болгож, иргэдийн халдвараас урьдчилан сэргийлэх сонор сэрэмжийг эрс бууруулж, өмнө хэрэгжүүлж байсан бүхий л арга хэмжээг үр дүнгүй болгож байсан, иймд дэглэмийг шууд огцом бууруулах бус, харин шат дараатай багасгах нь зүйтэй гэж үзжээ.
-Цаг хугацаатай уралдах, өрсөх зарчмыг тууштай баримтлан, тайвшрах, амарлингуй байхаас татгалзах, вакцинжуулалтыг өндөр зохион байгуулалт, судалгаатай, тасралтгүй явуулах, вакцины нөөцийг бүрдүүлэх;
-Ялангуяа төрийн алба, батлан хамгаалах, гадаад бодлого, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан салбаруудыг халдвараас сэрэмжлэх арга хэмжээг эн тэргүүнд авч, тэдгээрийн харилцан уялдаатай, нэгдмэл ажиллагаагаар улс орныг халдвараас сэргийлэх, цар тахалтай тэмцэхэд анхаарсан;
-Эдийн засгийн өсөлт буурах магадлалтай гэсэн гутранги бус харин хил хаагдаж, худалдаа буурсаныг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүрэг болгон ашиглах, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлсэн,
-Иргэдийн амьжиргааны түвшинг бууруулахгүйн тулд нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шат дараатай хэрэгжүүлсэн;
-Бүх төрлийн нөөцийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн зэрэг болно.
Цаг хугацааны хувьд хорио цээрийн арга хэмжээг Турк нь хямралыг хүлээлгүй ДЭМБ-аас дэлхий даяар онц байдал зарлахаас өмнө авч хэрэгжүүлсэн. Эхний үед бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, их сургуулиудын шалгалтыг хойшлуулахын зэрэгцээ сүм хийдүүдийн мөргөлийн, ялангуяа нэн хүндтэйд тооцогддог Баасан гарагийн мөргөлийг зогсоосон. Түүнчлэн нийтийн үйлчилгээний салбар, спорт, соёлын арга хэмжээ цуцлагдаж, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Шүүхийн ажиллагааг зайлшгүй нэн яаралтай хэргээс бусад тохиолдолд зогсоож, цар тахал тус улсын шоронд тархсанаас шалтгаалан хоригдлуудын тоог хязгаарлах чиглэл баримталж, терроризм, хүний амь бүрэлгэсэн, хар тамхи болон бэлгийн гэмт хэрэгт холбогдсоноос бусад хэрэгтнүүдийг цагаатгасан байна. Агаарын тээврийн бүх компаниуд нислэгээ зогсоож, хот хоорондын галт тэргийг зөвхөн мужийн захирагчийн шийдвэрээр явуулах болж, иргэдийг олон нийтийн газар заавал амны хаалт зүүхийг шаардах болов. Тухайн улс нутаг дэвсгэрийнхээ зарим хэсэгт л цар тахлын үеийн хорио цээрийн тогтоож байснаас биш улс орныг бүрэн хамарсан дэглэмийг тогтоож байсангүй, улмаар ингэж тогтоон сахиулах нь шинэ сорилт, бэрхшээлийг бий болгож байв.
Хоёр. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
А. Удирдлага, зохион байгуулалт. Мэргэжлийн удирдлагыг оновчтой болгох, шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах үүднээс коронавирусын Шинжлэх Ухааны Зөвлөлийг (ШУЗ) хамгийн түрүүнд буюу Туркэд халдвар илрэхээс хоёр сарын өмнө 2020 оны 1 дүгээр сард байгуулсан. Ингэснээр цар тахалтай тэмцэх ажлыг “шинжлэх ухааныг хэрэглээнд суурилсан үйл явцын менежмент”-д шилжүүлжээ. Улмаар цар тахалтай хийх арга зүйг гаргах, бусдын нөхцөл байдал, туршлагыг яаралтай судалсан. Засгийн газраас ШУЗ-ийн олон зөвлөмжийг зохистой гэж үзэн хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч, гол нь тархалтаас өрссөн арга хэмжээ авсан нь өвчний дэгдэлтийг багасгахад нөлөөлсөн байна. Эдүгээ ШУЗ нь халдварын эсрэг зөвлөмж, арга зүйг сар тутам өөрчлөн илүү боловсронгуй болгох, нөхцөл байдалд зохицуулах зөвлөмжийг өгч байна.
