БНАСАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Элчин сайд У Сын Хо, элчин зөвлөх Хан Чоль Мин, 3 дугаар нарийн бичгийн дарга Ри Күн Сон нарын дипломат албаны төлөөлөгчид 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочилж, албан ёсны нөхөрсөг уулзалт зохион байгуулав.
Эрхэмсэг ноён, элчин сайд У Сын Хо өнөөдөр “Ковид-19” вирусын улмаас олон улсад үүсээд байгаа нөхцөл байдал тэр дундаа Солонгосын хойгийн нөхцөл байдал, БНАСАУ-ын талаарх мэдээллийг танилцуулснаас гадна хоёр талын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай БНАСАУ-ын ижил төрлийн эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачидтай хамтран хоёр орны харилцааны түүх, бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн өргөн хүрээтэй асуудлаар суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дуулган холбоо тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.
Уулзалтад хүрээлэнгийн Солонгос судлалын секторын эрхлэгч, доктор И.Энхболд, хүрээлэнгийн зөвлөх бөгөөд “Монгол-Зүүн хойд Азийн харилцааг дэмжих нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, докторант Н.Бямбадорж нар байлцав.
Мэдээ бэлтгэсэн: Э.Отгонтамир