Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хамтын ажиллагааны гэрээгээ сунгав
Alternate Text

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, доктор Б.Баярмэнд нар 2023 оны 4 дүгээр сарын 7-нд тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн сунгаж, гарын үсэг зурав.

    Гэрээг сунгах ёслолын арга хэмжээний эхэнд хүрээлэнгийн захирал Д.Золбоо тус хоёр байгууллага олон жилийн эрдэм судлалын хамтын ажиллагааны уламжлалтайг онцолж, цар тахлын жилүүдэд хугацаа дуусаад байсан хамтын ажиллагааны гэрээг сунгахаар цаг зав гарган зочлон ирсэн Өвөр Монголын их сургуулийн Монгол Улс судлах хүрээлэнгийн захирал Б.Баярмэндэд талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн болон хүрээлэнгийн бүтцэд хийгдсэн зарим өөрчлөлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнтэй хамтран ажиллахад ямагт таатай байдгийг тэмдэглэв.

    Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал Б.Баярмэнд БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаа өрнүүлэхийг машид эрхэмлэдэг ба энэ чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг чухалчлан үздэг. Монгол Улс бол чухал хөрш, чухал хамтран ажиллагч. Тиймээс Монгол Улс судлалын ба Монгол, Хятадын харилцааны асуудлаарх судалгаа эрдэм шинжилгээний талбар дахь хамтын ажиллагааг ямагт дэмжсээр ирснийг тэмдэглэв. Мөн цар тахлын дараах бидний хамтын ажиллагаанд олон сайхан боломж гарч ирэх нөхцөл бүрдэж байгааг онцлон хамтын ажиллагааны гэрээг сунгах саналыг найрсгаар хүлээн авсан Д.Золбоо захиралд талархал илэрхийлэв.   

    Гэрээг сунгах ёслолын арга хэмжээний дараа ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал Б.Баярмэндэд хүрээлэнгийнхээ сүүлийн үеийн бүтээлийн дээжээс гардуулсан юм.

    Уг ёслолд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж болон Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн албан гэрийн эрхлэгч, доктор Яруу болон бусад дагалдах хүмүүс байлцав.

Мэдээ бэлтгэсэн:    Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж





Бусад мэдээлэл