Б. Эрүүл мэндийн салбарын боломжийг нэмэгдүүлэх талаар: Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хугацаа алдалгүй, эргэлзэлгүй, нэмэлт хөрөнгө оруулалт хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авсан тул өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд ямар нэгэн саад, доголдол гараагүй нь Туркийн онцлог байна. Хүлээх, тайвшрах биш харин эхнээсээ цар тахал цаашид өснө, нөхцөл байдал хүндэрнэ гэдэг тооцоогоор хандаж, улс орон даяар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэд бүтцийг нэн яаралтай нэмэгдүүлснээр эрүүл мэндийн байгууллагуудын тоо зөвхөн 2020 онд 55 хувиар өссөн байна. Эмнэлгийн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг цаг алдалгүй нийлүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ өсгөжээ. Ялангуяа эрчимт эмчилгээний өвчтнүүдэд нэн чухал шаардлагатай амьсгалын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн байна.
Ковидын оношлогооны иж бүрдлийг боловсронгуй болгон үйлдвэрлэхийн зэрэгцээ энэхүү оношлогооны иж бүрдлийг олноор худалдан авч эхэлсэн. Амны хаалт, нүдний шил, бээлий, хамгаалалтын өмсгөл зэргийн түүхий эд, материалыг бэлтгэх, үйлдвэрлэхэд төрийн болон хувийн хэвшлийн салбарыг бүхэлд нь дайчлан зохион байгуулж чаджээ. Энэхүү ажилд ЭМЯ-наас гадна БХЯ-ны харьяа цэргийн үйлдвэрүүд, Залуучууд, спортын яамны харьяа залуучуудын төвийн залуучууд, Үндэсний боловсролын яамны харьяа техник мэргэжлийн сургуулийн оюутнууд, Хууль зүйн яамны харьяа хорих байгууллагад хоригдож буй хоригдлууд, ялтнуудыг өргөн цар хүрээнд дайчлан ажиллуулсанаар дотоодын хэрэгцээг тасралтгүй хангах, нөөцийг бүрдүүлсэн төдийгүй бусад улс оронд нийлүүлэх боломжтой болжээ.
В. Дархлаажуулалт. ЭМЯ-ны бодлогоор хүн амынхаа 60-аас дээш хувийг дархлаажуулсан нөхцөлд халдварын тохиолдлыг эрс бууруулна гэж үзсэн бөгөөд зохион байгуулалтыг оновчтой төлөвлөн, ухуулга сурталчилгааг идэвхжүүлсэн нь иргэдийн хамралтыг нэмэгдүүлж, дархлаажуулалт хэвийн явагдах болов. Дархлаажуулалтыг 2021 оны 1-р сарын 14-нд эхлүүлснээр эхний ээлжинд 40-өөс дээш насны иргэдэд, дараагийн ээлжинд 20-иос дээш насныханд 2021 оны эхний хагаст хийж дуусгах зорилт тавьсан. Гэвч дархлаажуулалтын хүрэлцээнээс шалтгаалан хурд, хамрагдалт удаашралтай байв. Дархлаажуулалт хийснээр Турк улсад 65-аас дээш насны хүмүүсийн нас баралт 20 орчим хувиар буурсан бол 20-64 насны хүмүүсийн нас баралт 20-иос 32 хувь болж 50 гаруй хувиар өссөн аж. 2021 оны эхэнд өдрийн халдвар 5-6 мянга байхад өдөрт дунджаар 100 орчим өвчтөн эрчимт эмчилгээнд байсан бол 2021 оны 3-р сарын 1-нээс хорио цээрийн дэглэмийг сулруулснаас 4 дүгээр сард өдрийн халдвар 60 мянга хүртэл, эрчимт эмчилгээнд эмчлүүлэгчдийн тоо 300 хүрч, өвчтөний тоо 9 дахин нэмэгдэхэд эрчимт эмчилгээнд эмчлүүлэгчдийн тоо гуравны нэгээр нэмэгдсэн байна. Иймд 4 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал үргэлжилсэн хорио цээрийн дэглэмийн дүнд нэг өдрийн халдварын тоо дунджаар 5200 болж буурсан. Туркэд 2021 оны эхний хагаст 47.5 сая иргэн дархлаажуулалтанд хамрагдсанаас 15 сая орчим нь хоёр тун хийлгэжээ. Дархлаажуулалтанд хамрагдах иргэдийг нас, эрүүл мэндийн байдал /тухайлбал архаг болон суурь өвчний/, амьдралын нөхцөл, түүнчлэн алба ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан 4 бүлэг, 19 хэсэгт ангилж, тогтоосон хуваарийн дагуу дархлаажуулж байна.
Г. Дархлаажуулалтын хангалтын талаар: Туркийн дархлаажуулалтын хангалт нь эхний ээлжинд гадаадын улс орнуудаас худалдан авах, дараагийн шатанд хосолсон байдлаар, тухайлбал худалдан авах, бие даан, эсвэл хамтарсан үйлдвэр байгуулах замаар шийдвэрлэх гэсэн үндсэн бодлогоор хэрэгжиж байна. Туркийн тал одоогоор өөрийн вакцинаа 2021 онд багтаан үйлдвэрлэж эхлэх хүртэл гадны улсын хангалтад түшиглэх аж. Туркэд одоогоор Sinovac, Pfizer-BioNTech вакциныг ашиглаж байгаа бөгөөд эсрэг биет ерөнхийдөө хангалттай бий болж байгааг иргэд тэмдэглэж байна. Түүнчлэн Туркийн эрдэмтдийн бүтээж байгаа вакцинуудын эхнийхийг TURKOVAC хэмээн нэрлэж, туршилтын сүүлийн 3 дахь шат эхэлсэн. Туркийн боловсруулж буй вакцин нь вирусыг идэвхгүй болгох, аденовирус болон вирустэй төстэй биетэд тулгуурласан вакцинууд байх юм байна.
Туркийн тал дотооддоо хомсдолтой байгаа ч улс төрийн зорилгоор 2021 онд умард Кипрт 50000 /өмнө нь 140000-ийн тусламж үзүүлсэн/, Ливид 150000, хойд Македонд 30000, Босни-Герцеговинд 30000 тун тус тус Синовак вакциныг тусламжаар хүргүүлжээ.
Д. Туркийн Засгийн газраас 2021 оны 7 дугаар сарын 1-нээс хөл хорионы хязгаарлалтыг бүрэн цуцалж, байнгын хэвийн байдалд шилжих шийдвэрийг гаргав. Засгийн газраас энэ нь 2021 оны 4-р сарын 14-нөөс 5-р сарын 17 хүртэл хэрэгжүүлсэн хатуу хөл хориог дархлаажуулалттай хослуулсан нь ийм шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг ЭМЯ тэмдэглэжээ. Хэдийгээр хэвийн байдалд шилжих боловч дараах үндсэн зарчмыг хэвээр баримтлана. Үүнд: эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тухай гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон аж ахуйн нэгж, компаниуд, иргэдээс шаардах; холбогдох мэргэжлийн болон цагдаагийн байгууллагын зүгээс байнгын хяналт шалгалтаа үргэлжлүүлэх, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан нэг хүнд ноогдох дундаж талбайн хэмжээг ялгавартайгаар тогтоож, ариутгал цэвэрлэгээ, агааржуулалт, хоорондын зай, амны хаалт зүүсэн эсэхэд хяналт тавих, шаардах зэрэг хамарна.
Гурав. Дэмжлэг, нөөц бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ. Цар тахлын улмаас иргэдэд учирч болох хохирлыг багасгахад чиглэсэн туслалцаа үзүүлэх дэмжлэгийн багцуудыг бий болгон хэрэгжүүлсэн. Эхэн үедээ эдгээр арга хэмжээ нь түр зуурын шинж чанартай байсан бол дараагийн шатанд хариуцах нэгж, талуудын үүрэг, оролцоог тодорхойлсон, илүү олон арга хэмжээг хооронд нь уялдуулсан цогц арга хэмжээ болж өргөжсөн байна. Сангийн яамнаас ААН, байгууллагаас авдаг олон төрлийн татварыг түр зогсоох, багасгах болон цуцлах арга хэмжээг авсан. Түүнчлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн яамнаас ажил олгогч нарт ажилчдаа гурван сарын хугацаанд халахыг хориглосон байна. Эдийн засгаа тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээг нийгмийн хамгааллын арга хэмжээтэй уялдуулсан нь үр дүнгээ өгсөн юм. Тухайлбал бага хугацаа /түр ажлын/-ны ажлын цалингаас хасахыг хориглох, мөнгөн цалингийн дэмжлэгээс ажилгүйдлийн тэтгэмж, хэвийн байдлыг хангах сангаас нөхөн олговор олгох, эргэн ажилдаа орсны урамшуулал олгох, даатгалын хураамжийг хойшлуулах, тэтгэврийг дахин тогтоох, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх, тариаланчдын борлогдоогүй хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг улсаас худалдан авч амьжиргааны орлого бага айл өрхөд тусламжаар тараасан зэрэг нь хувийн хэвшлийн ААН, байгууллагуудад учрах эрсдэлийг багасгах, иргэдийн амьжиргааны түвшнийг огцом бууруулахаас сэргийлж чадсан, эерэг нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүд болжээ. Мөн 65-аас дээш насны ахмадууд болон гэрээсээ гарах боломжгүй иргэдэд цахим системээр санал хүсэлтийг нь авч, шаардлагатай тусламж үзүүлдэг үйлчилгээг хэрэгжүүлж байна. Ингэснээр цар тахлын хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулж, Туркийн эдийн засаг 2020 оны сүүлийн улиралд 5.9 хувийн өсөлттэй, 2021 оны эхний улиралд Туркийн Статистикийн газар (TUIK)-ын мэдээлснээр 7 хувийн өсөлттэй гарсан байна.
Энэ бүхэн арга хэмжээ, туршлага сургамжийг хураангуйлан үзвэл дараах хэдэн дүгнэлтийг хийж болох юм.
Нэг. Туркийн тал дотооддоо халдвар гараагүй ч дэлхийн бусад улс оронд халдвар тархаж эхэлмэгц ШУ-ны үндэслэлтэй шийдвэр гаргах, хямралыг зохицуулах байнгын механизм болох ШУ-ны Зөвлөлийг шуурхай байгуулан идэвхитэй ажиллуулж эхэлжээ.
Хоёр. Хүлээх, тайвшрах биш “удахгүй халдвар нэвтрэн ирж байдал хүндэрнэ” гэдэг төсөөлөл, тооцоо, дүгнэлтэд үндэслэн цаг хугацаатай уралдах зарчмыг халдварын эсрэг бүхий л шатны үйл ажиллагаанд баримтлахыг шаардсан байна.
Гурав. Хөл хорионы дэглэм, хязгаарлалтыг огцом сулруулах, эсвэл гэнэт хязгаарлалт, хорио тогтоох биш харин бэлтгэлийг үе шаттай хангасны дараа хязгаарлалт, хөл хорио тогтоож, үе шаттайгаар өөрчилж байх чиглэл, бодлогыг баримталсан нь иргэдийн сэтгэл зүйд нийцэж, ажил, амьдралаа төлөвлөхөд эерэгээр нөлөөлсөн байна.
Дөрөв. Дотоодын хэрэгцээг тасралтгүй хангах, нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг дотоодын халдвар эхлээгүй байхад урьдчилан авч хэрэгжүүлснээр шаардлагатай нөөц, тэдгээрийн дотор амьсгалын төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, шинэ технологи нэвтрүүлсэн амны хаалтын үйлдвэрүүдийг шинээр байгуулж, амны хаалтын үнийг төрөөс хатуу тогтоожээ. (амны нэг хаалтны үнэ 350 орчим төгрөг) Зарим үйлдвэрүүд өдөрт 1-2 сая амны хаалтыг үйлдвэрлэж байна.
Тав. Нөхцөл байдлын мэдээллийг зөвхөн нэг сувгаар, тогтоосон цагт Эрүүл мэндийн сайд өгч байна. Энэ нь иргэдэд ойлгомжтой энгийн байна. Ард иргэдийг айлгах, буруу ташаа мэдээлэл тарахаас аль болох зайлсхийж байгаа ба буруу ташаа мэдээлэл тархах нь олон хүн амтай улс оронд маш сөргөөр нөлөөлдөг байна.
Зургаа. Хэдий дархлаажуулалтын хангалт удаашралтай, дараагийн тун хийлгэх хугацаа хойшлох зэрэг хүндрэлүүд үүсч байгаа ч олон хүн амтай тус улс дархлаажуулах үйл явцыг хэвийн горимд оруулж, иргэдээ хамруулж, хяналт тавьж чадаж байгаа нь зөвхөн зохион байгуулалт, чанд сахилга бат, мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа, зохицуулалт жигд, мэдээллийг хүртээмжтэй, шуурхай хүргэж байгаатай холбоотой юм.
3. КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ДАРААХ ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ТУХАЙ ТУРК СУДЛААЧ, ЭРДЭМТДИЙН ТААМАГЛАЛ, ДЭВШҮҮЛЖ БУЙ ГАРЦ ШИЙДЭЛ
БНТУ-ын Эрүүл мэндийн яам, Худалдаа, Аж үйлдвэрийн Яам, Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны зөвлөл зэрэг албаны байгууллагуудын мэдээлж буйгаар Ковид 19 цар тахал хэдий хүртэл үргэлжлэх, ямар гарз хохирол учруулахыг бүрэн тооцоолох, таамаглах боломжгүй байна. Гэхдээ Турк улс цар тахал эхлэхээс өмнөх хэдэн жилд эрүүл мэндийн салбарт шинэчлэл эхлүүлж, салбарын ажилтнуудын хангамж, эмнэлэгийн дэд бүтцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтууд хийж байсны ачаар энэхүү цар тахалд Европын бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бэлтгэлтэй байсан гэж Турк судлаачид үзэж байна. Ийнхүү эрүүл мэндийн салбарт өнгөрөгч жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтын дүнд өнөөдөр Турк улс бүх иргэддээ үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой, хүн амд ногдох эрчимт эмчилгээний тасгийн тоогоороо Европын ихэнх улс, АНУ, БНХАУ-аас илүү юм.
Ковид – 19 цар тахалын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд ба эдийн засагт үзүүлэх нөлөө, гарч шийдлийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал, эдийн засгийн судалгаа түлхүү явуулдаг /4/ Истанбулд төвтэй судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаанд Ковид 19 цар тахалын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн төгсгөлд эдийн засгийн хэд хэдэн томоохон салбарт үйл ажиллагаа хумигдаж, худалдаа, арилжааны дэлхий нийтийн сүлжээнд доголдол үүснэ гэж үзсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор дэлхийн олон орон эдийн засгийн бодлогоо өөрчилж эхэлнэ гэж тус судалгааны байгууллага таамаглаж байна. Тус байгууллагаас гаргасан судалгаанд Ковид 19 цар тахалын эдийн засгийн бодлогын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөг судлахдаа цар тахалын нөлөөнд шууд өртөж, үйл ажиллагаа нь хумигдах салбар болон бусад салбар гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан судалжээ. Цар тахалын шууд нөлөөнд өртсөн салбарууд гэдэгт засгийн газраас авч буй захиргааны арга хэмжээний үр дүнд үйл ажиллагаа зогссон, хумигдсан агаарын тээвэр, ачаа тээвэр, аялал жуулчлал, зочид буудал жижиглэн худалдааны салбар зэрэг багтаж байна. Ковид 19 цар тахалын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн дараа эдийн засагт үзүүлэх нөлөөг дараах хоёр бүлэгт хувааж үзжээ:
• Эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарласнаас үүдэн гарах нөлөө
• Хүлээлт ба харилцаанд гарах өөрчлөлтийн нөлөө
Цар тахалын улмаас тус улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, бий болох нөхцөл байдлыг дараах гурван хувилбараар тооцжээ:
• Хувилбар 1. Ковид 19 цар тахалын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төгсгөлд агаарын тээвэр, зочид буудал, хоол үйлчилгээний салбар, аялал жуулчлалын агентлагууд, шоу бизнес, спорт, урлаг, амралт зугаалгын салбарын эрэлт буурч, экспортын хэмжээ 80% хүртэл буурах таамаг. Эдгээр салбарыг дагаад худалдан авалт буурах, бэлэн хувцас, шатахуун, компьютер, цахилгаан бараа, автомашин худалдаа, засвар үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа зэрэг салбараас үйлчилгээ авах иргэдийн эрэлт 30 % бууна гэж таамаглаж болно. Харин эмийн сан, утас харилцаан холбооны үйлчилгээ авах иргэдийн эрэлт болон экспортын хэмжээ 20 хувь нэмэгдэх магадлалтай гэж тооцож болно. Гэхдээ энэ хувилбарт нийгэм, эдийн засгийн бүх салбарт улсын төсвийн хэрэглээ, зарцуулалт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ өөрчлөгдөхгүй гэж тооцож байна.
• Хувилбар 2. Хувилбар 1-т тайлбарласан таамаглал дээр нэмээд хүн амын хүлээлт дэх өөрчлөлтийн дүнд хөрөнгө оруулалтын эрэлт 20 %, бүх салбар дахь хэрэглэгчийн хэрэглээ болон экспортын хэмжээ 5 %-р буурах магадлалтай нөхцөл байдал үүсч болно.
• Хувилбар 3. Хувилбар 1-т тайлбарласан таамаглал дээр нэмээд хүн амын хүлээлт дэх өөрчлөлтийн дүнд хөрөнгө оруулалтын эрэлт 10%, бүх салбар дах хэрэглэгчийн хэрэглээ, экспортын хэмжээ 2.5 % буурах хувилбар юм. Энэ нь хувилбар 1 болон 2 ын дундах хувилбар юм.
Хэрэв хувилбар 1 -т тайлбарласаны дагуу зочид буудал, хоол үйлдвэрлэл, экспортын салбарт 80 орчим хувийн бууралт бий болвол ДНБ-ий хэмжээ 5,89 %, ажил эрхлэлт % 7,81 хувь буурна. Ажил эрхлэлтийн түвшин ҮНБ-ий хэмжээн дэх бууралтаас их байгаа нь зочид буудал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь хөдөлмөр их шаардсан салбар байдагтай холбоотой. Хувилбар 1 нийт 12 сар буюу 1 жил үргэлжилэхэд ДНБ-ы хэмжээ 151 тэрбум доллараар буурна гэсэн тооцоо мөн хийжээ. Өөрөөр хэлбэл, Ковид 19 цар тахалын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дүнд ДНБ 18 % буурах эрсдэл бий болно. Харин хувилбар 2 – т тайлбарласан нөхцөл байдал үүсвэл ДНБ 29 %-иар, хувилбар 3-т тайлбарласан нөхцөл байдал үүсвэл ДНБ 24 %-иар буурах таамаг дэвшүүлжээ. /5/
Туркийн их дээд сургууль, судалгааны хүрээлэнд ажилладаг эдийн засагчдын үзэж байгаагаар дэлхийн эдийн засаг ирэх гурван жилийн турш зогсонги байдалд орж, улс орнуудын эдийн засаг хумигдаж эхлэнэ гэж тооцож байна. Дэлхий нийтээрээ хэвийн нөхцөлд шилжиж эдийн засгийн хямралаас гарах үйл явц, өмнө тохиож байсан дэлхийн эдийн засгийн хямралуудаас эрс өөр, таамаглахын аргагүй байна гэж тэд үзэж байна. Эдийн засагт огцом уналт бий болох нь тодорхой бөгөөд түүний дараа маш удаан боловч бага өсөлт гарч, улмар 2024-2025 оноос дэлхийн эдийн засаг уналтаас бага багаар сэргэнэ гэж үзжээ.
Дэлхийн бүх улс орон дахь чөлөөт эдийн засаг, бараа болон иргэдийн чөлөөт урсгал, өөр улс оронд хийх үйлдвэрлэл, гадаад ажиллах хүч авах зэрэг глобалчлалын эрин үед хурдацтай хөгжсөн салбар, үйл ажиллагаа цаашид бидний хүлээлтийг гүйцэлдүүлж чадах нь тодорхой бус, өөр гарц хайх шаардлагатай тулгарсан тийм цаг үе ирж байна гэж Турк судлаачдын зарим нь үзэж байна. Өөрөөр хэлбэл ирэх 10 жилд хүн төрөлхтөний амьдрал дижиталчлагдах үйл явц хүчтэй өрнөж, нийгэм эдийн засгийн бүх салбарт хүчтэй тархана гэж зөвхөн турк судлаачид төдийгүй Европын орнуудад, олон улсын форум, хэлэлцүүлгийн үеэр судлаачид үзэл бодлоо илэрхийлэх болжээ. /6/
Анкара дахь Ойрхи дорнодын Техникийн их сургуулийн эдийн засгийн тэнхмийн багш нарын таамагласнаар энэхүү бодит салбарт үзүүлэх сөрөг нөлөө АНУ, ОХУ зэрэг их гүрнүүдэд илүү хүнд тусч, тэдний бусад бүс нутгуудад тухайлбал Ойрхи Дорнод, төв Азийн бүс нутаг дахь хүчийг сулруулж, Турк улсад нааштай байдлаар ч эргүүлж болно гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ, Сири болон Ирак дахь сөргөлдөөний талбаруудыг Турк улсад даатган үлдээж болзошгүй гэж үзсэн байна. Цар тахалын дараа дэлхийн нийтийн шинэ дэг журам бий болох цаг үед төв Азийн бүгд найрамдах улсууд АНУ, ОХУ-ын зүгээс ирэх ямар нэг дарамт, алсаас удирдан чиглүүлэх оролдлогод үл автан, өөр хоорондоо харилцаагаа бэхжүүлж, илүү хүчирхэгжих боломж гарна гэсэн дүгнэлтийг мөн хийсэн нь сонирхол татаж байгаа юм.
Турк улсын хувьд ч ШУ-д суурилсан эрдэм мэдлэг, боловсрол, үйлдвэрлэлийг гол зорилгоо болгосон тогтолцоогоор цааш явах ёстой, тулсан хэрэгцээ биш болох дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, 7 сая хол давсан Сирийн дүрвэгсдэд анхаарал хандуулах, Афганистан, Пакистаны асуудалд анхаарч суух цаг биш гэж үзэж байна.. Тиймээс ирэх 10 жилд БНТУ-ын хувьд чухал он жилүүд байх бөгөөд БНТУ улс болон төв Азийн бүгд найрамдах улсууд өөр өөрийгөө авч явах найдвартай дэд бүтэц, бодлогын шийдлийг боловсруулж, төлөвлөгөөтэй ажиллах ёстой.
Тэр дундаа батлан хамгаалах, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбараа тусгайлан анхаарч, хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь ирэх жилүүдэд харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, биологи, цахилгаан магнетик технологийн салбарын хөгжил дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно гэжээ. Хүнсний аюулгүй байдал, хангалттай нөөц бий болгох асуудал улс орон бүрийн өмнө тулгарах хамгийн чухал асуудал болно. Тиймээс хөдөө аж ахуй, мал ахуйн салбарын бодлогоо энэ үйл явцтай уялдуулж зайлшгүй шинэчлэх шаардлагатай.
Профессор Гокхан Хотамишлигил, "Дэлхийн улс орон бүр хүн ардын эрүүл мэнд гэдэг хичнээн чухал болохыг нэгэнт ойлгож, эрүүл мэндийн салбараа хоёрдугаарт тавьж болохгүй гэдэгтэй санал нэгдлээ. Тиймээс дэлхий нийт зэвсэг, батлан хамгаалахын салбарт оруулдаг хөрөнгө оруулалтаа татаж, вирусын эсрэг вакцин, эмчилгээний тоног төхөрөмж, эм бэлдмэл гарган авахад зарцуулах цаг ирсэн гэж бодож байна. Учир нь аюулт вирус ямар ч зэвсэг, дайн байлдааны техник хэрэгслээс илүү хор хөнөөлтэй, сөрөг үр дагавартай болохыг бүх дэлхий харлаа, ойлголоо хэмээн тэмдэглэсэн байна.
Профессор Гокхан, цаашид улс орнууд тэр дундаа Турк улс дараах шат дараалсан арга хэмжээг авах нь зүйтэй гэж зөвлөжээ. Үүнд.
1. Эрүүл мэндийн тогтолцоогоо хүчирхэгжүүлэх
2. Нас баралтын хяналтыг сайжруулах
3. Эрүүл мэндийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалах
4. ШУ-ны салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэх,
5. Халдварт өвчин судлалын төвүүдийг шаардлагатай хэмжээнд байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг хангалттай хэмжээнд бэлтгэх
Гэхдээ улс орон бүр нөхцөл байдал хэвийн болтол буюу ойрын 1 - 2 жилийн хугацаанд тодорхой хязгаарлалт, тусгарлалтыг хийх шаардлага гарна гэж судлаачид үзэж байна. /7/
4. МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЖ БОЛОХ НӨЛӨӨЛЛИЙН ТУХАЙД
2021 оны 8-р сарын эхний байдлаар тус улсад Ковид 19 вирусын батлагдсан 6 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн ч нийт хүн амын 85 хувь нь дархлаажуулалтанд хамрагдсан, хүн ам ихтэй Истанбул хотын нийт хүн амын 71 хувь нь дархлаажуулалтанд хамрагдсан байна. /8/ Тус хотод Монголчууд маань хамгийн их ажиллаж амьдардаг бөгөөд Монголчууд хамтран ажиллаж, шаардлагатай тусламж, дэмжлэг өгөх ажлуудыг санаачлаж байна. Тухайлбал Турк дэх Монгол ахан дүүсийн холбоо, өндөр наснтнууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, орлогын хэмжээ буурсан, ажиллах визний хугацаа дууссан зэрэг шалтгаантай 300 орчим өрх, хувь хүмүүст хүнсний болон ариутгагч материалын дэмжлэг үзүүлэх аян өрнүүлжээ. 2020 оны 2 болон 3-р улиралд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байсан тул тус улсад оршин суудаг 500 гаран Монгол иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байжээ. 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “Туркэд байгаа өөрсдийн иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж авах тал дээр шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлсэн, үзүүлсээр байна. Цар тахлын халдвар эрчтэй байгаа энэ хүнд үед Туркэд виз, оршин суух эрхийн хугацаа хэтэрсэн гадаад иргэдийг мөнгөн торгуулиаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.” хэмээн мэдэгдэж байв.
Ашигласан эх сурвалж: